Д.Долгорсүрэн: Цагдаагийн алба хаагчид сурч, боловсорч, хөгжих нь нийгэмдээ оруулж буй бодит хувь нэмэр юм

2018-10-30 10:26      ГэрэгМН

Цагдаагийн Ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэнтэй ярилцлаа.

Д.ДОЛГОРСҮРЭН: Цагдаагийн алба хаагчид сурч, боловсорч, хөгжих нь  нийгэмдээ оруулж буй бодит хувь нэмэр юм Arslan.mn

-Цагдаагийн байгууллага аливаа гэмт хэргийг мөрдөн шалгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд идэвхтэй мэдээлэл өгсөөр ирсэн. Харин Соён гэгээрүүлэх хэлтсийг нээж, үйл ажиллагааг нь улам өргөжүүлснээр ямар давуу талууд бий болж байгаа вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилттойгоо уялдуулан ЦЕГ-ын даргын шийдвэрээр Хүний нөөц, сургалтын хэлтсийн бүтцэд байсан Соён гэгээрүүлэх, албаны сургалтын тасгийг “Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс” болгон өргөжүүлсэн. Энэхүү шийдвэр нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын нийт алба хаагчид руу чиглэсэн, тэднийг мэргэжлийн болоод хувь хүн талаас нь хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд томоохон түлхэц болсон гэж үзэж байна.

Цагдаагийн байгууллагын хувьд нийгмийн онцгой салбар учраас хүний нөөцөө хөгжүүлэх тал дээр анхаарах, тэдний ур чадвар, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих бололцоог бий болгох, эрх зүйн зохицуулалтын улмаас тулгамдсан асуудлууд дээр судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг олон ажлуудыг тус хэлтсээс хийж, зохион байгуулах үүрэгтэйгээр ажилладаг.

-Соён гэгээрүүлэх чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Соён гэгээрүүлэх чиглэлд бид нийт алба хаагчдынхаа харилцааны болон хувийн, албаны соёлыг дээшлүүлэх, хөгжүүлэх, хамт олны бүтээлч санаачлагыг өрнүүлэх, нийтэч уур амьсгалыг бүрдүүлэх, ажлаа хийгээд аз жаргалыг мэдрэх, урам зориг авах, итгэл үнэмшилтэй ажиллах зэрэг олон талын үзүүлэлтийг анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аян, “Цагдаа, дотоод цэргийн анги, байгууллагын соёлыг төлөвшүүлэх” хөтөлбөр, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр зохион байгуулаад явж байна.

Энэ жилээс эхлэн нутаг дэвсгэрийн байгууллагуудын алба хаагчид, тэдний гэр бүлд чиглэсэн “Үргэлж тантай хамт” нэртэй соён гэгээрүүлэх ажлыг явууллаа. Зохион байгуулж буй ажлын явц, үр дүнг оны төгсгөлд тооцож шилдэг хамт олон, алба, хэлтсүүдээ шалгаруулна.

Цагдаагийн алба хаагчид маань хэдий сайн сурч, боловсорч, хөгжих нь өөртөө төдийгүй байгууллагадаа, цаашилбал нийгмийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэж ойлгож болох юм.

Тиймээс энэ тал дээр нь дэмжих, нөөц, боломжуудыг нь гаргаж өгөх, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтуудыг хийж өгөх нь бидний үүрэг юм. Алба хаагчид маань албаараа бахархаж, албаараа гоёдог, албандаа хүндэтгэлтэй ханддаг төдийгүй итгэл үнэмшилтэй, үнэнч шудрага, ёс зүйтэй, хариуцлагатай байх нь тэдний үүрэг, иргэдийн хүлээлт гэдгийг маш сайн ойлгож, ухамсарлаж, хэрэгжүүлж ажиллах ёстой. Бидний хүсэл, зорилго ч тийм байлгахад чиглэгдэнэ.

Д.ДОЛГОРСҮРЭН: Цагдаагийн алба хаагчид сурч, боловсорч, хөгжих нь  нийгэмдээ оруулж буй бодит хувь нэмэр юм Arslan.mn

-Хөдөө, орон нутгийн хувьд хэр идэвхтэй оролцдог вэ? Санал хүсэлтээ яаж явуулдаг вэ?

-Хөдөө, орон нутгийн алба хаагчид, нутгийн удирдлагуудын хувьд идэвх, оролцоо сайн байдаг. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан аян, хөтөлбөрийн ажлын явцаас харахад маш идэвхи санаачлагатай оролцож байгаа нь ажиглагдсан. Ялангуяа тухайн аймгийн удирдлагууд, ЗДТГ, ИТХ-аас цагдаагийн байгууллага, алба хаагчдыг маань их дэмжиж ажилладаг нь сайшаалтай санагдсан. Бидний хариуцсан ажлын чиглэлийн аливаа санал хүсэлтүүд манай хэлтэс рүү шууд ирдэг. Бид ирүүлсэн санал, хүсэлтүүдийг хүлээн авч, судлаад арга зүйн зөвлөгөө, зааварчлага өгч, дэмжлэг үзүүлдэг. Ер нь бид алба хаагчдынхаа санал, хүсэлт, санаачлагыг маш сайн сонсч, дэмжиж, тэдэн рүү чиглэсэн бүтээлч, үр дүнтэй ажлууд хийхийг чухалчилж үздэг.

-Цагдаагийн байгууллага гадаад харилцаа, хамтын ажиллагаа дээрээ түлхүү анхаарч өмнөх жилүүдээсээ илүү олон алба хаагчийг гадагшаа сургалтанд хамруулж байгаа гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний хариуцсан нэгж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг соён гэгээрүүлэх төдийгүй сургалтын чиглэл, төлөвлөлт, зохицуулалтыг бүрэн хариуцаж ажилладаг. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт 10 гаруй мянган алба хаагчдынхаа мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх талын олон асуудал дээр анхаарлаа хандуулж  ажилладаг гэсэн үг.

Цагдаагийн байгууллага гадаад харилцаагаа улам тэлж, өргөжүүлэхээр зорьж байгаа. Гадаад  хамтын ажиллагааныхаа хүрээнд алба хаагчдаа хэлний болоод мэргэжлийнх нь чиглэлээр сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх боломжууд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй нээгдсэн. Жишээ нь энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад улс орнуудад зохион байгуулагдсан богино хугацааны мэргэшүүлэх сургалтад 44, ОХУ, БНТУ, БНХАУ, АНУ, Австрали, Тайвань зэрэг улсын дотоодын хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулиудад бакалавр, магитрантур, адьюнктур, удирдахуйн ухааны сургалтад 35 алба хаагчийг хамруулаад байна.

Хамгийн сүүлд гэхэд л БНТУ-ын Анкара хотод 5 ахлагч цолтой алба хаагч 2 жилийн хугацаатай магистрантурт суралцахаар шалгалтандаа тэнцээд явсан. Шалгаруулалтанд нь 5-аас доошгүй жил ажилласан, 30 хүртэлх насны, хэлний мэдлэгтэй байх зэрэг шаардлагууд тавигдахаас гадна мэргэжлийн суурь мэдлэгээрээ тусгай шалгалтуудыг өгсөн. Сургалтад хамрагдсан алба хаагчид маань тухайн улсаасаа тэтгэлэг авахаас гадна ажлын байр нь баталгаатай байдгаараа онцлогтой.

Ер нь цагдаагийн байгууллагаас боломжуудыг нээлттэй болгож өгснөөр нийт алба хаагчдын хувьд ч сурах, дэвших, ур чадвараа дээшлүүлэх, ажилдаа амжилт гаргах эрмэлзэл бий болж, өөрсдийгөө хөгжүүлэх, суралцах хандлагууд нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.

-Хичнээн алба хаагчдыг дотооддоо мэргэшүүлэх сургалтанд хамруулаад байна вэ?

-Мэргэшүүлэх болон давтан сургалтад энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар 64 удаагийн сургалтад 5812, Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр 32 удаагийн сургалтанд 2940, Мөрдөн байцаах албаны чиглэлээр 28 удаагийн сургалтад 1577, хэрэг бүртгэх албаны чиглэлээр 48 удаагийн сургалтад 1056, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 35 удаагийн сургалтанд 1440 алба хаагчийг тус тус хамруулсан байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад сургалтад нийт давхардсан тоогоор 12,825 алба хаагч хамрагдсан байна.

Мөн он гарсаар ХСИС-ийн бакалаврын сургалтад 524, магистрантурт 419, докторантурт 29, адьюнктурт 5, Удирдлагын сургуульд 16 алба хаагчийг тус тус хамруулан суралцуулж байна. Суралцагчдын танилцах, үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулж, чанар, үр дүнд нь анхаарч, хяналт тавьж ажиллаж байна.

-Бусад хийгдэж буй онцлох ажлуудаасаа дурьдвал?

-Цагдаагийн байгууллагын удирдлагын гаргасан шийдвэрийн дагуу бид гавьяаныхаа амралтанд гарсан ахмадуудтайгаа нилээдгүй хамтран ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд ахмадуудынхаа туршлага, мэдлэг, зөвлөгөө зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Ялангуяа алба хаагчдын сахилга, ёс зүйг төлөвшүүлэх, сурган дадлагажуулах, соён гэгээрүүлэх чиглэлд ажлын төлөвлөгөө, хуваарь гарган ажиллаж байна.

Мөн энэ онд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрыг түшиглэн “Хангайн бүсийн сургалтын төв”-ийг байгуулсан төдийгүй зүүн, баруун бүсийн сургалтын төвийг байгуулахаар судалгаа хийгдэж байна. Сургалтын мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан, цахим сургалтын програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг онцолмоор шинэлэг ажлууд нилээдгүй хийгдэж байна.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх