Яагаад УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай биш, УИХ-тай нь хариуцлага тооцох санаа Ерөнхийлөгчийн толгойд ордог байна аа?

2018-10-30 09:37      ГэрэгМН

 

“Хэрвээ УИХ тарахгүй бол би өлсгөлөн зарлаж Монгол Улсыг дэлхийд ичгүүрт байдалд оруулья” гэх утга агуулгатай үгийг өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн  хувийн С1 телевизээрээ ярьж байх үед сэтгүүлч Б.Батзаяа “Мэдээлэлд ойр бол ашиг шим хүртдэг гэх бичигдээгүй хар хуулийг бодож санах юмгүйгээр, яг байх ёстой зүйл мэт ярих нь юутай эгдүүцмээр” хэмээн твийтэртээ жиргэсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараая гэх ээлжит довтолгоогоо энэ удаа гаргаж тавьж буйн нэг сэжүүр нь гишүүд болон сайдуудын компаниуд Жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний үнийн дүнтэй зээл авсан явдал. “Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна” хэмээн УИХ-ыг тараах тухай  Ерөнхийлөгчийн албан бичигт дурджээ. Үнэхээр  нийтээрээ эгдүүцэж байна.

Эгдүүцэлд УИХ-ын гишүүд,сайдуудын хариу барих арга барил ч өөр өөр аж. Зарим нь “Би хамаагүй,гэхдээ маргааш төлчихнө” хэмээн “баярхаж” байхад зарим нь “Бүгдээрээ л авч байгаа шүү дээ” хэмээн нийтийн нэг хэсэг болохоо илэрхийлэх. Харин зарим нь “Илүү мэдээлэлтэй нь л энэ зээлийг авна шүү дээ” гэж өөрт хамаагүй гэсэн атлаа өөртөө хамаатуулан өөрийгөө барьж өгөх жишээний. Ингэж бусдаас илүү мэдээлэлтэйгээ баталсан УИХ-ын гишүүн Н.Оюундарийн үгэнд дээрх сэтгүүлч эгдүүцжээ.

Хэн  ч бай бүрэн эрхийн хүрээнд олж авсан мэдээллээ амин хувийн  ашиг сонирхолд ашиглах нь ардчилсан улс орнуудын төрийн албаныхны хувьд хуулиар ч, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд ч харш зүйл байдаг. Монголын хувьд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудад цагаан дээр хараар бичээстэй бий.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймгаас сонгогдсон.Харин эрхэм гишүүн өөрөө хүүгийнхээ гэж мэлзсэн ч угтаа бол өөрөө 80 хувийг эзэмшдэг  "Рэд стар клуб" ХХК  нь Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэхээр Жижиг,дунд үйлдвэрийг дэмжих сангаас  зээл авчээ.

Сэлэнгэчүүд  уг нь Н.Оюундарийг өөрсдийнхөө төлөө ажиллана гэж итгэж найдан сонгосон байж таарна.Магадгүй нөлөө ба мэдээллээ ашиглаад өөрсдийг нь жижиг, дунд үйлдвэрлэгчид болгочихно гэж итгэсэн байж болох юм.

Гэтэл  Н.Оюундарь өөрөө  давуу байдлаа ашиглан  жирийн иргэдэд олддоггүй Жижиг, дундын сангаас зээл авч, хувийн аж ахуйгаа өөд татахаар гишүүн болсон байжээ. Түүний Zarig.mn сайтад өгсөн ярилцлага ба   IKON.MN сайтад гарсан хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал ийм л логик бууж байгаа ба энэ зорилгоо ч биелүүлжээ.

 Эл нийтлэлд дээр нэр дурдагдсан гурван хүний хоёр нь нөлөө бүхий  эрх мэдэлтэн. УИХ-ын гишүүн нийтийн төлөө зүтгэх үүргээ умартан,хууль, ёс зүйгээ уландаа гишгэн хувийн компанидаа төрөөс  зээл авсан нь Үндсэн хуулиар заагдсан төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын нэр хүндийг гутаасан явдал болов.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүн бол нийт ард түмний элч учир нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн эрх барих дээд байгууллага-парламентын нэр хүндийг өндөрт өргөж явах учиртай. Гэвч харамсалтай нь өөрсдийн компаниудад Жижиг,дундаас зээл авснаараа иргэн, улсын ашиг сонирхлыг эсрэг хэрэг өдүүлжээ.

Ингэж  УИХ-ын нэр хүндийг УИХ-ын гишүүд нь гутаасан учир Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргасан хэрэг. Яагаад ингэхэд УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай биш, УИХ-тай нь хариуцлага тооцох санаа Ерөнхийлөгчийн толгойд ордог байна аа?

Үүнийг эрх мэдлийн булаацалдаан гэж энгийн, товчоор илэрхийлж болох биз ээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн сургаар нэг мөсөн засаглалын өөрчлөлт хийх санаа,  сэдлийг Ерөнхийлөгч Х.Баттулга нэг бус удаа гаргасны нэг нь л энэ удаагийн УИХ-ыг тараах бичиг.

“Тээр хараач,УИХ-ын гишүүд Жижиг,дунд үйлдвэрийн зээлийг өөрсдөө аваад байгаа биз дээ,ерөөсөө УИХ  болохгүй байна” гэх нь парламентын засаглал хэрэггүй юм байна,Ерөнхийлөгчийн засаглалтай больё л гэсэн санаа.  Монгол Үндсэн хуультай улс. Үндсэн  хуульдаа ардчилсан улс байна гэж зааж өгөөд,тэр ардчиллын  баталгаа нь парламентын засаглал байхаар хөдөлбөргүй суулгаж өгчээ.

Алдаа оноотой ч олуулаа хэлэлцэн байж асуудал шийддэгийн ачаар өнөөдөр монголчууд ядуу ч гэсэн үг хэлэх эрх чөлөөтэйгээ байгаа билээ. Тиймээс ядаж  Ерөнхийлөгч нь төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ-ын хууль ёсны нэр хүндэд халддаггүй байхуйц  дархлааг УИХ-ын гишүүд нь бий болгох ёстой.

“Илүү мэдээлэлтэй учраас илүү эрхээ эдэлж байна” гэх элий юм яриад байвал чамайг сонгосон,сонгоогүй захын хэнбугай ч “УИХ тар” гэж хэлж чадах хэмжээнд тархи угаалт та бүхний хууль зөрчилт, ёс зүйн уналттай хамт явагдаж байгааг харж буй биз ээ.    Мэдээж Жижиг, дундын зээлдээ “жижигхэн” баярхаж явахдаа өөрийнхөө сэргэлэн,ухаантайг шагшиж суугаа нь лав. Учир нь хууль,ёс зүйг зөрчин байж зээл авснаараа өнөөдөр Та буруудахгүй.Хуулиа сахиулж чадахаа больсон сулхан төр,эрхэм гишүүний халдашгүй байдал гэх амиа хоохойлох боломж Таныг хамгаална.

Гэхдээ Монголын ардчилал, монгол хүний эрх чөлөө аюулд  орох зам жим  эрхэм гишүүдийн маань аж ахуйгаа өөд татах адын хүсэл дунд  засагдаж байгааг анзаарч тунгааж нэг харна уу. 

Т.Үлэмж(gereg.mn

 

 

 

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Дорж

Эмэгтэй гишүүд нь хүртэл ийм муухай шуналын тулам байхаар одоо юу ч хэлхэв дээ.

2018-10-30 14:06    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх