Бэлчээрийн үндэсний II чуулганаар бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн түвшний талаар хэлэлцэнэ

2018-10-29 10:14      gereg

Улсын хэмжээнд 2016 оны байдлаар доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 8 хувиар буурсан хэдий ч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгдсэн хэвээр байгаа нь аюулын харангын дохиог дэлдсээр байна.

Энэ талаар Ус, цаг уурын улсын сүлжээний баг 2014 оноос эхлэн судалгаа хийж буй бөгөөд аравдугаар сарын 31-нээс 11- сарын 1-нд болох Монгол орны бэлчээрийн үндэсний II форум чуулганы үеэр өнгөрсөн 3 жилийн хугацаанд бэлчээрийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар танилцуулах юм. Хэдийгээр хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээр нутгийн хэмжээ нэмэгдсэн хэвээр байгаа боловч доройтсон бэлчээрийн нийт талбайн хэмжээ харьцангуй тогтмол байж, бага зэрэг хэмжээгээр буурсан нь нэг талаас манай орны бэлчээрийн нөхөн сэргэх чадавхи өндөр байгаатай холбоотой, нөгөө талаар малчид сүүлийн жилүүдэд бэлчээр нутгаа нутаг усаараа нэгдэн зүй зохистой ашиглахын төлөө хичээн зүтгэж буйн үр дүн юм гэж Бэлчээрийн төлөв байдлын суурь судалгааны тайланд дурдсан байна.

Төлөв байдлын хувьд нийт бэлчээрийн 51 хувь харьцангуй тогтвортой хадгалагдаж, 15 хувь нь сэргэж сайжирсан мэдээтэй байна. Бэлчээрийн доройтлын эрэглэлийн нарийвчилсан дүнгээс үзэхэд 2016 ны байдлаар нийт бэлчээрийн 57 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж доройтсоноос 13.5 хувь нь бага зэрэг, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд ороод байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар эрүүл соргог бэлчээр нутгийн эзлэх хувь хэмжээ 10 хувиар буурч, хүчтэй доройтож цөлжих эрсдэлтэй байгаа бэлчээрийн хувийн жин 5 хувиар нэмэгдэж, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгууд нэлэнхийдээ, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр бэлчээрийн доройтлын зэрэглэл нэмэгдсэн байна. Бэлчээрийн хүчтэй доройтлын зэрэглэлд хамаарах бэлчээрийн ихэнх хувь нь Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт ногдож байна.

Нөгөөдөр эхлэх Монгол орны бэлчээрийн үндэсний II форум чуулганаар манай орны бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн түвшин ба бэлчээрийн төлөв байдлын шинэчилсэн тайланг танилцуулж, бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан, хариуцлагатай менежментийг төлөвшүүлэх ажлын явц, үр дүн, сургамж, “Хариуцлагатай малчин”, “Бэлчээр нутаг, байгаль орчин, мал сүрэгт ээлтэй нүүдлийн МАА-н үйлдвэрлэлийн стандарт ба олон улсын зах зээлийн хэрэгцээ, шаардлага”-гын талаар хэлэлцэх юм.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх