Нийслэл Улаанбаатар хотын 379 жилийн ой тохиож байна

2018-10-29 09:33      ГэрэгМН

Өнөөдөр Улаанбаатар хотын 379 жилийн түүхт ой тохиож байна. Улаанбаатар хот Монгол улсын нийслэл өмнө нь Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ гэдэг нэртэй байлаа. 

Монголын шарын шашны тэргүүнээр Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг 1639 онд /Ширээт цагаан нуурын эрэгт дээр/ залж орд Өргөө байгуулснаас манай өнөөгийн нийслэлийн түүх эхэлдэг.

Нийслэл хотын оршин байгаа газар бол эртнээс хүн суурьшсан, эртний монголчуудын төвлөрөн сууж байсан газар нутаг юм. Хотын нутаг дэвсгэрээс хадны зургаас эхлээд чулуун зэвсэг, булш бунхан олноор илэрдэг. Туулын шугуйд Хэрэйдийн Ван ханы орд өргөөний туурь бий. 

Эхэн үедээ хутагтын Өргөө байн байн нүүдэг байсан бөгөөд одоогийн байршил газар болох Хүн чулууны хотгорт ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэсэн бөгөөд 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдсэн.

1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдсаны дараа Их хүрээг Нийслэл хүрээ нэртэй болгосон. Харин Ардын засгийн үед 1924 онд БНМАУ-ын Анхдугаар Их хурлаас "Үндсэн хууль" баталж, нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэсэн юм.

1992 онд БНМАУ Монгол улс гэж нэрээ өөрчлөн шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй.

Улаанбаатар хот нь газарзүйн байршлын хувьд Хан Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнөд шувтарга үзүүр хэсэгт Богд хан уулын хойд дэнжид Туул голын ай сав голуудын өргөн хөндийд, Баянзүрх, Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хэмээх эртнээс тахилгат дөрвөн уулын дунд байрладаг. хот. 

Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт нийтдээ 4.704.4 га талбай бүхий нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна.

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг.

Улаанбаатар хотыг 1924 оноос хойш 32 дахь дарга удирдаж буй юм. Нийслэл Улаанбаатар хот суурьшсанаасаа хойш буюу 19 дүгээр зуун үеэс эхлэн ялангуяа 1911, 1921 оноос хойш Монгол улсын нийгэм, эдийн засаг, соёлын төв болсоор ирсэн.

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх