О.Насанбурмаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2018-10-25 09:26      ГэрэгМН

2018 оны бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд “Токио-2008”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл, “Универсиад” наадмын мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой алт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Польшийн нээлттэй тэмцээн, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн, Сассаригийн ОУТ-ий аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурав, Монгол Улсын долоон удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтэсийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. 

Арав дахь ДАШТ-дээ зодоглосон тэрбээр Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Николета Шмолкаг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд 23 хүртэлх насны Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-гаар, хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “China Open” ОУТ-д аваргалсан БНХАУ-ын Ван Жюанийг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдав.

О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн ДАШТ-д дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсоноос гадна 63, 67, 72 гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх