Д.Батдэлгэр:Дээр үед Бадархундага нууранд зөвхөн хошуу ноён л цул мөнгөн ембүү өргөдөг байсан

2018-10-17 21:00      ГэрэгМН

Өнгөрсөн есдүгээр  сарын 9-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр уулын энгэрт орших Бадархундага нуурнаас үнэт эдлэл хулгайлж, уг явдлыг эсэргүүцсэн хүнийг буудаж шархдуулсан хэрэг гарсан.

Тэгвэл уг явдлын үеэр хулгайлсан гэх мөнгөн аягануудын зургийг сошиалд цацжээ. Нүүр номынхон уг зурагт “Ингэж байгаль дэлхийгээ бохирдуулж хэрэггүй”, “Одоо тэгээд хэнээс хэн хулгайлсан гэх вэ,үүний эзэн нь лус савдаг уу”, “Хүмүүсийн мухар сүсэг хязгааргүй юмаа” гэхчилэн байр сууриа илэрхийлж байна.

Энэ талаар www.gereg.mn Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэртэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Дээр үед хошуу ноён нутгийн ард иргэдээ даатгаж,цул мөнгөн ембүү өргөдөг байсан гэдэг.Одоо ч хүн бүхэн ноён болсон болохоор бүгд л юм өргөх гэдэг болж” гэв.

Д.Батдэлгэр даргын ярьснаар, нутгийнхан тэр бүр өргөл өргөдөггүй,рашаанаас аван уух, хүртэх нь элбэг гэнэ. Харин Отгонтэнгэр хайрхан,бадар хундага нуурыг зорин ирэгсэд алт,мөнгөн эдлэл,аяга зэргийг өргөх нь жилээс жилд нэмэгдэж байгаа аж.

“Дээр үед хошуу ноён цул мөнгөн ембүү өргөдөг байсан. Одоогийн хүмүүсийн өргөж байгаа зүйл тэр бүр цул мөнгө биш шүү дээ. Зарим нь хадганд боогоод өргөдөг. Үнэхээр л өргөл өргөх гэж байгаа бол цул мөнгө өргөх хэрэгтэй  гэж бид хүмүүүст хэлдэг” гэж Хамгаалалтын захиргааны дарга ярив. Энэ бүхнээс болоод нуурын ёроол өргөл барьцны эд зүйлсээр дүүрч, бохирдож байгаа гэнэ.

“Тиймээс ер нь Бадархундага нууранд юм өргөхгүй байхыг уриалья” гэлээ.

Сошиалаар тархаж буй зурагны талаар тодруулахад “Өнгөрсөн есдүгээр сард болсон хэрэг явдлын үеэр тэр хэргийг илрүүлсэн хүмүүс бичлэг хийсэн гэсэн. Тэр бичлэгээ цацаж байгаа байх. 200 гаруй мөнгөн аяга авсан байсныг цагдаа нар хураагаад явсан гэсэн” гэв.

Тэр хэрэг явдлын үеэр хүн буудсан хэрэгт Завхан аймгийн Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин Бадархундага нуурнаас эд зүйл хулгайлсан гэх хэрэгт нэхэмжлэгч байхгүй бололтой.Учир нь нууранд өргөсөн эд зүйлс нь түүхийн дурсгал биш, хувь хүний өмч биш, байгалийн баялаг ч биш. Харин буу зэвсэгтэй явснаараа тусгай хамгаалалтай газрын горим дэглэм зөрчсөн гэж үзэх үндэстэй аж.

Нөгөө талаар “Нуурнаас эд зүйл авах, авахгүй тухай ямар нэг журам байхгүй. Нутгийн зарим иргэд ч мөс хөлдсөний дараа захаар нь байгаа эд зүйлсийг авч л байдаг байх” хэмээн Д.Батдэлгэр дарга ярилаа.

Бадархундага нуураас 200 гаруй мөнгөн аяга зэргийг авсан залуу өмнө нь онцгой байдлын албанд ажиллаж байсан нэгэн бөгөөд түүнд  онцгой байдлын албаны хувцас хэрэглэл байсан учраас шумбаж орж авсан хэмээн мэдүүлжээ. Тэрбээр уг явдлыг мэдсэн хүмүүсийн нэгнийг буудаж шархдуулжээ. Түүнтэй хамт хоёр казах залуу байжээ.

Тэднийг асганд юм нууж байхыг харж, илрүүлсэн хүмүүс нь Завхан аймгийн харьяат залуучууд байжээ.

Т.Отгон (WWW.GEREG.MN)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх