Гацууртын ордыг Худалдаа хөгжлийн банк авав уу, “Монгол ялна” авав уу, эсвэл тэд хамтрав уу

2018-10-16 09:19      ГэрэгМН

Гацууртын ордын лицензийг эзэмшдэг “Сентерра гоулд” компани Монгол дахь бизнесээ худалдсан тухай мэдээлэл цацагдаад удаагүй байна. 

УИХ-ын 2015 онд баталсан тогтоолын дагуу Монголын төр 34 хувийг нь эзэмшдэг, стратегийн тодотголтой уг ордыг гадныхан хоорондоо наймаалцсан эсэх нь сонирхолтой. Монголын засаг төр энэхүү наймааг мэдэж байсан уу.70 гаруй /сүүлд 50 болгож бууруулсан/ тонн алтны нөөцтэй, 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах Гацуурт ордыг хэн авсан бэ гэдэг нь сонирхол татсаар байна.

“Гацуурт”-ын хувьд ашиглаж дууссан “Бороо”-гийн орд дээр алт цэвэршүүлэх үйлдвэртэй. Тэр нь цагтаа 70 сая ам.доллараар баригдаж байсан. “Сентерра гоулд”-ын хувьд Гацуурт ордыг ашиглахад нь олон тээг гарч байсан. Урт нэртэй хуулиас эхлээд Ноён уулан дахь Хүннүгийн сурвалжтнуудын булш бунхан, “Босоо хөх Монгол” тэргүүтэй иргэний хөдөлгөөнүүд, улстөрчид гэх мэт олон саад тээг байв. 

Тиймээс ч уг лицензийг цуцлуулахаар “тэмцэгч”-д орилж ирсэн юм. Ийм байдалд “Сентерра гоулд” залхсан ч байж мэдэх. Гэхдээ түүнээс илүүтэй “та нар энд олборлолт хийж чадахгүй, бидэнд зар” гэсэн тулгалт ирсэн ч байж болох юм.  

“Сентарра гоулд” компани Гацууртын ордыг худалдсан хэмээх мэдээллийг аравдугаар сарын 12-нд цацаж, төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухай ч дурджээ. Сингапурт бүртгэлтэй "Ozd Asia Pte" компани бизнесийг нь авсан ба тус компаний гүйцэтгэх захирал нь Э.Дөлгөөн хэмээх монгол залуу аж. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байгаад огцорсных нь дараа Улаанбаатар хотын банкинд нэг хэсэг ажиллаж байсан гэсэн нэгэн гэнэ.

Мөн Э.Дөлгөөн нь “Блүүмбэрг Монгол” телевизийн захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд UB Post сонинд ажиллаж байсан гэнэ. “Блүүмбэрг Монгол” телевиз нь ХХБ-ны харьяанд үйл ажиллагаа явуулдаг.

OZD ASIA нь Австралид төвтэй OZD Capital -ийн охин компани бөгөөд хөрөнгө оруулагчид нь Австрали, Сингапурын иргэд байдаг хэмээх тайлбар ч байна. Гэхдээ тус компаний ард ч юмуу хаа нэгтэй нь монголчууд байгаа бололтой. Үүнд хамгийн их нэр нь гарч байгаа нэгэн бол ХХБ-ны “сахал” хэмээгч Эрдэнэбилэг. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүнтэй хамт хардагдаж байна.

 Учир нь “Гацуурт” зарагдлаа гэсэн мэдээлэл яваад байхад түүний “Монгол ялна” багийнхан болон тэмцэгч “Босоо хөх Монгол”-чууд чив чимээгүй сууж байна хэмээн хардаж байна.

Өчигдөр орой Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа “Монголчууд өөрсдөө алтаа олборлох хэрэгтэй” гэж байгаа нь ч хардлага төрүүлж байна.

Мөн Сингад бүртгэлтэй компани авсан нь ерөнхийлөгчийг хардахад хүргэж буй. Учир нь Ерөнхийлөгчийн бизнесийн томоохон хамтрагч найз нь Лим хэмээх Сингагийн хятад бөгөөд тэд хоёр улсад хувь нийлүүлсэн компаниудтай гэдэг. Бас ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Сингапурын хужаа-сайн хужаа” гэж Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга ярьсан хэмээн шуугиж байсан билээ.   

ХХБ-ны тухайд Гацууртыг авсан компанид тус банкны нэр нөлөө бүхий хүний дүү ажиллаж байгаа болон тэр нь бүр тэдний Улаанбаатар банкинд ажиллаж байсан нь хардлага төрүүлж байгаа бололтой.

Лицензүүд нь шүүхээр цуцлагдах шахсан ордыг худалдаж авч байгаа нь ч ХХБ, Эрдэнэбилэг хэмээх “цөс” ихтэй, үүнээсээ илүү шүүхэд том артай хүний хийх ажил хэмээх яриа ч байна. Нээрээ ч ХХБ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах гэсэн Засгийн газрыг шүүх дээр ялаад буй. Мөн Багануурын нүүрсний уурхайг авахаар шүүх дээр хүч үзэж буй. Энэ бүхнийг харах юм бол ХХБ  Гацууртын ордыг өөрийн болгоод олборлоод эхэлбэл гайхах хэрэг алга.

О.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх