“Сентерра гоулд”-ын Монголд ирсэн түүх ба Монголоос явсан түүх

2018-10-15 11:20      ГэрэгМН

Канадын  “Сентерра гоулд” компани Монголоос гарч явсан тухайгаа энэ сарын 12-ны өдөр зарлалаа. Монголд Бороогийн уурхай, Гацууртын орд, Дорнод аймгийн Алтан цагаан овоо зэрэг хайгуулын талбайнуудыг эзэмшдэг “Сентерра” компани “Бороо гоулд”   баяжуулах үйлдвэр, Гацуурт алтны төсөл зэргээ  35 сая ам.доллараар Сингапурт бүртгэлтэй ОZD гэх хувийн компанид заржээ.

OZD компани уул, уурхай хүнд металлын салбарт худалдан авалт,хөрөнгө оруулалтын чиглэлээр   үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Энэ талаар Globenewswire.com сайтад  “Centerra Gold”  “Boroo Gold Mine” болон “Gatsuurt Gold Project”-ийн бизнесээ худалдлаа хэмээжээ. 

 

“Сентерра гоулд” –ыг  Монголоос гарч байгаа тухай мэдээллүүд ил болсны дараа  зөв, буруу, “Монгол ялна”-чууд яллаа, татвар их бага өгсөн /тус компанийг 36 сая төгрөгийн  л татвар төлсөн хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд Тамгын газрын дарга нь мэдэгддэг/, Сингапурын хужаа компани авсан нь зөв, буруу, хөрөнгө оруулагчдыг хөөдөг түүх зузаарлаа гээд л маргалдаж байна. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Монгол ялна” гэсэн уриатай өрсөлдсөн Х.Баттулга   хужаагаас “Сингагийн хужаа дээр” гэсэн афоризм хэлсэн тухай яригддаг. Энэ өнцгөөс харвал Гацуурт, Бороог “сайн хужаа” нар авсан хэрэг. Харин цаад эзэд нь хэн бол...?

“Сентерра гоулд”-ын Монголд байгуулсан охин компани нь “Бороо гоулд” бөгөөд тус компани  УИХ-аас 2007 онд баталсан стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад орсон ордуудын нэг Бороогийн алтны ордыг 10 гаруйхан жилд олборлоод дуусгасан. Харин тэд олборлолтынхоо явцад Монголд арай бага татвар төлж, ихийг авсан гэсэн хэрүүл одоо ч үргэлжилсээр байна.

Харин Гацуурт нь стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад 2013 онд орсон байдаг. Гацуурт ордын лицензийг цуцлуулахаар тэр л үеэс Сэлэнгэ аймгийн Мандал сумын зарим иргэд болон “Босоо хөх Монгол” тэргүүтэй иргэний гэх хөдөлгөөнүүд тэмцэж эхэлсэн.  

"Босоо хөх Монгол"-ынхны болон Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын шаардлагаар шүүх лицензийг нь цуцалсны дараа ийнхүү “Сентерра гоулд” төслөө зарж,Монголоос гарав.

Ноён уулан дахь лицензийг цуцлах  шүүх хурал 37 удаа хойшлогдож түүхэн амжилт тогтоон байж хуралдан ийм шийдвэр гаргаж байлаа.

Тэгвэл Бороогийн алтны уурхай, Гацууртын уурхайтай холбоотой Монгол улс дахь “Сентерра гоулд” компани  хэзээ орж ирсэн болон гарч явах хооронд ямар үйл явдлууд болж өнгөрснийг тоймлоё.

БОРООГИЙН ОРД

1996 он.

Бороогийн алтны үндсэн ордыг бүр 1960-аад онд Герман-Монголын геологичид олж нээжээ. Түүнээс хойш тус ордыг ашиглах нөхцөл бүрдэхгүй байсаар 1990 онтой золгов. Улмаар 1991 онд Засгийн газар Бороогийн уурхайг АНУ-ын томоохон алтны компанид өгсөн ч тус компани нь ашиглалгүй байсаар 1994 онд буцааж өгчээ. 

Тухайн үед дэлхийн зах зээл дээр алтны үнэ 250-300 ам.доллар байсан болохоор эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзэн буцааж өгсөн байна. Техник, эдийн засгийн үндэслэлээрээ бол алтны үнэ 320 ам.доллараас доош байх нөхцөлд эдийн засгийн ашиггүй гэсэн дүгнэлт гарч байжээ. Буцааж өгөх бас нэг шаптгаан нь Бороогийн ордын алтны агууламжийн хэмжээ байв.Нэг тонн хүдэрт ногдох алтны агууламж тун бага, ердөө л гурван грамм. 
АНУ-ын компаниас буцаж ирсэн Бороогийн уурхайд АХЭ-ийн Засгийн газар нээлттэй тендер зарлахад С.Батболдын "Алтай трейдинг" ялалт байгуулжээ. Ингээд тус уурхайд үйл ажиллагаа явуулах гэтэл хөрөнгө мөнгөгүй учраас гаднын хөрөнгө оруулалт татсан байдаг. Тэрхүү хөрөнгө оруулагч компани нь Австралийн хөрөнгө оруулалттай "AGR" компани байлаа. Тус компани Бороогийн уурхайн 95 хувийг эзэмшиж, үлдсэн таван хувийг "Алтай трейдинг" компани эзэмшиж байжээ. 

1997 он

Монгол улс уул уурхайд хөрөнгө оруулалт татахын тулд Ашигт малтмалын тухай хууль баталлаа. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Тогтвортой байдлын гэрээ байгуулах болон хөрөнгөө оруулж ирсэн компаниудад татварын асар их хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан юм. Тэр жил Монголд Канад Улсын хөрөнгө оруулалттай "Centerra Gold"-ийн компаний “Сентерра Гоулд Монголия” ХХК нь ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэхээр 1997 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан аж.

1998 он

1998 оны зун буюу тодорхой хэлбэл 7 дугаар сарын 6-нд тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний 2,2-т “Компанийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойшхи эхний гурван жилд чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө. Импортын барааны гаалийн татварыг 0 хувиар тооцно. Харин гэрээний 2,3-т “Компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүниээ экспортлоход экспортын татвар 0, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар ногдуулна” гэж заажээ.

Эхний 3 жил татвараас чөлөөлөгдөх уг  гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн Сангийн сайд байсан Б.Баабар, “Бороо гоулд” компанийг төлөөлж М.Наранбат нар гарын үсэг зуржээ. М.Наранбат гэдэг нь хожмын УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, тухайн үеийн “Алтай трейдинг” компанийн захирал Сү.Батболдтой нэг ангийн, дотны найз нь аж.

2000 он

Тогтвортой байдлын гэрээнд 2000 оны тавдугаар сарын 9-нд Р.Амаржаргалын Засгийн газар өөрчлөлт оруулжээ. Гэрээтэй холбоотой маргаан үүсвэл Монгол Улсын хууль олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж байсныг 2000 онд Сангийн сайд Я.Очирсүхийн гарын үсэг зурсан нэмэлт өөрчлөлтөд “Шийдвэрлэж чадаагүй аливаа маргааныг Улс ба бусад улсын иргэд, хуулийн этгээд хоорондын хөрөнгө оруулалтын маргааныг таслах тухай Конвенцийн дагуу арбитраар шийдвэрлүүлэхээ талууд зөвшөөрч, арбитрын шүүхийн хурлыг Нью-Йоркт хотноо хуралдуулах болно. Компанийг  Их Британийн харьяалалтай гэж үзнэ” гэсэн байдаг.

Тогтвортой байдлын гэрээг анх хийхдээ арван жилийн хугацаатай гэснийг нэмэлт өөрчлөлтөөр хугацааг 2013 он хүртэл буюу 15 жил болгосон. Энэ мэт нэлээд олон нэмэлтийг тус гэрээнд хийсэн юм.

2002 он

"AGR" компани нь уг ордыг авснаасаа хойш нөөцийг шинээр тогтоох судалгаа хийж, шинээр нөөцийг нь баталгаажуулсан ч мөн л эдийн засгийн хувьд ашиггүй гэдэг шалтгаанаар 2002 оны дөрөвдүгээр сард одоо эзэмшиж буй "Сентерра Гоулд" компанид шилжүүлэн өгчээ. Улмаар "Сентерра Гоулд" корцорацийн охин компани болох "Бороо Гоулд" 2002 оны долдугаар сард үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд үүнд 75 сая ам.доллар зарцуулсан. 

2004 он

Бороогийн уурхайн үйлдвэрлэлийн олборлолт 2004 оны 3 дугаар сарын 1-нд эхэлсэн. Анх Бороог 43 тонн алтны нөөцтэй гэдэг байсан ч олборлолт дуусахад үүнээс илүүг олборлосон тооцоо бий.

2004-2016 он

Өнгөрсөн жил буюу 2017 онд “Бороо гоулд” бага татвар өгсөн тухай хэл ам дэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийг 36 сая төгрөг л татварт өгсөн хэмээсэн. Үүнийг нь “монгол ялна”-чууд дэвэргээд түүнд нь өнгөрсөн оны 8 сарын 10-нд “Сентерра Гоулд” компани дараах хариуг өгсөн юм.

“Бороо Гоулд ХХК нь Бороогийн алтны үндсэн ордоос 2004-2016 онд 56.7 тонн алт олборлож, улс, орон нутгийн төсөвт нийт 340 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төвлөрүүлснээс 152 тэрбум төгрөгийн орлогын албан татвар, 83 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байна. Монгол Улсын татварын хууль, тогтоомжийг сахин биелүүлж, улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн тус компанийг Үндэсний Татварын Ерөнхий газраас 2007, 2008, 2009, 2010, 2013, 2015 онд Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч”-өөр, Нийслэлийн татварын газраас 2011 онд “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр тус тус шалгаруулсан билээ. 

Тус компани нь Бороогийн алтны үндсэн ордод олборлолт хийх хугацаанд татвар хураамжаас гадна улс, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор том, жижиг 160 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд тэдгээрт зориулж 20 гаруй тэрбум төгрөгийн хандив тусламжийг үзүүлсэн байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн томоохон нь Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрын 150 ортой 6 давхар өргөтгөл бөгөөд түүнд 10 орчим тэрбум төгрөгийг хандивлаж, иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт Улаанбаатарын хотын Эрүүл мэндийн газарт бэлэглэсэн. 

2010-2013 он

Бороогийн уурхайн уулын ажил 2010 оны 11 дүгээр сарын эцсээр зогссон боловч Нуруулдан уусгалтын төслийн хүрээнд нөөцлөн овоолсон, бага агуулгатай хүдрийг Бороогийн баяжуулах үйлдвэрт 2013 оны 3-р улирал хүртэл боловсруулж алт олборлосон.


ГАЦУУРТ ОРД

1970-1991 он

Гацууртын ордыг өмнө нь хэдэнтээ судалсан түүх бий. Анх 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн бөгөөд алтны шороон ордын олборлолтыг “Гурван гол” компани хийжээ.

1992-2000 он

Дараа нь 1992-2000 онд “Гацуурт” компани судалгааг үргэлжлүүлж, шороон ордын олборлолтын явцад алтны үндсэн судлыг 1997 онд олж тогтоосон байна. “Гацуурт”-аас уг ордын тусгай зөвшөөрлийг “Камеко гоулд Монголия” /одоогийн “Сентерра гоулд Монголиа”/ компани худалдан авснаар 2001 онд төв ба үндсэн бүсэд эрэл-үнэлгээний ажлыг хийжээ.

2004-2013 он

2004 онд нэмэлт хайгуул хийж, 2005 онд нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгүүлж, дараа жил нь ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авчээ. 2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг 2013 онд бүртгүүлсэн байна. Түүний дараа ТЭЗҮ-ийг дахин боловсруулсан гэдэг.

Ордын нөөцийг анх 70-100 тонн хэмээн зарлаж байсан ч эдүгээ Засгийн газар, УИХ-ын төвшинд хэлэлцсэн баримт бичгээр бол 50 тоннн гэх болсон.
Гацууртын ордыг хөдөлгөх хэд, хэдэн оролдлого өнгөрсөн Засгийн газруудын үед өрнөж байлаа. “Сентерра гоулд Монголиа” компанитай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж санал боловсруулах ажлын хэсэг хоёр удаа байгуулагдан ажиллав.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан анхны ажлын хэсгийг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ахалсан бол хоёр дахийг Уул уурхайн яамны дэд сайд асан Г.Тэмүүлэн ахалж, ордын гол хэлэлцээг хийсэн юм. Энэ нь алтны 50 тоннын нөөцтэй Гацууртын ордын гол асуудлыг тусгасан Харилцан ойлголцлын санамж бичиг хэмээгч юм.

2013 оноос хойш “Сентеррагоулд Монголия” ХХК нь хайгуул судалгааны ажил хийж үйл ажиллагаандаа нийт дүнгээр 150 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэдэг.

Тус компани нь 2016 оныг дуусталх хугацаанд 10 тэрбум төгрөгийн татвар ногдох орлого олсон нь хайгуулын үйлчилгээ үзүүлсний төлбөр, акталсан тээврийн хэрэгсэл борлуулсны орлого болон харилцах дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлого зэргээс бүрдэж байжээ. 

Мөн “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэгдсэнээр үйл ажиллагааныхаа явцад нэг ч унц алт олборлоогүй, ямар нэгэн борлуулалт хийгээгүй хэдий ч суутган тооцсон татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар зэрэгт 9 орчим тэрбум төгрөг төлсөн гэнэ.

Тоймч О.Хуяг (WWW.GEREG.MN

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх