Шилэн дансны хуулийг өөрөө хэрэгжүүлдэггүй Үндэсний аудитын газар бусдынхныг хянаж чадах уу?

2018-10-15 08:18      ГэрэгМН

 

Үндэсний аудитын газар, “Нээлттэй нийгэм форум” хамтран төрийн байгууллагуудын шилэн дансны хэрэгжилтэд хяналт тавихаар санамж бичигт гарын үсэг зурснаа энэ сарын 10-нд олон нийтэд зарлалаа.

  2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлт хэмээн нэрлэсэн уг үйл явдалдаа  төсвийн ерөнхийлөн захирагч  32 байгууллагын төлөөллийг оролцуулжээ.

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлнэ гэдэг төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах хамгийн гол арга механизм.Төсөв, тэр дундаа төсвийн зарцуулалтыг ил тод байлгаснаар авлигаас ангижрах, авлигатай тэмцэх боломжтой гэж анх Шилэн дансны хуулийг батлан гаргасан билээ.

Үндэсний аудитын газар  ч “Нээлттэй нийгэм форум”-ын төсөв хөрөнгөөр төрийн байгууллагуудын Шилэн дансанд аудит хийхдээ төсвийн хариуцлагыг сайжруулна гэжээ.

Тэгвэл Үндэсний аудитын газар өөрөө ч төрийн байгууллага.Тус байгууллага төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулж, үйл ажиллагаагаа явуулдаг учраас Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж, улмаар шилэн данс хөтлөх үүрэгтэй.

Харамсалтай нь Үндэсний аудитын газарт ийм ойлголттой хүн ажилладаггүйг ЭНДээс харж болно. 

Үндэсний аудитын газрын дарга буюу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын ЭНД ярьснаар бол “Төрийн аудитын байгууллага төрийн хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа ч байх ёстой төвшинд хүрэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй” аж.

Гэвч хариуцлагатай, сахилгатай байна гэдэг хуулиа хэрэгжүүлэхийн нэр.Тиймээс ядаж эхлээд өөрийн байгууллагын шилэн дансыг хөтөлчихөөд бусдынхыг хянавал төрийн аудит чин шударгаар ажиллаж байна гэж итгэнэ.

Дараахь  зургууд бол Үндэсний аудитын газарт Шилэн дансны хууль хэрхэн хэрэгжиж байгааг харах наад захын, энгийн жишээнүүд.

Үндэсний аудитын газар 2017 онд Шилэн дансаа бараг л хөтлөөгүй байна.

 

 

5 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий гүйлгээний мэдээллийг Шилэн дансанд оруулах ёстой Үндэсний аудитын газрын 2017 оны 6-р сарын мэдээлэл  нэг иймэрхүү. Шилэн дансны систем өөрөө цаг хугацаандаа  оруулсныг ногооноор, хугацаа хоцорч оруулсныг шараар тэмдэглэдэг. Хамгийн гол нь энд шар нь ч,ногоон нь ч "Үндэсний аудитын газрын шилэн данснаас мэдээлэл олоод үзээрэй" гэж байгаа юм шиг л харагдана. Тус газрын шилэн дансны мэдээллийг нэлэнхүйд нь харвал НЭГ ИЙМЭРХҮҮ л байх аж

 

2018 оны 6-р сард Үндэсний аудитын газар дээрх мөнгөнүүдийн гүйлгээг хийжээ.Гэхдээ яг яах гэж хийсэн тайлбар алга. 

 

Энэ бүхнээс харахад Үндэсний аудитын газар өөрөө үлгэрлэн манлайлж хэрэгжүүлэх ёстой Шилэн дансаа огт хөтлөхгүй байна. Тийм байж бусад байгууллагын Шилэн дансыг хянана гэдэг шоу болж харагдаад байгаа юм.

Г.Наран (www.gereg.mn)

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх