1072 хувьцаа ашиг хайгчдын өгөөш болох ёсгүй

2018-10-11 10:42      ГэрэгМН

Сүүлийн үед хэн нь мэдэгдэхгүй, ямар байгууллага нь тодорхойгүй хүмүүс 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авах тухай мэдээлэл гарах болсон. Энэ нь иргэдийг залилан мэхлэх, гэмт хэргийн шинжтэй, худал ташаа мэдээлэл гэж болно.  

Учир нь, 1072 хувьцаа амьгүй учир зарах, шилжүүлэх боломжгүй юм.  Иргэдийн нэр дээр олон жил амьгүй явж ирсэн 1072 хувьцааг амилуулах талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК ажиллаж байгаа. Тухайлбал, энэ жилдээ багтан компанийн 30 хувийг гаднын хөрөнгийн биржид IPO хийхээр ярьж байгаа бөгөөд ингэснээр жилдээ 2-3 сая төгрөгийн ашиг орж ирэх хувьцаа болж чадах аж.

Гэтэл иргэдийн хувьцааг өндөр үнээр худалдан авч буй мэт ташаа мэдээлэл гарч, хэн нэгэн этгээд ашиг олж байж болох юм.  Жишээлбэл, “1072 хувьцаагаа зарах хүн байна уу. Нэг ширхгийг нь 3000-5000 төгрөгөөр худалдаж авъя”, “1072 хувьцаа худалдаж авна. Гэхдээ худлаа гарууд шиг тав, хоёр сая гэхгүй ээ. Нэг нэгж хувьцааг 1.5-аар бодоод 3200000-д  авъя. Найзын хүсэлт явуулаад чат бичээрэй”,  “1072 хувьцаа авна. Зарах хүн байна уу. Нэг хувьцаа 8000 төгрөг. Энэ сарын 10-нд холбогдоорой” гэх мэт зар цахим сүлжээнд газар авч эхлэв.

Үүнд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь “Заръя” гэсэн бол цөөн хэд нь “Худлаа шүү” гэсэн хариу өгчээ.  Энэ нь иргэд хувьцааны талаар ямар ч мэдээлэлгүй, үнэ цэнийг нь ойлгохгүй  байгаа харуулж байна. Тиймээс хувьцаа гэж юу вэ, ямар ашигтай гэдгээс үл хамааран хэдэн төгрөгөөр зарах хандлага давамгайлж байна. Хувьцаа гэдэг нь ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоосоо хувь хүртэж ногдол ашиг авах эсвэл хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломж гэрчилсэн үнэт цаас юм. Компанийн үйл ажиллагаа сайжран зах зээлийн үнэлгээ сайжрах тусам хувьцааны үнэ өсөх боломжтой байдаг.

Хувьцааг захиран зарцуулах, зарах боломжгүй

"Эрдэнэс Тавантолгой” ХК тайлант хугацаандаа 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж 36 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашгийг бий болгосон бөгөөд улсын төсөвт 235.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Санхүүгийн тайланд иргэд, аж ахуйн нэгжийн нийт 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэж балансын нийт хөрөнгө 11.8 их наяд төгрөгт хүрчээ.  

"Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 8.5 сая тонн нүүрс экспортолж 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна.  Мөн татварын ямар нэгэн өр дарамтгүй байгаа талаараа тус компанийн удирдлагууд мэдэгдсэн. Түүнчлэн 1072 хувьцааны тухайд энэ оны дөрөвдүгээр улиралаас амь оруулж, ирэх онд хувьцаа эзэмшигч нар ашиг хүртэж эхэлнэ гэсэн юм.  Ингэснээр иргэд энэ  оны дөрөвдүгээр улирлаас дансаа нээлгэж, хувьцаагаа бүртгүүлж, 2019 онд ногдол ашиг авахыг хүлээж байгаа.

Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцааг саналын эрхгүй аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн тул зарж болохгүй. Харин хөрөнгийн биржийн арилжаа эхэлсэн тохиолдолд зарах боломжтой. Гэтэл үүнийг зарим нь овжноор ашиглан иргэдэд чирэгдэл учруулж байна.

Иймд бид дараах мэдээллийг бэлтгэлээ.

Шаардлагатай мэдээллийг 1800-1072 дугаараас авахыг зөвлөж байна

Үүсээд буй нөхцөл байдалд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас энэ сарын 10-нд хариулт өгч, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл цацагдах боллоо. Тухайлбал, “Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү. 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоос нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна. Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм.

Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудаст хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу. Мөн өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтойг мэдэгдье” гэсэн байна.

1072 хувьцааны арилжаа эхлэхээс өмнө  иргэд, олон нийтэд хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Тус төв ажлын өдөр бүр 08.30-17.30 цагийн хооронд ажилладаг бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, I хороо, Жигжиджав-8 гудамж буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүнд хувьцаа олгохгүй

Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа олгохгүй юм.  Гэхдээ  иргэн бүрийн хувьцаа өөр өөр байгаа. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд хишиг хувь хүртсэн иргэд хамрагдах юм байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцжээ.

Тодруулбал,  Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг нь хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Мөн Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 мянга 284 төгрөг авсан бол 215 ширхэг нь хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмших бол 100 мянга 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмших юм байна.

Хувьцааны дансаа хэзээ ч нээлгэж болно

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг нийт хоёр сая 511 мянган иргэн эзэмшиж байна.  Иргэд хувьцаагаа яг одоо эсвэл оноос өмнө бүртгүүлэхгүй бол болохгүй нь гэж яарч сандран зөвшөөрөлгүй газарт хандаж хохирохгүй байхыг албаныхан сануулж байна. Мөн данс нээлгэх хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй учраас хэзээ ч нээлгэж болно. Мөн данс нээлгэсэн брокерын компани дампуурвал тухайн хүний хувьцаа устахгүй тул эдгээр асуудалд санаа зовохгүй байж болох нь.

Одоогийн байдлаар 1072 хувьцаатай иргэд дансаа нээлгэх үйл явц хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч бүртгэнэ гэдгийг холбогдох газраас нь дуулгалаа. Ингэхдээ хамгийн гол нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй компанид хандахыг анхааруулж байна.

Иргэд брокер дилерийн компанид өмнө данс нээлгэж байсан хэрнээ дахиж данс нээлгэх тохиолдол гарч байгаа учраас юуны түрүүнд хувьцаатай эсэх, өөрийн мэдээллээ шалгасны дараа дансаа нээлгэх ёстойг анхааруулж байна.

Хүүхдэд данс нээлгэх бол төрсний гэрчилгээ, насанд хүрсэн иргэд иргэний үнэмлэх авч ирэхийн сацуу хураамж нэг хүний 5000 төгрөг төлнө.

Хэрэв хувьцаа эзэмшигч гадаадад оршин сууж байгаа бол цахим үнэмлэхийг Монгол Улсад оршин суугаа хүнд дамжуулж, данс нээлгэх боломжтой аж. Эсвэл өөрийн итгэмжлэлийг Монгол Улсад оршин сууж байгаа хүнд явуулснаар данс нээлгэж болох юм байна.

Албан ёсны зөвшөөрөлтэй Үнэт цаасны компанид хандаарай

Сүүлийн үед иргэд брокер дилерийн компанудад хандаж хувьцааны дансаа нээлгэх нь эрс нэмэгдэж тэр хэрээрээр хөрөнгийн зах зээл идэвхжээд байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах болсон, мөн хөрөнгийн зах зээлд шинээр олон компани хувьцаагаа гаргаж байгаатай холбоотой аж.

Гэвч иргэд дансаа нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөл бүхий Үнэт цаасны компани /ҮЦК/-д хандах мөн зохицуулалтад хамаараагүй хувьцаа, бонд авч хохирол амсахаас сэргийлэхийг СЗХ-ноос  анхааруулж байна.

Тодруулбал, энэ оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс 37 компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 компани тайлангаа ирүүлээгүй байна. Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын 22 нь андеррайтерийн үйл ажиллагааг дагнахын зэрэгцээ бусад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаатай хавсран эрхэлж байна.  Иргэн та “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаaныхаа дансыг нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөлтэй ҮЦК-д хандаарай.

Албан ёсны бүртгэлтэй ҮЦК-ийн жагсаалтыг танилцуулж байна.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН  ЖАГСААЛТ

 

 

 

Код Гишүүн компани Үйл ажиллагааны чиглэл
Брокер Дилер Андеррайтер Хөрөнгө оруулалтын зөвлөх
1 ACE "АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК        
2 ALTN "Алтан хоромсог ҮЦК" ХХК        
3 APS "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК        
4 ARD "Ард капитал групп ҮЦК" ХХК        
5 ARGB "Аргай бэст ҮЦК" ХХК        
6 BATS "Батс ҮЦК" ХХК        
7 BDSC "БиДиСек ҮЦК" ХК        
8 BLAC "Блэкстоун интернэйшнл ҮЦК" ХХК        
9 BLMB "Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК        
10 BSK "Блюскай секьюритиз ҮЦК" ХК        
11 BULG "Булган брокер ҮЦК" ХХК        
12 BUMB "Бумбат-Алтай ҮЦК" ХХК        
13 BZIN "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК        
14 CAPM "Капитал маркет корпораци ҮЦК" ХХК        
15 DCF "Ди Си Эф" ХХК        
16 DELG "Дэлгэрхангай секюритиз ҮЦК" ХХК        
17 DRBR "Дархан брокер ҮЦК" ХХК        
18 ECM "Еврази капитал холдинг ҮЦК" ХК        
19 FCX "Эф Си Икс ҮЦК" ХХК        
20 FRON "Фронтиер ҮЦК" ХХК        
21 GATR "Гацуурт трейд ҮЦК" ХХК        
22 GAUL "Гаүли ҮЦК" ХХК        
23 GDEV "Гранддевелопмент ҮЦК" ХХК        
24 GDSC "Гүүдсек ҮЦК" ХХК        
25 GLMT "Голомт капитал ҮЦК" ХХК        
26 GNDX "Гендекс ҮЦК" ХХК        
27 HUN "Хүннү Эмпайр ҮЦК" ХХК        
28 LFTI "Лайфтайм инвестмент ҮЦК" ХХК        
29 MERG "Мэргэн санаа ҮЦК" ХХК        
30 MIBG "Эм Ай Би Жи" ХХК ҮЦК        
31 MICC "Эм Ай Си Си" ХХК        
32 MNET "Ард секьюритиз ҮЦК" ХХК        
33 MONG "Монгол секюритиес ҮЦК" ХК        
34 MSDQ "Масдак үнэт цаасны компани" ХХК        
35 MSEC "Монсек ҮЦК" ХХК        
36 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК        
37 NSEC "Нэйшнл сэкюритис ҮЦК" ХХК        
38 SANR "Санар ҮЦК" ХХК        
39 SECP "Сикап ҮЦК" ХХК        
40 SGC "Эс Жи Капитал ҮЦК" ХХК        
41 SILS “Силвэр лайт секюритиз ҮЦК” ХХК        
42 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК        
43 TABO "Таван богд ҮЦК" ХХК        
44 TCHB "Тулгат чандмань баян ҮЦК" ХХК        
45 TDB "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК        
46 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК        
47 TTOL "АПЕКС КАПИТАЛ ҮЦК" ХХК        
48 UNDR "Өндөрхаан инвест ҮЦК" ХХК        
49 ZGB "Зэт жи би ҮЦК" ХХК        
50 ZRGD "Зэргэд ҮЦК" ХХК        

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГССОН ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН  ЖАГСААЛТ

 

 

Код Гишүүн компани Тайлбар
1 BBSS Би Би Эс Эс ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
2 BKHE "Бага хээр" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
3 DGSN Догсон ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
4 FINL "Финанс линк групп" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
5 GNN "Говийн ноён нуруу" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
6 ITR Ай трейд ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
7 MWTS "Эм Даблью Ти Эс ҮЦК" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
8 PREV Превалент ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан
9 ZEUS "Зюс капитал" ХХК Тусгай зөвшөөрөл цуцлагдсан

 

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

хэрэгтэй мэдээлэл авлаа

2018-10-12 16:30    66.181.167.54
Зочин

Тодорхой. үнэн зөв мэдээлэл авлаа. Маш их баярлалаа.

2018-10-11 13:32    103.26.194.216
Иргэн

Маш зөв мэдээлэл өгсөнд баяраллаа. 1072 ширхэг хувьцааг арилжиж худалдаж болохгүй гэдгийг хуульчилж өгөх хэрэгтэй. Зөвхөн ноогдол ашгийг нь хүртэж л байхад хангалттай.

2018-10-11 11:06    150.129.143.8
монгол

Худал хуурмаг мэдээлэл цацаад байгаа телевизүүдийг арга хэмжээ тооцох хэрэгтэй байнаа

2018-10-11 11:05    66.181.169.66

Сэтгэгдэл нэмэх