Д.Мөнхөө:Ангид хүртэл охидын зөвлөлтэй,эмэгтэй хүний төлөө бүхэл бүтэн механизм ажиллаж байв

2018-10-11 01:22      Бүдээхүү

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган энэ өдрүүдэд буюу аравдугаар сарын 11,12-нд болж байна. Уг үйл явдалтай холбогдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны  тэргүүнээр 1990-1992 онд ажилласан Эрүүлиийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөөтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхээс сонирхуулна уу. Азидаа дээгүүрт бичигдэх түүхтэй холбоо байх аа?

-1924 онд Эмэгтэйчүүдийг боловсруулах тасаг гэдэг нэртэйгээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны суурь тавигдсан. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам энэ байгууллагыг хариуцсан анхны дарга нь байсан.

Тэр үед эмэгтэйчүүдийг гэгээрүүлэх, нийгэм,улстөрийн амьдралд татан оролцуулах зэргээр тухайн үед асар хүнд байдалд байсан эмэгтэйчүүдийн эрхийг ямар нэг хэмжээгээр эдлүүлэх зорилго чиглэлтэй анх байгуулагдсан.

Тэр үед эмэгтэйчүүдэд өвлөх эрх байсангүй,богтлогдоод хүнтэй суудаг байлаа шүү дээ.

Удалгүй Монголын эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болсон. Яг нарийн яривал 1915 онд Данийн эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхтэй болсон нь дэлхийд анх удаа эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон түүхэн үйл явдал байсан. Харин  монгол эмэгтэй хүн 1924 онд санал өгөх  эрхтэй болсон юм.   

Бид “ардчиллын эцэг” гээд шүтээд байдаг Америк 1787 онд  Үндсэн хуулиа баталсан атлаа 1922 онд л дөнгөж эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон. Ингээд бодохоор Монголын эмэгтэйчүүдийн байгууллага маш эрт байгуулагдаж эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийн төлөө цуцалтгүй олон арван жил ажилласан түүхэн уламжлалтай байгууллага.   Ерөөсөө Ази тивдээ анхдагчийн тоонд ордог эмэгтэйчүүдийн байгууллага.

1931 онд Монголын эмэгтэйчүүдийн анхдугаар Их хурлыг хийхэд 308 төлөөлөгч оролцсоноос 98 хувь нь бичиг үсэг мэдэхгүй,найм нь зарц эмэгтэй байсан гэдэг.   

Анх тэгэж  Монголын эмэгтэйчүүдийн чуулган гэж том үйл ажиллагаа зохион байгуулаад эмэгтэйчүүдийг улстөр, нийгмийн амьдралд татан оролцуулах,тэднийг соёлжуулах, гэгээрүүлэх, тэдэнд олгосон эрхийг жинхэнэ бодит амьдрал болгохын төлөө цуцалтгүй ажилласан.

Сүхбаатарын Янжмаа гуай энэ байгууллагыг 17 жил толгойлж, дэлхийн СоцИнтерн байгууллагатай холбох ажлыг хийсэн. Ингээд бодохоор Монголын эмэгтэйчүүдийн төлөө асар их юм хийсэн байгууллага.

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллага социализмын үед ямар статустай байсан бэ.Төрд шууд туслагч байсан гэхээр нэлээд дээд төвшний статустай байсан уу?

-Тухайн үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллага төр-олон нийтийн статустай байсан. Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга тухайн үеийн эрх барьж байсан улстөрийн хүчний дээрээсээ гурав дахь түвшний албан тушаалын зэрэгтэй байсан. Мөн  Ардын Их хурлын тэргүүлэгч гишүүнээр ажилладаг байв.Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн асуудлыг төр, улстөрийн бодлогод зохих байрыг нь эзлүүлж, төлөөллийг нь оруулж, үгийг нь сонсдог байсан. 1990 он хүртэл эмэгтэйчүүдийн байгууллага маань  төр-олон нийтийн статустайгаа явсан юм.

 1990 онд нэг намын ивээлд орчихсон энэ байгууллагыг тараах хэрэгтэй,хөрөнгийг нь хураах хэрэгтэй гэх мэтээр хэл ам болсон л доо. Тэр үед хураах хөрөнгө байгаагүй л дээ. 1990 онд ээлжит бус Бүгд хурлаа хийхэд би тэргүүлэгч гишүүн нь байсан. Ээлжит бус хурлаар биднийг бүгдийг огцруулаад дахин сонгууль болж,  намайг хорооны даргаар сонгож байсан. Би түүнээс хойш хоёр жил энэ хороог  толгойлсон хүн шүү дээ.

-Холбоо биш,хороо байсан бил үү?

-Монголын эмэгтэйчүүдийн хороо гэж байсан. Тэгээд  ээлжит бус хурлынхаа дараахан  1990 онд VI Их хурлаа хийж, төр-олон нийтийн статусаас татгалзаж, төрийн бус байгууллагын хэлбэрт орж, Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгож өөрчлөн байгуулсан.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагаа авч үлдэхийн тулд бид тухайн үед  Ардчилсан холбоо зэрэг байгууллагаас зарим эмэгтэйчүүдийг татан оролцуулж, зөвшилцөж,шинэ дүрэм баталж байлаа.  

Ингэж Монголын эмэгтэйчүүдийн холбоог авч үлдсэн түүхтэй. Өөрийгөө магтаж байгаа юм биш,шинэчлэн зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр хоёр жил ажиллахдаа бид маш их ажил хийсэн.

Японы “Солонго” нийгэмлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлж, нэг сая саван Монголын эмэгтэйчүүдэд ирүүлж байлаа. НҮБ-ын Ази,Номхон далайн Эдийн засаг,нийгмийн комисстой 170 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлж,анхны жижиг зээлийг өгч эхэлж байлаа. “Уран бүсгүйн нэгдэл“ гэж байгуулаад төлбөрийн чадваргүй эмэгтэйчүүдэд оёдол,нэхмэл заадаг сургалтын төв ажиллуулж байв.

Түүнд Монголд суугаа Германы ЭСЯ,НҮБ-ын Хүүхдийн сан тусалж байв.Улс орон даяар монгол бичгээ сэргээх хөдөлгөөн өрнөж,Өвөрмонголоос монгол бичгийн машин хүртэл авчирч эмэгтэйчүүддээ монгол бичиг зааж байсан гээд яривал их юм бий.  Тухайн үеийн төр,засагт нэгэнт тогтсон бүтэц,механизмыг  битгий үгүй хийгээч,төр бодлогоор дэмжээд яваач гэж олон удаа хэлж,хандаж байв.

Тэгээд би 1992 онд Их хурлын гишүүн болоод ажлаа өгөхөөс аргагүй болж, тэр үед манай холбооны орлогч дарга байсан Дашаа холбооны тэргүүн болж байв.

-Та хамгийн бужигнаант үед энэ холбоог удирдаж ажиллажээ...?

-Хамгийн хүнд хэцүү үед бид үнэхээр уйгагүй ажиллаж байсан.Нөгөө савангаа тараана,жижиг зээлээ зохион байгуулна, сургалтуудаа хийнэ.Нийгэм,нийтийн төлөө зүтгэх социализмын үеийн үнэт зүйл,үзэл бодолтой учраас өдөр шөнөгүй зүтгэдэг байсан (инээв).1992 онд Дашаа миний ажлыг аваад жил гаруй болсон  байх.Тэгээд л өдийг хүртэл Монголын эмэгтэйчүүдийн холбоог авч яваа Эрдэнэчимэг Ерөнхийлөгчөөр ажиллах болсон шүү дээ.  

-Тэгэхээр энэ байгууллага нэг даргатай их удаж байгаа юм байна шүү дээ?

-Тийм,бараг 20 гаруй жил болж байгаа байх.Би Монголын эмэгтэйчүүдийн холбооны VII Их хурлаар ажлаа өгч байсан. Тэр үед хоёр асуудлаар бид санал зөрөлдсөн юм. Тэр үнэнийг нуугаад яахав.

Би аймаг,хот,сумын гэсэн засаг захиргааны нэгжээр байгуулагдсан эмэгтэйчүүдийн байгууллагууд Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар байгууллагууд байх ёстой гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл,үндэсний хэмжээний бүтэцтэй ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн.

Тухайн үеийн Удирдах зөвлөлийнхөн  аймаг, хотын салбар байгууллагуудыг “гишүүн  байгууллага” болгох саналтай байсан. Мэдээж тухайн үед янз бүрийн бэрхшээл байсан л даа.

Нөгөө нэг зүйл ньжижиг зээлийн асуудлаар санал нэгдээгүй. Би бага хүүтэй зээлийг жинхэнэ хөдөлмөр эрхэлж,амьдралаа тэтгэх гэсэн эмэгтэйчүүдэд олгодог,хэрвээ хүндэтгэх шалтгаанаар тэр хүн зээлээ төлж чадаагүй бол тэр хариуцлагыг нь төр хүлээдэг байх хэрэгтэй гэсэн саналтай байсан.   Нийтэд нь хавтгайруулан халамж тараах биш,  бүтээлч хөдөлмөрийг ингэж дэмждэг олон улсын туршлага бий. Ийм зарчмын асуудлуудаар санал нэгдээгүй учраас хүмүүсийн ажилд саад болоод яахав гээд өөрөө нэрээ татаад явсан л даа.

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж явсан эмэгтэйчүүдээр бахархахгүй байх аргагүй.Тэр үедээ хамгийн сор боловсролтой нь байсан Пагмадулам,Янжмаа,Сономын Удвал гэх мэт хүмүүс энэ байгууллагыг удирдаж байсан. Тийм хүмүүсийг бэлдэхэд төрийн бодлого мэдээж байсан л байх?

-Төрийн бодлого тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан. Яагаад гэхээр Монголын хүн амын 50 илүү хувийг эзэлж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг төрийн бодлогод тусгахын тулд тэр механизмыг ямар ч юмны харьяалалгүйгээр шууд ажиллуулах систем ажиллаж байв.

Тухайн үеийн намын Төв хорооны Бүгд хурал болоход тэнд тавьж байгаа илтгэл бүрийн  сүүлд эмэгтэйчүүд,гэр бүлийн тодорхой асуудал хөндөгдөж,албан байгууллага бүрт эмэгтэйчүүдийн зөвлөл,сургууль,ангид хүртэл охидын зөвлөл ажилладаг байсан.  

 Эмэгтэй хүн биеэ яаж авч явах ёстой юм,бараг биений юм ирэхэд яаж хамгаалдгийг хүртэл зааж хэлж өгдөг, эмэгтэй хүний төлөө ажилладаг бүхэл бүтэн механизм ажиллаж байв. 1990 онд зэрэгцээд маш олон төрийн бус байгууллагууд гарч ирсэн. Зарим нь улстөрийн шинжтэй,салбарын гэх мэтээр эвсэл,холбоодод эмэгтэйчүүд маань хуваагдсан л даа.

Дээр нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо үндэсний хэмжээний бүтэцгүй болсон,төрийн дэмжлэг алдагдсан гэх зэрэг бэрхшээл учирсан.

Далан жил бэхэжсэн, монгол гэр бүл,эмэгтэйчүүдийн архив,цөм байсан  тэр бүтцийг Монголын төр ашиглаагүйн гор нь өнөөдрийн олон хямралын нэг шалтгаан гэж боддог.

 Нийгмийн хамгийн чухал масстайгаа ажиллах  бодлогоо Монголын төр алдсан гэж би үздэг.

Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн байдал ямар байна вэ? Долоон  гэр бүлийн нэгийг эмэгтэй хүн толгойлж байна,хэдэн мянган охидоо гадаадад бэр болгоод явуулчихсан,гэр бүлийн хүчирхийлэл,архидалт юу болж байна? гэх мэт асуудлуудыг нухацтай авч үзэх ёстой.

 Зөвхөн үзэгдэлтэй нь хөөцөлдөх бус,тэдгээр асуудлуудын үндэс болж буй нийгмийн бодит учир шалтгаан руу эрх зүйн зохицуулалтаа,төрийн бодлогоо чиглүүлэх ёстой.

Тийм учраас Монголын эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхэг,орон даяар бүтэцтэй байгууллага байх ёстой. Энэ тухай саналаа ч маргааш чуулган дээр гаргаж тавина гэж бодож байна. Би 20 жилийн өмнөх саналтайгаа байж байна шүү дээ (инээв).

-Таны үед уг нь эмэгтэйчүүдийн байгууллагыг нэгтгэх гэж үзсэн байдаг. Эмэгтэйчүүд асуудлаа шийдүүлэхийн үндсийн үндэс нь эв нэгдэл юм шиг санагддаг л даа?

-Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээ гэж байгууллага байгуулаад, бүх намын болон бусад төлөөллийнхнөөр гарын үсэг зуруулаад тунхаг бичиг гаргаж байсан.Улмаар 1992 онд нэр дэвшсэн бүх эмэгтэйчүүдийг нам харгалзахгүй дэмжиж ажилласан.

Тэр тунхаг бичиг дотор бие биесийнхээ дотоод хэрэгт орохгүй,гадагшаа нэг амтай байна, Монголын эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамтарч хамгаалж,төр засагт илэрхийлнэ гэх мэт асуудлууд тодорхой туссан байсан.

Харамсалтай нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо манлайлах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж би шүүмжлэлтэй ханддаг.  

Миний “Хатан ухаан цэгнэхүй” гэсэн номонд зураг,гарын үсэг,бүх тамга дарсан баримттайгаа материал нь орсон байгаа.  Өнөөдрийн гэр бүлийн задрал,нийгмийн ёс зүйн уналтыг харчих.Ийм байхад бид хэчнээн өндөр байшин бариад,хэдий сайхан технологи яриад ямар нэмэр байна вэ? Шуудхан хэлэхэд өнөөдөр монгол хүн орших уу, эс орших уу гэдэг асуудлыг ярьж байна шүү дээ.

-Жендэрийн үндэсний хороо гэж Засгийн газрын байгууллага энэ асуудлыг ярьж байх ёстой юу?

-Ярих л ёстой л доо.Би тэр байгууллагын гишүүн. Нэг хэсэг  Жендэрийн үндэсний хорооны статусыг доошлуулаад яамны дэргэд аваачсан байсан. Харин Хүрэлсүх Ерөнхий сайдын үед буцаад Засгийн газарт авчирч, хурлаа хийсэнд талархаж байгаа.  Үндэсний хороо  Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр боловсруулаад батлуулсан.Одоо хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой.

Жендэр гэхлээр хэдэн эмэгтэйн  дарга болох хүсэл юм шиг ойлгодог.Маш буруу ойлголт. Гэнэт гараад ирсэн ойлголт ч биш.  

1792 онд Английн гүн ухаантан,”банзалтай суутан” гэж дэлхийд алдаршсан Крафт гэдэг эмэгтэй эмэгтэйчүүдийн эрхийн тухай маш том  ном бичсэн. Үүнээс үүдээд феминизмийн онол гэж том ойлголт гарч,дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний үзэл санааны суурь болж гарч ирсэн. 

Феминизмийн онол дээр XX зууны сүүлийн 20 жилд жендэр судлалын шинжлэх ухаан гарч ирээд,энэ бол зөвхөн эмэгтэй хүний бус эрэгтэй хүний асуудал гэдгийг гаргаж ирсэн  .Жендэрийн онолоор  хуучин эмэгтэй хүнийг үзэж байсан тэр олон үзлийг шинжлэх ухааны үүднээс бүгдийг тайлбарласан.

Жишээ нь,өндөр уулын оройд эмэгтэй хүн гарч болохгүй гэсэн үзэл олон оронд байсан.Шинжлэх ухаан хөгжөөгүй үед эмэгтэй хүний сарын тэмдгийг тайлбарлаж чадахгүй,  нүгэлтэй амьтан учраас бурхан гэсгээж байна гэж ойлгоод,өндөр уулын оройд гарч болохгүй ээ гэж үзэж байх жишээтэй.

Жендэр судлалын шинжлэх ухаан бол XXI зууны хөгжлийн арга зүй.  

Ялангуяа шийдвэр гаргах,нөөц баялаг хуваарилахад заавал хамтын шийдвэр гаргах ёстой. Нийгэм,халамж,анхаарал талаас хамгийн их ярьдаг нь эмэгтэй хүн,хөгжил, бодлого,зарчим гэх мэтийг ярьж,холыг хардаг нь эрэгтэй хүн.

Эрэгтэй хүн холыг харахдаа өнөөдрөө бага тооцдог, эмэгтэй хүн өнөөдрөө сайн харж,прагматик шийдвэр гаргах авьяастай учраас энэ хоёр нийлж байж зөв мэргэн шийдвэр гаргана гэж үздэг. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан үнэн.

Үүнийг Скандиновын орнууд практик амьдралд хэрэгжүүлж, хүн амын үнэмлэхүй дийлэнх чинээлэг амьдралтай,хэт цөөнхийн гарт төвлөрсөн баялаггүй,нийгмийн өндөр хамгаалалтай улс орнууд болсон.

Эрдэмтэд өнөөдөр социализмыг 12 орон байгуулсан гэж ярьж байгаа шүү дээ. Скандиновын орнууд,Франц,Герман,Хятад,Канад. Энэ бүхэн чинь социал үзлийн суурь байхгүй юу.  

Бид ийм л юмнуудаа хийхийн төлөө механизм бий болгож ажилламаар байгаа юм.Зүгээр нэг хүмүүсийг хөөрөгдөж,өөрсдийгөө дэмжүүлэх биш,тэр хүн амын проблемийг бодитоор гаргаж,түүнийг шийдэх шинжлэх ухаан,практикийн хосолсон бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн суурь асуудал.

Өнөөдөр гэтэл эрэгтэйчүүдийнхээ 40 хувийг хөдөлгөөнт хүн ам болгочихсон,нөгөөдүүл нь авгай,хүүхдэдээ харагдахаа больсон байгаа. Гэр бүлийн хамтын амьдралыг дэмжсэн маш том төрийн бодлого хэрэгжих ёстой. Цахилгаан татлаа,зам барилаа гээд дөрвөн сард гаргаж явуулаад 10 сард гэрт нь ирүүлж болохгүй шүү дээ.Авгай,хүүхэдтэйгээ зургаан сар уулзахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Хүний сайн сайхны төлөө,хүнд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөөх тэр бодлогыг л хэрэгжүүлэхгүй бол үнэхээр болохоо байлаа.

-Жендэрийн үндэсний хороо энэ бодлогоо барьж ажиллаж чадаж байна уу?

-Би дүгнэх хүн биш шүү дээ.Гэхдээ сая ямар ч байсан яамны буланд байсныг Ерөнхий сайд дэргэдээ авчирлаа. Энэ бол салбар хоорондын асуудал учраас Ерөнхий сайдын дэргэд энэ хороо ажиллах ёстой.

Үндэсний хорооны сүүлийн хурал дээр би эрэгтэйчүүдээ өмөөрч үг хэлсэн. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан асуудал болж, дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар дор боллоо. Ийм учраас эрэгтэйчүүдийн асуудлаар үндэсний хөтөлбөр гаргаж хэрэгжүүлээч ээ гэдэг санал гаргасан. Эрэгтэйчүүдийн эмнэлэг байгуулах шаардлагатай,эрэгтэй эмч нарыг  эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бэлтгэх шаардлагатай гэх мэт олон асуудал бий.

-Монголын эмэгтэйчүүдийн холбоонд түүхэн нөөц нь,архив нь байна.Гэхдээ өнөөдрийн нөхцөлд урьдын адил ажиллах боломжтой юу?

-Би Монголын эмэгтэйчүүдийн холбоог төрийн зохих дэмжлэгтэй,Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан тийм байгууллага байх ёстой л гэж үзэж байна.   Энэ хурлынхаа дараа бүтцээ аймгийн,хотын,сум,дүүрэг,багийн эмэгтэйчүүдийн зөвлөл гэж зохион байгуулагдаад, гэр бүлээ бат бэх байлгах,соёлжуулах,гэгээрүүлэх ажлыг наад зах нь хариуцаж ажилламаар байна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага “Соёлын довтолгоо” хийж,гэр бүлийг ариун цэвэр байлгах,соёлтой болгох бүх ажлыг хийж,том амжилтад хүрч байлаа.

Танд баярлалаа.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай