Н.Болормаа: Шар айраг их хэмжээгээр уух нь хэвлийн таргалалтыг үүсгэдэг

2018-10-05 12:58      ГэрэгМН

Хүн амын таргалалтын өнөөгийн байдал болон үүнээс улбаалсан сөрөг үр дагаврын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа.

-Манай улсын хүн амын таргалалтын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Үндэсний тавдугаар судалгааг өнгөрсөн онд хийсэн. Жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, улмаар таргалалт, биеийн жингийн илүүдэлтэй хүний тоо өсч байна. Тодруулбал, тавдугаар судалгаагаар илүүдэл жин, таргалалт тав хүртэлх насны хүүхдийн 11.7, 6-11 насны хүүхдийн 28.6, 15-49 насны эмэгтэйчүүдийн 46, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь буюу энэ насны хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна.

-Жингийн илүүдэл, таргалалт хоёр ялгаатай юу?

-Ялгаатай. Жингийн илүүдэл нь биед бага зэрэг өөх хуримтлагдахыг хэлнэ. Харин таргалалт гэдэг нь хэвийн байх ёстой хэмжээнээс хэт их өөх хуримтлагдахыг хэлдэг.

-Таргалалт, биеийн жингийн илүүдлийн улмаас ямар өвчин үүсэх вэ?

-Маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болдог. Тухайлбал, чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт.  Мөн биеийн жингийн индекс 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчнөөр хэвийн жинтэй хүнээс ес дахин их, биеийн жингийн индекс 30 ба түүнээс дээш бол 40 дахин их байдаг. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн эрэгтэйчүүдийн 78, эмэгтэйчүүдийн 64 хувь нь таргалалттай байна.

-Эрэгтэй хүмүүс ихэвчлэн хэвлий хэсгээрээ таргалж байгаа нь юутай холбоотой вэ?

-Манай зарим эрчүүдийн амьдралын хэв маяг их буруу байдаг. Хөдөлгөөн багатай, хоолны дэглэм барьдаггүй. Хоолны дэглэм гэдэг бол бага хэмжээгээр ойр, ойрхон зөв хооллохыг хэлдэг. Гэтэл манайхан өглөө гарахдаа хоосон гарна. Өдөр, орой их хэмжээгээр хооллодог. Энэ нь таргалалтад ихээхэн нөлөөлдөг. Мөн шар айраг их хэмжээгээр  уух нь хэвлийн таргалалтыг үүсгэдэг. Монголчууд цагаан идээнээсээ илүү махан хоолыг түлхүү хэрэглэдэг нь бас нэгэн дутагдал.

-Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд таргалалт юунаас үүдэлтэй байна вэ?

-Эмэгтэйчүүдийн таргалалтад нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлийн нэг бол стресс. Хүний биед стрессийн үйл явцыг зохицуулахын тулд ялгардаг гормон нь өөх хадгалалтыг бий болгоход нөлөөлдөг. Тэр тусмаа хэвлийн таргалалт стрессийн гормонтой шууд холбоотой. Иймд хүн болгон өөрийн нөхцөл байдал амьдралын хэв маягтайгаа уялдуулан тохиромжтой хооллох ёстой.

-Хүүхдүүд багаасаа жингийн илүүдэлтэй байгаа нь юутай холбоотой вэ?

-Улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин,  таргалалттай төрөх, бага насандаа илүүдэл жинтэй болох эрсдэл дагуулдаг. Хүүхдийн илүүдэл жин, таргалалт 2009 онд 9.1, 2013 онд 12.1 хувь байсан бол өнгөрсөн онд 28.6 хувь болж огцом өссөн нь тулгамдсан асуудал болоод байна.

-Хүн өвчний улмаас таргалах уу?

-Таргалалт нь анхдагч, хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч таргалалт нь хүний килокалорын хэрэгцээтэй холбоотой. Эмэгтэй хүн өдөрт 2800, эрэгтэй хүн 3300 килокалори хэмжээтэй хүнс хэрэглэх ёстой. Харин энэ хэмжээнээс хэтэрвэл өөх хуримтлагдана. Мөн хөдөлгөөний дутагдалтай холбоотой таргалалт анхдагчид ордог. Харин гормон, жирэмснээс хамгаалах болон сэтгэцийн эсрэг эм удаан хугацаагаар хэрэглэх буюу суурь өвчнөөс болж жин нэмэгдсэн бол хоёрдогч  таргалалт болно.

-Жин барихад тамхи нөлөөлдөг үү?

-Тамхи татах, архи уух нь таргалалтын нэг шалтгаан болдог. Таргалахгүйн тулд тамхи татна гэдэг маш буруу ойлголт.

-Илүүдэл жингээс болж амь насаа алдах тохиолдол байдаг уу?

-Таргалалтаас болж нас барах нь ховор ч үүний улмаас үүсэх өвчний хүндрэлээр нас барах нь их байдаг. ДЭМБ-ын дүгнэлтээр биеийн жин арван хувиар нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн долоон хувьд нас баралт нэмэгддэг гэсэн байдаг. Таргалалттай хүмүүсийн нас баралтыг эрүүл хүмүүстэй харьцуулахад тархинд цус харвалт дөрөв, зүрхний шигдээсээр нас баралт тав дахин их байна. Иймээс илүүдэл жин таргалалттай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байдаг.

-Таргалалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Таргалалт бол хэвийн үзэгдэл биш. Хүний биед үүсэх ихэнх эмгэгийн суурь болдог. Тиймээс амьдралын зөв хэв маяг, зөв хооллолт, хөдөлгөөний идэвхтэй байдал маш чухал. Мөн архи, тамхи хэрэглэхгүй байж, насанд хүрэгчид жингээ тогтмол хэмжиж, биеийн жингийн индексийг 24.9-өөс ихгүй байлгах хэрэгтэй.

-Эрүүл, зөв хооллолт  гэхээр хүмүүс амтгүй эсвэл хэт үнэтэй гэж ойлгодог тал бий. Хоолны дэглэмийг хэрхэн барих вэ?

-Юуны түрүүнд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд биеийн жиндээ тааруулсан килокалорийг өдөртөө тааруулж бодуулан өөрөө хоолны цэсээ зохиож идвэл илүү тустай. Түүнээс биш хоолоо хамаагүй хасвал өвчний суурь болно. Турах эмчилгээнд сэтгэл засал хамгийн чухал. Сэтгэл санаагаар унавал даавар хэт ялгарч, хүн их идэж эхэлдэг. Эрүүл хоол гэхээрээ амтгүй эсвэл өөрийн тань дадсан хоолноос тэс ондоо зүйл гэсэн үг биш. Хүн гэдэг сэтгэл ханахын хажуугаар хэрэгтэй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Гэхдээ амт оруулж байна гээд хоол хийхдээ нэмэлт олон орц найрлагаас бүрдсэн амтлагчийг хэрэглэх нь асуудал үүсгэдэг. Хоолны амтлагчид боловсруулсан маш олон төрлийн амт оруулагч бодис, сахар нэмсэн байдаг учраас тэр нь хүний биед сөргөөр нөлөөлдөг. Эрүүл хооллох боломж бидэнд бий. Улаанбуудай, жимс, ногоо, мах зэргийг янз бүрийн амтлагч нэмэлгүйгээр идэх нь эрүүл хооллолт болно.  Ясны шөлөнд коллаген, гидролины хүчил, B, C витамин агуулагддаг. Давс сонгохдоо аль болох байгалийн бор, нуурын давсыг илүүд үзэх хэрэгтэй.

С.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
H

SHAR AIRAG CH GEH SHIG TARIA BUDAANI ESGEMEL GEECH YAMAR SYY YUM UU

2018-10-05 13:52    66.249.82.218

Сэтгэгдэл нэмэх