ДАШТ-д П.Орхоны оронд С.Батцэцэг барилдана

2018-10-03 10:10      ГэрэгМН

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-28-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод болно. Энэ тэмцээнд шилдэг манай тамирчдын нэг П.Орхон оролцохгүй болж, оронд нь С.Батцэцэгийг сонгожээ.

П.Орхон өнгөрөгч наймдугаар сард Индонезийн Жакарта хотод болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медалийг хүртсэн билээ.

Тэмцээний дараа авсан допингийн шинжилгээнд бүдэрч Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос Монголын Үндэсний олимпийн хороонд ирүүлсэн бичигт түүний амжилтыг үр дүнгүйд тооцсон. 

Азийн наадмын үеэр П.Орхоноос авсан шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн мэдэгдэл Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, Дэлхийн бөхийн холбоо (UWW), Азийн бөхийн холбоо (AAWC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) зэрэг байгууллагуудад ирсэн.  

П.Орхон энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.  Хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гавъяат тамирчин П.Орхон энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо. Мөн түүнд оногдох шийтгэлийн хугацаа одоогоор тодорхой бус байгаа аж.

25 настай П.Орхон “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь бөгөөд 2016 оны нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотод болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээнд 58 кг-д түрүүлсэн юм. Энэ тэмцээний финалд олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог ялж, тухайн үед томоохон дуулианыг дэлхийн спортын түүхэнд бичсэн билээ.

П.Орхон 2016 оны хоёрдугаар сард Казахстанд болсон тэмцээнд олимпийн эрхийг авч, Риогийн наадамд барилдсан юм. Өнгөрсөн онд Францын Парист болсон ДАШТ-д 63 кг-д түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртэж, улмаар гавьяат тамирчин болсон. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх