Д.Энхбат:Англи хэлийг сайн сурах хэрэгтэй,гэхдээ төрөлх хэлээр дамжиж тархи хөгждөгийг мартаж болохгүй 

2018-10-03 09:01      ГэрэгМН

Мэдээллийн технологийн үндэсний паркаас өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэн хүргэсэн “Маргааш юу болох вэ?-Аж үйлдвэрийн IV хувьсгал” нэвтрүүлэгт “Бизнес 2.0” академийг  үүсгэн байгуулагч Д.Энхбатын ярьсан хэсгийг түүвэрлэн хүргэж байна.

  • Хүн төрөлхтний амьдралыг бүхлээр нь өөрчлөх зүйл бол хиймэл оюун.  Хүн  төрөлхтний 6000 жилийн бичмэл түүхэнд бичсэнээр бол эхлээд хүн  хөдөлмөрийн багаж зэвсгээ буюу  хүрз, жоотуу зэрэг багаж хэрэгслийг өөрчилж ирсэн. Хүн саяхныг хүртэл байгалийн монополь амьтан байсан. Гэтэл хиймэл оюуны хөгжил хүн төрөлхтний монополийг эвдсэн шинэ эрин рүү орж ирж байна. Ойрын 30-40 жилд хиймэл оюун өнөөдрийн бүх ажлын 40 хувийг солино гэж байгаа шүү дээ. Жишээлбэл, хуулийн дунд зэргийн хэргийг хиймэл оюуны компьютер анализ хийн хэний буруу зөвийг тогтоож чадна. Өөрөөр хэлбэл, хэрэг шийдэхэд улстөржилт,авлига орохгүй гэсэн үг.
  • Өнөөдөр интернетэд гурав,дөрвөн тэрбум хүн байгаа. Энэ хүмүүс өдөр бүр  твиттер, фэйсбүүк ашиглаж байна. Энэ бүх мэдээлэлд хиймэл оюун ухаан анализ хийж байна. Өөрөөр хэлбэл, зургаан тэрбум хүний амьдралаас компьютер маш хурдан суралцаж байна.  Эрдэмтдийн ярьж буйгаар ойрын 20 жилд ихэнхи ажилд хүнээс илүү чадвартай болно гэж үзэж байгаа. Хүн төрөлхтөн оюун ухааны салбарт 21-р зуунд үсрэнгүй өөрчлөлтөд  хүрнэ.
  • Хиймэл оюуны хамгийн том жишээг би дөнгөж сая явж байгаад үзлээ. Компьютер томограф, рентген зураг зэргээр  онош тавихыг  компьютер маш сайн хийж байна. Гэхдээ бурхан эмч шиг  хүний мэдрэмжийг арай гүйцэхгүй байна л даа.
  • Оюуны торгоны зам буюу дижитал дэлхийг байгуулах ажлыг дэлхийн бүх орон эхэлчихсэн. Монголчуудын хувьд тэрийг бүтээх биш тэр тоглоомд яаж идэвхтэй оролцох вэ гэдэг нь асуудал юм. Хоёрдугаарт тэр торгоны зам яаж Монголоор дайрах вэ гэдэг нь чухал. Миний бодлоор монголчууд их том алдаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, тоглоомонд  оролцолгүй мундаг болно гэж байхгүй.
  • Бид хөгжинө, баян болно гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ тоглооомд оролцохгүй, гаднын хөрөнгө оруулалт цаашаа, Хятад муухай зэргээр өөрсдийгөө түгждэг. Тэгэхээр бидэнд хоёрхон зам байна. Чи тоглоомд орох уу, үгүй юу гэсэн зам байна. Мэдээж чиний өрсөлдөгч муухай байж болно. Тэр нөхөр чамайг муулна, хорлоно ,зальдина бүх юм байгаа. Тэглээ гээд чи оролцох уу. Ганцхан зам байгаа юм. Чи тэрийг л давах хэрэгтэй. Хэн нэгэн нь муу байж болно.
  • Орос, Хятад байна уу бидэнд хамаа байхгүй. Бид тэр бүхнийг давж ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Түүнээс биш хаалгаа хаагаад одоо бид  харьцахгүй гэж болохгүй шүү дээ. Өнөөдөр монголчуудын хувьд сэтгэл санааны сонголт хэрэгтэй.  XXI зуунд дэлхийн 200 орон чөлөөт худалдаа, мэдээлэл, технологи, санхүү гэж бужигнаж байхад тэр бүхэнд Монгол оролцох уу эсвэл бүгдийг муулаад суух юм уу. Миний хувьд оролцохгүй бол Бутан улс шиг хаалгаа хаагаад сүм дотор амьдрах болно шүү дээ.
  • Тийм учраас Монгол Улс  оюуны торгоны замд оролцох ёстой. Тэрэнд маш идэвхтэй тоглох ёстой.  
  • Монголд гурван сая энтрепрёнер байх тухай би хэлсэн. Энэ нь  гурван саяулаа бизнес эрхлэгч болно гэсэн үг биш. Гэхдээ Монголын гурван сая хүн болгон өдөр тутам асуудалтай тулгарч байгаа. Жишээлбэл, цэцэрлэгийн багш хүүхдүүдэд  хэрхэн гар нүүр угаалгах гэх зэрэг олон асуудал тулгарна. Энтрепрёнер болно гэхээр тэр асуудлыг шийддэг хандлага соёл гурван сая хүнд бий болно гэсэн үг.
  • Гол энтрепрёнер ялгаа нь нийгэм өөрөө тийм хүмүүст үйлчилдэг дэд бүтцүүдтэй болдог. Түүнийгээ санхүүжүүлдэг, сургадаг. Жишээлбэл, Монголын IT парк шиг технологиор эхлүүлдэг. Залуучуудад урам өгдөг, хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн бүтээлч хөдөлмөрийг дэмждэг нийгмийн асар том зөөлөн гэдэг юм уу дэд бүтцүүдийг төр засаг, банк санхүүгийн байгууллага, мэргэжлийн холбоодын зүгээс байгуулах замаар улс орныг хөгжүүлнэ. Зөвхөн барилга байшин, төмөр зам биш.
  • Энэ зөөлөн дэд бүтэц бол Монголын бүх асуудлыг шийдэхэд гурван сая хүн хүнийг татан оролцуулах дэд бүтцийг бий болгоно гэсэн үг. Үүнийг л гадаадын хэвлэлүүд орчин үеийн бизнесийн энтрепрёнер гэж нэрлээд байгаа юм. Хамгийн их хурдтай амжилттай харагдаж байгаа нь бизнес энтрепрёнер л доо. Гэхдээ сошиал энтрепрёнер буюу нийгмийн энтрепрёнер гэж бас их байна.Жишээлбэл, Жорлонгоо өөрчилье  гээд санаачлага байна. Энэ бол нийгмийн энтрепрёнер юм. Энэ санаачлагыг гаргасан хүмүүс тэрийг бизнес болгохоосоо өмнө нийгмийн том асуудлыг хөндөж,  олон нийтээрээ буюу төр засаг, компани, хувийн хэвшил хамтран шийдэхийг харуулсан энтрепрёнер юм.
  • Залуучууд,гадаад дотоодод явж байсан хүмүүс их анзаардаг. Гадаадад явж байгаад Монголд ирэхээр бидний яриа дэндүү жижигхэн байдаг. Бид ямар нэгэн юмыг хайрцагнаасаа гарч сэтгэж харах хэрэгтэй. Жишээ нь тэр Хятад, Орос, Америкт очоод харахад бидний боддогоос тэс өөр зүйл байдаг. Тэр зүйл нь магадгүй 50,60-аад оны үед миний хүүхэд байх үеийн мэдээлэл байгаа. Гэтэл өнөөдөр ертөнц шал өөр болчихсон шүү дээ.
  • Дарга хүний ажлыг өөрийнх нь ажлаар биш цэргүүдийнх нь ажлаар үнэлдэг гэж байгаа. Тийм учраас хамгийн сайн Засгийн газар гэдэг нь хамгийн сайн ажилсаг ард түмэнтэй Засгийн газрыг хэлнэ. Түүнээс биш би та нарын ядуурлыг арилгана, халамжаа аваад сууж бай гэдэг бол хамгийн ажилгүй Засгийн газар. Хамгийн бүтээлч Засгийн газар гэвэл миний бодлоор бүх ард иргэд нь бүтээлч Засгийн газрыг хэлнэ.
  • Монгол Улс гуравхан сая хүн амтай. Үүний нэг сая нь ажил хийж байгаа.  Гэхдээ  америк нэг хүний хийж бүтээж буй зүйлээс 10 дахин бага бүтээмжтэй. Яагааад гэхээр 10 дахин бага технологи, шинжлэх ухаан хэрэглэж, 10 дахин бага бүтээмжтэй байна гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын хөгжих үндсэн арга бол хүмүүсээ чадавхжуулах, технологижуулах, мэдлэгжүүлэх юм.
  • Хүн төрөлхтний явж буй үндсэн зам энэ. Нэг компанийг бүтээлч болгоё гэвэл би тухайн захиралд хоёр л зүйл хэлнэ. Нэгдүгээрт компаниа систем гэж хараад түүнийгээ хөгжүүл, түүндээ хамгийн орчин үеийн технологи ашигла. Одоо Монголын компанийн 10 захирал тутмын 9 нь компани гэдэг систем байгуулж байгаагаа мэддэггүй. Би сайн ажиллаж байвал болно гэж боддог. Үгүй шүү дээ. Сайн ажилласнаар өнөөдөр амжилтад хүрэхгүй. Сайн гүйснээр олимпод түрүүлэхгүй, бяртай байлаа гээд бөх болохгүй. Гагцхүү сайн технологи, дасгалжуулагч, шинжлэх ухаан хэрэгтэй.
  • Боловсролын жишээ. Өнөөдөр манайд  багш нь сурагчдаа ярьж өгөөд, сурагч нь эргүүлээд багшдаа ярьж өгөөд дүн авдаг.Ингээд бүх хүүхдэд ижил зүйл цээжлүүлээд хэн сайн цээжилсэнд дүн тавьж бүртгэдэг манай боловсролын системтэй Үүнийг бол мэдээллийн сургалт гэж хэлээд байгаа юм.
  •  Гэтэл орчин үед мэдээллийн сургалт явахаа байсан. Яагаад гэвэл бидний өнөөдөр сонссон мэдээлэл магадгүй хоёр жилийн дараа хэрэггүй болно. Дэлхий ертөнцийн бүх зүйл их хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Тэгэхээр мэдээлэл хураах биш мэдээлэлтэй ажиллаж чаддаг чадвар хэрэгтэй. Үүний тулд мэдээллийн сургалтыг чадварын сургалтаар солих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн хэн нэгэнтэй хамтарч ажилладаг, аливаа зүйлийг өөр өнцгөөс харж, байр сууриа илэрхийлж чаддаг байх хэрэгтэй.
  • Багш бол номонд юу бичсэнийг асуухаасаа өмнө чи үүний оронд байсан бол юу гэж хэлэх байсан бэ? гэж асуух ёстой.  Гэтэл Монголд багш нар өөрөөр хариулсан хүүхдэд дургүй байдаг. Энэ бол боловсролын тогтолцоо чанар муудаж байгаагийн нэг шалтгаан. Харин гадаадад ном уншаад “Энэ зохиолч худал ярьсан байна. Би байсан бол ингэж бичнэ”гэх зэргээр хариулж байгаа хүүхдийг үнэлдэг. Яахав тэр хүүхдэд мэдлэг дутуу байж болно. Асуудал үүнд биш, тэр хүүхэд юмыг өөр өнцгөөс харж чадаж байгаа байхгүй юу. Орчин үед бусадтай харьцдаг, өөрийнхөө бодолдоо үнэнч, байр сууриа илэрхийлж чаддаг нэгнийг хэрхэн бий болгох тухай ярих ёстой. Энэ бол орчин үеийн боловсролын  зорилго.
  • Монгол залуус англи хэл маш сайн сурах хэрэгтэй. Дээр нь  бид   монгол хэлээ сайн сурах хэрэгтэй. Төрөлх хэлээр дамжиж тархи хөгждөг. Бага насны хүүхдэд төрөлх хэлийг сайн сургаагүйгээс тархи нь сайн хөгжиж чаддаггүй.  Төрөлх хэл бол гадаад хэлнээс ялгаатай нь сэтгэлгээний механизм юм. Төрөлх хэл, тархи хоёр нэг зүйл. Зургаан тэрбумын нэг учраас англи хэл сурах хэрэгтэй. Энэ хоёрыг нийлүүлбэл монголчууд ухаан задрах бую хөмөрсөн тогооноосоо гарна. Бидэнд ардчилал, эрх чөлөө бүх зүйл  байна. Гагцхүү монгол хүн задрах хэрэгтэй. Монгол хүн задарснаар Япон, Солонгос, Оросын хэнээс ч дутахгүй. Бид задрахгүй байгаад байна.

Тэмдэглэсэн Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх