Ч.Алтанхуяг: Иргэдийг харьяалал харгалзахгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулна

2018-10-02 08:51      ГэрэгМН

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдийг анх удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулахаар боллоо. Энэ талаар ЭМДЕГ-ын  дарга Ч.Алтанхуягтай ярилцлаа.

-Иргэд хэзээнээс эхлэн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдаж болох вэ?

-Өнөөдөр /өчигдөр/-өөс эхлэн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагч иргэдийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд уялдуулан товлолт хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой. Үүний дагуу урьдчилсан сэргийлэх үзлэгийн багцыг батлахдаа энэ оноос эхлэн тухайн жилд нь тохируулахаас гадна аль насандаа ямар шинжилгээ өгөх ёстойг мөн харгалзаж үзсэн. Ингээд эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн 40-71 мянган төгрөгийн урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжтой.

-Насны хувьд ямар ангилал тогтоосон бэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосны дагуу 18-аас дээш наснхыхныг дөрөв ангилсан. Тодруулбал, 18-34, 35-45, 46-64 болон 65-аас дээш гэсэн ангилалаар үзлэг, оношлогоонд хамруулна.

-Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулахад хугацаа заасан уу?  

-Даатгуулагч насны ангиллынхаа дагуу тухайн жилдээ багтаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий  үзлэг, эрүүл мэндийн эрсдэл, халдварт бус өвчний үнэлгээ хийнэ. Үүн дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулна. Тухайлбал, 18-34 насныханд БЗДХ, сүрьеэгийн  илрүүлэг үзлэг хийнэ. Учир нь, улсын хэмжээнд БЗДХ сүүлийн таван жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний 28-40 гаруй хувийг тогтмол эзэлж байна.  Харин 46-64, 65-аас дээш насныханд хоёр сонголт олгосон. Тодруулбал, тэд урьдчилан сэргийлэх ерөнхий эсвэл өөрсдийн эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан хавдрын чиглэлийн багцыг сонгож үзлэг оношлогоонд хамрагдах боломжтой. ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн мэдээгээр дэлхий дахинд түүн дотор манай оронд хорт хавдрын өвчлөл, нас баралт цаашид нэмэгдэх тооцоололтой байна. Тухайлбал, 2012 онд дэлхийд 12 сая, манай улсад 4544 хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2030 он гэхэд дэлхийд 21.6 сая, манай улсад 7500 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол болж өсөх тооцоололтой байна. Мөн дээрх тооцооллоор манай оронд хорт хавдрын шалтгаант нас баралт 2012 онд 3050 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2030 он гэхэд 5964 болж нэмэгдэхээр байна.

-Тухайн үзлэгт оношлогоонд хамрагдахад оршин суугаа харьяалал харгалзах уу?

-Харъяалал харгалзахгүй учраас тухайн иргэн өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж болно.  Гэхдээ өөрийнхөө харьяа эмнэлэгт хандахыг уриалж байна. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар харьяа эмнэлэгтээ хандаж чадахгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий аль ч эмнэлэгт хандах бололцоотой. Ингэхдээ иргэний үнэмлэх болон амбулаторын картаа авч очих ёстой.  

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол юу вэ?

-Халдварт бус өвчин дэлхий дахинд төдийгүй манай оронд сүүлийн жилүүдэд ихэсч байна. Өнгөрсөн онд НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл, тэдгээрийн 32 хувь нь 30-70 насныхныг хамарч, цагаас эрт нас барж байгааг тогтоосон байдаг. Судалгааны энэхүү үзүүлэлтийг бага болон дунд орлоготой бусад оронтой харьцуулахад манай улс дэлхийд халдварт бус өвчлөл өндөр тархалттай хоёр дахь орон болж байна.

Оношилж буй хорт хавдрын 80 хувь нь хожуу буюу эмчлэх боломжгүй үед илэрч, хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 60 хувь нь нэг жил амьдрахгүй нас барж байна.  Эрт үед нь найдвартай оношлох боломжтой элэг, ходоод, улаанхоолой, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75 хувийг дангаараа эзэлж байна. Иймд эдгээр хорт хавдрыг эрт үед илрүүлж, оношлоно, мөн эмчилнэ. Мөн далд хэлбэрийн чихрийн шижинг оношлох, чихрийн шижингийн үеийн гол хүндрэл болох нүд сохрох, бөөр, зүрх, нүд, хөлний үхжил хүндрэлээс сэргийлэх боломж бүрдэнэ. Сүрьеэ, БЗДХ өвчнийг илрүүлэх, уушигны бус сүрьеэ өвчин үүсэх, БЗДХ өвчин бусдад халдвар дамжихаас сэргийлж, эрт илрүүлж бүрэн эмчилнэ.

-Иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулснаар ямар үр дүнд хүрнэ гэж тооцсон бэ?

-Өнөрсөн онд хүн амын нас баралтын шаптгааны 34.2 хувийг зүрх, судасны тогтолцооны өвчин, 25.5 хувийг хавдар, 16.6 хувийг нас бараптын гадны шалтгаан, 7.3 хувийг хоол боловсруулах тогтолцооны өвчин, 3.8 хувийг амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байна. Иймд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх, судасны өвчнөөс сэргийлж, нас баралтыг 14 хувиар бууруулах боломжтой. 2030 он гэхэд хорт хавдрын нас баралтыг 35  хувиар бууруулна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй эмчилгээнд гарах зардал багасна. Эрт үедээ илэрсэн хавдрыг хямд зардлаар эмчлэх төдийгүй хөдөлмөрийн чадвар алдалт багасна. Хавдраар өвдсөн хүмүүсийн амьдрах хугацаа уртасна гэж тооцсон.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх