Монгол бөхчүүд хуваагдал тэмцлээ "Бөхийн өргөө"-г төрд авахуулж байж л зогсоох уу

2018-10-01 17:05      ГэрэгМН

-А.Сүхбат: Намайг допинг хэрэглэсэн гэж ярьдаг хүмүүс тэрийгээ батал-

Улсын баяр наадмын өмнөхөн арайхийж хэрүүл нь намжсан Бөхийн холбооныхны ээлжит зөрчил тэмцэл өнгөрсөн долоо хоногт дахин эхэлж, бямба гаригт болох байсан намрын барилдааны нээлтийг хойшлуулааад байна.

Гацууртын Л.Чинбат нарын нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор тэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргыг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзэж байна.  

Мөн Л.Чинбатыг Бөхийн холбооны тэргүүнээр сонгосон, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг нэр сарын хугацаатай түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон нь ч маргааныг дахин эхлүүлэхэд хүргээд байна.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний булаалдаад байгаа Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах тухай саналыг Засгийн газарт илгээсэн. Одоогоор Засгийн газар уг асуудалд хариу өгөөгүй л байна. 

Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны тэргүүн биш гэхийн сацуу эсрэг тал нь УИХ-ын гишүүн, аварга А.Сүхбатыг допинг хэрэглэсэн анхны бөх гэсэн мэдээлэл түгээж буй.  

Тэгвэл УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат энэ тухай байр сууриа илэрхийлжээ. А.Сүхбат “Намайг допинг хэрэглэсэн гэж яриад байгаа хүмүүс тэрийгээ баталчих. Тотгоны гэрлээр туяа орж ирээд тэгчихлээ гэсэн яриа шиг юм ярьж болохгүй. Ерөөсөө л хариуцлагын асуудал. Өнөөгийн нийгэмд хариуцлага хүлээдэг хүн маш цөөхөн болсон байна. Нэг юм болохоор өөр юм ярьдаг. Бусад руу булздаг байж болохгүй. Шударга л байх хэрэгтэй. Олимпийн үзэл санаа байдаг. Хурднаас хурдан, хүчтэнээс хүчтэй, өндрөөс өндөрт гэдэг шиг” гэжээ.

Энэ мэтээр бөхчүүд асуудал үүсгэсээр. Тэднийг МҮБХ гэдэг ТББ-аа булаацалдаад байгаа гэвэл үнэнд нийцэхгүй нь. Харин тэд "Бөхийн өргөө"-г л булаалдаад байгаа нь тодорхой. Тиймээс асуудалд Засгийн газар буюу төр оролцохоос аргагүй болжээ.

Уг өргөөг төрийн мэдэлд авах л энэ хэдэн бөхчүүдийг хэрүүл, уруулгүй суулгах гарц болох нь шиг.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх