Н.Цэрэндолгор:Ерөнхий боловсролын сургалтын чанарын гол суурь нь бага ангийн сургалт байдаг

2018-10-01 09:52      ГэрэгМН

“IB” хөтөлбөр хэрэгжүүлж буй  “Шинэ үе” сургуулийн дэд захирал Н.Цэрэндолгортой ярилцлаа.

-Танай сургууль албан ёсоор “IB” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм билээ. Энэ нь ямар учиртай хөтөлбөр юм бэ?

-2014-2016 оны жилд “DynED” англи хэлний онлайн сургалтыг II-V ангийн сурагчдад хичээлийн үндсэн хөтөлбөрт нэмэлт хэлбэрээр оруулсан. Ингэснээр сурагчдын англи хэлний сонсох болон ярианы чадварыг хөгжүүлж, сурах сонирхлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие даан интернет орчинд гэртээ суралцах боломжтой юм. Үүний дараа 2016-2018 онд олон улсын “IB” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр горилж байна. Энэ нь бакалаврын суурийг бэлтгэх олон улсын ахлах ангид зориулсан хөтөлбөр юм. Энгийнээр хэлбэл,  их, дээд сургуульд суралцах сурагчдыг бэлтгэж байна гэсэн үг.  Энэхүү хөтөлбөрөөр сурч төгссөн хүүхэд TOEFL, IELТS гэх мэт шалгалт өгөхгүйгээр гадаадын хүссэн их дээд сургуульд суралцах бүрэн боломжтой. 

-Хоёр жилийн хугацаанд ямар бэлтгэл хангасан бэ?

-Сургуулийн барилгаа өргөтгөж, “IB” хөтөлбөрийн шаардлагад нийцсэн хими, физик, биологи, математикийн лабораториудыг байгуулсан. Мөн “IB” хичээлүүдийг сургалтын цөм хөтөлбөрийн агуулгатай уялдуулж  шинэчлэн боловсруулсан. Түүнчлэн багш нараа бэлтгэсэн. “IB” хөтөлбөрийн хичээл заах багш нарыг онлайнаар сургалтад хамруулж, сертификат олгосноор хичээл заах эрхтэй болдог. Одоогоор арваад багш эрхээ авчихсан байна. Ийн бид  хөтөлбөрийн шинэчлэл хийж, багшийн хөгжилд анхааран ажиллаж байна.

-Тухайн хөтөлбөр бусад хөтөлбөрөөс ямар давуу талтай вэ. “IB” хөтөлбөрөөр хичээллэсэн сурагчид ямар чадвар эзэмших вэ?

-“IB” гэдэг нь 45 жилийн практик судалгааны үндсэнд хүүхдийг эрдмийн болон  хувь хүн талаас нь хөгжүүлж төлөвшүүлдэг онцгой арга барилтай олон улсын хөтөлбөр. Энэ хөтөлбөр шинжлэх ухаан болон математикийн хичээлийн суурь мэдлэг, мөн англи хэлний сонсох, унших, ярих чадварыг зэрэг хөгжүүлдэг. Мөн  сурагч чөлөөт цагаараа бие даан суралцах боломжтойгоороо бусад хөтөлбөрөөс  давуу юм. Сурагчид хэд хэдэн чадвар эзэмших бүрэн боломжтой. Тухайлбал, өргөн, гүн бат мэдлэгтэй болохын зэрэгцээ идэвхтэй, сониуч, эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө илэрхийлдэг, зарчимч, нээлттэй, чөлөөтэй болно. Мөн бусдад санаа тавих, хүнтэй зөв харилцах, шинийг санаачлах, бүх талаар тэгш хөгжих, өөрийн боломжоо бүрэн ашиглах чадвар эзэмшдэг.  

-Танай хамт олны цаашдын зорилго, зорилт юу вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарын гол суурь нь бага ангийн сургалт байдаг. Манай сургууль энэ талд ихээхэн туршлагатай бага ангийн багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд голлон анхаардаг.  Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг мөн англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн сонгон   үздэг.

Ер нь манай англи хэл, математикийн багш  нар тэнхимийн зохион байгуулалтад орж, бага дунд ангийн  залгамж холбоог  нарийн тооцон  сургалтыг хөтлөн явуулж байна. Тэнхимийн гол зорилго бол сурагчдыг хоцрогдолгүй сайн сургах онцгой авьяастай хүүхдүүдийг дүүрэг, хот, улс болон олон улсын уралдаан тэмцээнд бэлтгэн амжилттай оролцуулах юм. Бид улсын математикийн 55-р олимпиадыг “Шинэ үе” сургуулийн нэрэмжит болгон 2019 онд зохион байгуулах тугийг хүлээн авсан. Энэ нь улсын математикийн олимпиадын хорооноос манай хамт олонд өндөр итгэл найдвар хүлээлгэсэн явдал юм.

-“Шинэ үе” сургуулийг байгуулах санааг хэрхэн олсон бэ?

-Би бусдын адил эгэл амьдрал туулсан. Би Завхан аймгийн Сонгино суманд  малчны гэр бүлд төрсөн. Миний дүүг Н.Хажидсүрэн гэдэг. Дүү маань 52 дугаар сургуулийг алтан медальтай  төгсч, тэр үеийн ЗСБНХУ-д Пятигорск хотын Багшийн академийг англи ,орос хэлний багш мэргэжлээр төгссөн. Тэр үед хүмүүс англи хэл сурах эрмэлзэл их байгааг дүү маань анзаарч сурсан боловсролоо ашиглан мөн сэтгэл дотроо хадгалж явсан хүсэл мөрөөдлийнхөө галыг асааж өөрийн сургуулийг байгуулсан юм.

Надад хамт ажиллах санал тавиад бид хоёр улсын сургуулиас хувийн сургуулийн салбарт зүтгэх болсон. Бид  “Орхон” их  сургуулийг жинхэнэ  сургууль болгож үүсгэн байгуулж чадсан.

Миний хань боловсролын системд насаараа ажилласан Ардын багш Ү.Маам гэж хүн бий. Олон арван шавь нараа уралдаан, тэмцээнд бэлдэж үр дүнг нь үзэж байсан болохоор шавь нар, найз нөхөд, эцэг эх, танил хүмүүс биднийг  сургууль байгуулахыг санал болгодог байсан нь бас нөлөөлсөн.   Мөн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Шинэ үе” сургуулийг 2003 онд байгуулж, 15 дахь жилтэйгээ золгож байна. 

-Танай сургуульд одоогоор хэчнээн хүүхэд суралцаж байна вэ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэр зэрэг амжилт бүтээлтэй ажиллав?

-800 гаруй сурагчид, 70 гаруй багштайгаар сургалт, хүмүүжлийн  үйл ажилаа явуулж байна. Нийслэлийн боловсролын газраас уламжлал болгон зохион байгуулдаг монгол хэлний “Зөв сайхан бичицгээе” уралдаанд гурван жил дараалан шалгарсан. Математик, монгол хэлний олимпиадад олон сурагч амжилт үзүүлж байна. Боловсролын үнэлгээний төвөөс сүүлийн гурван жилд улсын хэмжээний 105 сургууль , хувийн сургуулиас V, IX, XII ангийн бүх сурагчаас математик, монгол хэл, англи хэл, байгалийн ухаан, нийгэм, түүхийн хичээлээр Боловсролын үнэлгээний төвийн чанарын шалгалт авсан. Энэ дүнгээр 2014-2017 онд Чанарын үнэлгээний судалгаанд хамгийн өндөр үнэлгээтэй шалгарч, бид батламж  хүртсэн.

Сургууль, боловсролын байгууллагыг сургалт, хүмүүжлийн ажлын чанар үр дүн, орчин нөхцөл, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгч тодорхой хэмжээнд байр эзлүүлэн эрэмбэлдэг. Ингэхдээ багш нарын дунд ур чадвар, мэргэжлийн олимпиад, шилдэг илтгэл гэсэн гурван үндсэн уралдаан зохион байгуулдаг. 15 жилийн хугацаанд ур чадварын уралдаанд улсад  дөрөв, нийслэлд 17, шилдэг илтгэлийн уралдаанд улсад ес, нийслэлд 16, мэргэжлийн олимпиадад улсад ес, нийслэлд 14, улс, нийслэл, дүүргийн мэргэжлийн аваргаар арван багш шалгарч байсан.

2015-2017 онд “Сайн багш хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт мэргэжил, арга зүйн сургалтыг хоёр удаа, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт “Багшаа чадваржуулъя” сэдэвт сургалт, мөн Завхан аймгийн Сонгино сум,  Булган аймгийн Рашаант сумын сургуулийн багш нартай “Багш солилцооны хөтөлбөр”-өөр зөвлөн туслах ажлыг явуулсан. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс энэхүү ажлыг дэмжиж, манай  сургуулийг  тус институтын  “Судлаач багш” салбар болгон батламжилж, одоо хамтран ажиллаж байна.

-Сүүлийн үед багш нар цалингаа голж, ажил хаяж багагүй асуудал үүсгэлээ. Та багш мэргэжил эзэмшсэндээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Багшийн хөдөлмөрийг сайхан ажил гэж боддог. Бид улсын хөрөнгөөр сурсан. Эх орноосоо хүртсэн хишгээ эргээд төр, түмэн олондоо хүртээх хүмүүжлээр өсч өндийсөн болохоор ирээдүйгээ сурган хүмүүжүүлэх үүрэгтэй. Сургах гэдэг багш хүний жаргал гэдгийг мэдэрсэн учраас мэргэжилдээ, салбартаа үнэнч байдаг юм.

-Хүмүүс боловсролыг чухал, чухал биш гэдэг. Боловсролын үнэ цэнэ, үнэлэмжийн талаар та залууст юу гэж хэлэх вэ?

-Боловсрол маш өргөн агуулгатай. Хүний боловсролыг зөвхөн дипломоор хэмжих нь өрөөсгөл. Боловсрол эзэмшинэ гээд зөвхөн хичээлдээ сайн сурахыг хэлэхгүй. Сурсан зүйлээ амьдрал ахуйдаа ашиглаж, мэдлэгээ хэрэглээ болгон хувиргаж, зөв төлөвшин нийгэмшиж, өөрийгөө дайчлан амьдрах арга ухааныг олсон хүнийг боловсролтой гэж хэлж болно. Гэхдээ энэ бүхнийг хүн зөвхөн багшаар заалгах биш , заримыг  нь бие дааж сурах ёстой.

Хэрвээ хүн банкинд мөнгө хадгалуулбал тодорхой хугацаанд л өснө. Харин боловсролд хөрөнгө оруулбал түүнийг  өөр хэн ч ашиглах боломжгүй. Насан туршдаа өөрийгөө төдийгүй  гэр бүлээ тэжээж сайхан амьдрах эх үүсвэр болдог.  Нөгөө талаараа боловсрол гэдэг сургалт хүмүүжлийн бие даасан тогтолцоо, боловсон ёс зүй гэж ойлгож болно.

Боловсрол бол зөвхөн ажилд орох , цалин авах, албан тушаал ахих хэрэгсэл биш шүү. Харин улс орноо хөгжүүлэх үйлсэд сурсан мэдснээ зориулж хувь нэмрээ оруулах үнэт зүйл. Өндөр боловсролтой хүмүүс хэрхэн амьдрах, биеэ авч явах, бусадтай харьцах, эрүүл амьдрах зэрэг нь болосролын үнэ цэнэ гэж ойлгодог.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх