С.Амарзаяа:Вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд иртэл НҮБ-ын Хүүхдийн сан хариуцдаг

2018-09-25 11:26      ГэрэгМН

Вакцины аюулгүй байдалтай  холбогдуулан бид Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Амарзаяатай ярилцлаа.

-Вакцин тариулахад нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн мэдээлэл гарсан. Ер нь энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ?

-Бид аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ханддаг. Тэгэхээр вакцин тариулахад хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг үү гэвэл хоёр талтай. Үзүүлж болно, бас болохгүй. Яагаад гэвэл бланстай байх хэрэгтэй.

Вакцин гэдэг бол их нарийн судалгааны үндсэн дээр бий болдог. Энэ вакциныг гаргахын тулд тухайн өвчнийг үүсгэж буй вирус, өвчтөн хоёрыг сайн судлах хэрэгтэй. Вакцин нь олон янз бий. Хорвоо дээр 100 хувь төгс зүйл байдаггүй. Тэгэхээр бид вакцин тариулах нь 100 хувь аюулгүй гэж хэлдэггүй. Бас аюултай гэж хэлж болохгүй. Зарим тохиолдолд тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан өөрчлөлт өгнө. Хүн хүний онцлогоос шалтгаалж сөрөг нөлөө үзүүлэх эсэх нь хамаарна. 

-Манай улс хүүхдүүдээ товлолын вакцинд хамруулдаг. Энэ вакциныг хаанаас оруулж ирдэг вэ?

-Монгол улсын дархлаажуулалтын тухай хуулинд 15 хүртэлх насны бүх хүүхдэд товлолын дагуу вакцин хийнэ гэж заасан байдаг. Товлолын вакцин гэдэг нь дэлхийн хэмжээнд хийхийг зөвлөсөн вакцин юм.

Мөн энэ хуулинд товлолын вакциныг улс өөрийн хөрөнгөөр худалдаж авна гэж заасан байдаг. Худалдаж авахдаа ДЭМБ-ын чанарыг хангасан сертификаттай үйлдвэрээс авна гэж заасан байдаг.

Манайд оруулж ирж байгаа вакцины аюулгүй байдлыг төр хариуцдаг. Тэгэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан вакцин худалдан авдаг.  Энэхүү сан нь дэлхийн 100 гаруй оронд вакцин нийлүүлдэг.

-Тухайлбал манайх ямар оронд үйлдвэрлэсэн вакцин оруулж ирдэг вэ?

-Вакциныг голчлон Европын орнууд тэр дундаа Бельги, Азийн орнуудаас  Энэтхэг зэрэг улс оронд үйлдвэрлэсэн вакциныг оруулж ирдэг. 

-Манай улс вакцинжуулалтад хүүхдүүдээ бүрэн хамруулдаг болов уу?

-Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүст хамаарагддаг. Тэр дундаа вакцинжуулалтад хамрагдах байдал бүс нутаг дахь бусад оронтой харьцуулахад өндөр байдаг. Гэвч вакцинаас хоцрох тохиолдол байна.

Тодорхой шалтгааны улмаас вакцин хийхгүй өнгөрөх тохиолдол бий. Вакцин хамрагдалт өндөр тохиолдолд хүн амын дундах дархлааг хадгална. Хүн амын дундах дархлаа өндөр байх нь эрүүл аюулгүй амьдрах үндэс суурь болдог.

-Монгол улс хэзээнээс хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулж эхэлсэн юм бол. Дархлаажуулалтын үр дүн бодит байдал дээр хэрхэн илэрч байна вэ. Жишээлбэл, саяхныг хүртэл бид улаанбурхан өвчинг таслан зогсоосон орнуудын нэг болж байлаа шүү дээ?

-ДЭМБ 1974 оноос бүх хүүхдийг вакцинжуулах хэрэгтэй гэж үзээд товлолын системийг анх нэвтрүүлсэн гэж хэлж болно. Үүний дагуу Монгол Улс ч хүүхдүүдээ товлолын вакцинд албан ёсоор хамруулж эхэлсэн. Төрснөөс хойш 48 цагийн дараагаас эхлээд 15 нас хүртэлх хугацаанд 11 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх долоон төрлийн вакциныг хийдэг. Үүнийг товлолт вакцин гэж нэрлэдэг.

 -Манайд оруулж ирж буй вакцины хадгалалт хамгаалалт хэр байдаг вэ?

-Вакцин бол их эмзэг. Юуны түрүүнд вакцин хадгалалтын горимыг чанд барих ёстой. Үйлдвэрлэгчээс хүнд хүрэх хүртэлх хугацааны температурыг чанд сахиж байж хэрэглэгчдэд чанартай вакцин хүргэнэ гэж үздэг.

 Вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтийг “Чингис хаан” нисэх онгоцны буудал хүртэл Хүүхдийн сан хариуцдаг болохоор найдвартай. Буянт-ухаад хүргэж ирмэгч вакциныг задалж температурыг хэмжиж үзээд протоколь хөтөлж, мэргэжлийн хяналт хүлээн авна. Үүнийг Халдварт өвчин судлалын төвд вакцин биобэлдмэлийн агуулахад хадгална. Агуулахад оруулахаас өмнө температурыг дахин хэмжиж шалгана.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаныхан өдөрт 2-3удаа температурыг шалгадаг. Ингээд байнгын хяналт шалгалтын дараа аймаг, сум, хороодын өрхийн эмнэлгүүдэд тараана. Зөөвөрлөхдөө заавал хэм хяналтын хэрэгслийг дотор талд нь байрлуулна.

-Вакцин хийлгэдэггүй орон байдаг болов уу?

-ДЭМБ вакцин хийхийг бүх улс оронд зөвлөдөг. Огт вакцин хийлгэдэггүй орон байхгүй болов уу. Манай улсад товлолын вакцин үнэ төлбөргүй байна. Гэтэл зарим оронд 80, 90 ам.долларын төлбөртэй байна.  

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх