Тархи судлал:Ангараг гариг дээр  хүний сэтгэн бодох чадвар хадгалагдаж чадах уу  

2018-09-25 09:02      ГэрэгМН

 

Нобелийн шагналтны цуврал уулзалтын анхных болох “Тархи судлал XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хуралд өчигдөр Монголын нейросайнсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Баттүвшин “Тархи судлалын шинжлэх ухааныг Монголд хөгжүүлье” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр тархи судлалын чиглэлээр Японы Кюүшүгийн их сургуульд доктор хамгаалж, өдгөө АНУ-ын Нью Жэрси мужийн Ратгерсийн их сургуульд судлаач, багшаар ажиллаж байна. 

Ингээд түүний илтгэлээс толилуулья.

...Дэлхий дахинд тархи судлалыг XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан. Ерөөс бүх шинжлэх ухааны уулзах цэг нь хүн байдаг. Сансар судлал хүртэл шүү.

Тархи судлалын эрдэмтдийн хэлж буйгаар Ангараг гараг дээр технологийн дэвшлийг ашиглан гурван сарын дотор хүрч очиж болно. Гагцхүү тэнд очоод хүний сэтгэн бодох, ажил хөдөлмөр эрхлэх чадвар эх дэлхий дээр байдаг шиг хөгжиж , хадгалагдаж чадах уу гэсэн асуултын хариулт оньсого хэвээр байгаа юм.

Тиймээс энэ салбарт олон туршилт хийж байгаа. Тухайлбал, тархины эд эсүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготойгоор сансарын тойрог замд орсон хүний бие организм ямар байна, хүчилтөрөгчийн бага даралтат орчинд ичдэггүй амьтныг ичээнд оруулж болох уу, тусгаарлагдсан нөхцөлд хэдэн хүнийг бүлэг болгон амьдруулах вэ, тэдэнд сэтгэлзүйн дарамт үүсгэхгүйгээр хэрхэн амжилттай колонийн загвар үүсгэх вэ зэрэг судалгааг хийсэн. Энэ бүхний учрыг олоход 21 дүгээр зуунд тархи судлал хамгийн чухал үүрэгтэй.

“Цаг хугацаа ба орон зай” хэмээх сэдвээр илтгэл тавьсан 2014 оны Нобелийн шагналт   тархи судлаач Норвегийн эрдэмтэн  Эдвард Мозер:

  Эдвард Мозер  2014 онд эхнэр Мэй Бритт Мозер, Жон О Кийф нарын хамтаар тархин дахь торон эс, орон зайн мэдрэхүйн талаарх судалгаагаараа Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн.

Энэ хурлын үеэр тэрбээр хархны тархины үйл ажиллагаан дээр тулгуурлаж, хийсэн орон зайн судалгааны ажлаа олон нийтэд танилцуулсан юм.

Илтгэлээс:

Хүний тархинд дунджаар 100 тэрбум эс байдаг бөгөөд нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож,  цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн авч, дамжуулдаг. Энэ нь хөхтөн амьтан болон хүний тархины ажиллагааны гол хэлбэр бөгөөд үүнийг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хурлын үеэр хүмүүсийн хэлсэн сэтгэгдэл:

Дэлхийн тархи судлалын байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Стефани дө ла Рошфуког:

-Тархи судлалыг монголын залуу эрдэмтэд сонирхон судалж байгаа нь талархууштай. Тэднийг бүх талаараа дэмжин ажиллахад бид бэлэн. Бид залуу эрдэмтдийг бүсийн аяллын тэтгэлэг хөтөлбөртөө хамруулна. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан залуус бүс нутгийнхаа улс орнуудад болж буй томоохон хурал, зөвлөгөөнд оролцож, туршлага судлах боломж бүрддэг. Тавхан жилийн өмнө тархи судлалын талаар монголд мэдлэг мэдээлэл бага байсан. Асар богино хугацаанд энэ салбар монголд амжилттай хөгжиж байна. Илүү сайжруулахын төлөө бид Монголын нейросайнсын нийгэмлэг болон бусад холбогдох албаныхантай бүх талаар хамтран ажиллана.

 “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма:

- Хүн төрөлхтний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлэгдээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой. Шинжлэх ухааны олон салбаруудаас XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” юм.  Хүн тархиа удирдаг биш, Тархи хүнийг удирддаг учраас хүн гэж юу вэ гэвэл тархи юм.  

Тархины эмгэг, өвчлөл XXI зуунд  дэлхий дахинд хамгийн их тулгамдаж буй асуудлыг нэг болж байна. Үүн дотроо зөнөгрөл, сэтгэцийн эмгэг түгээмэл байгаа нь олон орны тархи судлаачид, эрдэмтдийн санаа зовоож байна. Долоон секунд тутамд нэг хүн зөнөх эмгэгтэй болж байна. 2020 онд гэхэд 1.5 сая хүн зөнөгрөлийн эмгэгээс болж нас барна гэсэн судалгаа гарсан байдаг.  

Дэлхийн тархи судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пьер Магистретти:

Хүний тархинд нэг мм-ээс 11 метрийн хэмжээтэй 100 тэрбум эс байдаг бөгөөд хүний бие нийт энергийнхээ 25 хувийг тархины үйл ажиллагаанд зарцуулдаг. Түүнчлэн тархины зарим хэсэгт шаардлагатай эсийг шинээр бий болгох боломжтой. Миний дээр дурьдсан зүйлс бол суурь судалгаа. Суурь судалгаанд тулгуурлан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой. Өнгөрсөн хугацаанд хүний тархины эсийн байршлыг тодорхойлох, зураглах технологи бий болсон.

Мөн оптогенетик буюу электрод суурилуулах замаар аливаа эсийг идэвхжүүлэх боломжтой. Эсийг идэвхжүүлснээр хүний мэдрэлийн сүлжээг дарангуйлж, саажилттай хүний гар, хөлийг хөдөлгөдөг болгох юм. Улмаар хүний тархинд байгаа мэдээллийг кодлон хиймэл гар, хөлийг хүссэнээрээ хөдөлгөдөг болох зэрэг олон амжилтыг бүтээх боломж бүрдэнэ.

Европын нийт хүн амын 33 орчим хувь нь тархины ямар нэгэн өвчтэй бөгөөд энэ нь зүрх судас, чихрийн шижин зэрэг нийтлэг өвчнөөс илүү их зардал гаргаж байна.

Тиймээс тархи судлалын шинжлэх ухаанд тулгуурлан энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно. Манай байгууллага тархи судлалын чиглэлээр ажиллаж буй залуу эрдэмтэдийг үргэлж дэмжин ажилладаг. Монголын эрдэмтэн судлаачдыг ч мөн дэмжих болно.

Монголын нейросайнс нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Б.Дамдиндорж:

-Тархи судлал бол манай улсад харьцангуй шинэ салбар. Дэлхийд тэргүүлж буй гурван салбар шинжлэх ухааны нэг нь тархи судлал. Энэ төрлийн судалгаа шинжилгээг манай залуу эрдэмтэд сонирхон хийх болсон. Яг энэ цаг мөчид энэхүү олон улсын хурлыг зохион байгуулсан нь өндөр ач холбогдолтой. Залуу эрдэмтэд дэлхийн нобелийн шагналтан, эрдэмтдийн лекцээс их мэдлэг, мэдээлэлтэй болж байгаа гэдэгт итгэж байна.

Тархи судлалын хуралд эрдэм шинжилгээний бүх салбараас оролцох боломжтой хамгийн өргөн хүрээтэй салбар юм. Тухайлбал, математик тооцоолон бодохуйн ухаан, компьютер програмчлал, кибер шинжлэх ухаан, анагаах-хими-биологийн ухаан, эдийн засаг экономикийн ухаан гэх зэргээр хүн төрөлхтний өдийг хүртэл үүсгэн байгуулсан бүхий л шинжлэх ухааны салбарууд оролцож байгаа хамгийн өргөн талбар юм. Тэр ч утгаараа ирж буй зууныг “Оюун ухааны зуун” гэж нэрлэж байгаа юм.

Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч  Ц.Лхагвасүрэн: Тархи  судалснаар дэлхийн шинжлэх ухаан хөгжинө

Залуучууд тархи судлалын салбарыг сонирхон судалж байгаа нь олзуурхууштай. Энэ удаагийн олон улсын хурал тархи судлалын салбарыг монголд хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэж бодож байна. Дэлхийн шинжлэх ухаан урагшлах гэж их зүтгэж байна. Дэлхийн шинжлэх ухаан хүний оюун ухаан тархийг сайтар судлах ёстойг дэлхийн эрдэмтэд  онцолж байна. Тархинд 100 гаруй тэрбум мэдрэлийн эс бий. Одоогоор үүний нэг хувийг л судалсан гэж хэлж болно.

Хүн төрөлхтөн өөрсдийгөө танин мэдэхээс гадна гариг ертөнцийг танин судлах сонирхол асар их. Гэтэл хүн өөрийнхөө уураг тархийг бүрэн судалж чадаагүй байна.  Жишээлбэл дэлхийд хамгийн ойр одонд хүрэхийн тулд одоогийн сансрын хөлгөөр явахын тулд хүн төрөлхтөнд 70 жил хэрэгтэй.

Хүний нас гүйцэхгүй шүү дээ. Тиймээс хүний ухамсар оюун ухааныг зохиомлоор бүтээх асуудал яригдаж байна.

Хүний ухааныг зохиомлоор бүтээвэл робот машинд ухамсраа илгээж, 100 жил нисээд хүний бие махбодийн тэсвэрлэх чадвараас давсан хурдаар яваад буцаад ирэх боломжтой болно. Ингээд гариг ертөнцийг судална гэсэн үг.

Өнөөдөр дэлхийн эрдэмтэд тархинд бодож буй бодлыг уншдаг төхөөрөмж, худал, үнэн ярихыг ялгадаг бичлэгийн машиныг зохион бүтээлээ. Тэр бүү хэл хүний тархинд бодож буй бодлыг дүрсэлж буулгадаг машин хийсэн байна.

Гайхамшигтай байгаа биз. Хүний оюун ухаан хязгааргүй цааш хөгжиж байна. Хүний оюун ухаан судлахын захад нь л хүн төрөлхтөн явж байна гэж би боддог.  өөрөөр хэлбэл, компьютер дээр Каспаровыг хожиж байна шүү дээ. Энэ бол шатрын программ. Гэтэл ухамсар гэж өөр зүйл. Ухамсарын хувьд өнөөдрийн шинжлэх ухаан хулгана хархны хэмжээнд хөгжиж байна гэж үзэж байна. Хүний тархийг судлахын тулд маш олон компьютер процессор хэрэгтэй гэж байна.

Щвейцарын Базанийн их сургуулийн судалгаагаар хүний кортексийг судлахад 16 мянган процессор хэрэгтэй гэсэн байна. Хүний бүтэн тархийг орлуулахын тулд компьютерийн процессорыг угсарч байрлуулахад одоогийн Нью-Йорк хотын талбайн хэмжээний процеесор байх шаардлагатай. Ингэснээр нэг хүний бүтэн тархийг орлох хэмжээний компьютер бүтээж судална.

Тархи  судалснаар дэлхийн шинжлэх ухаан хөгжинө. Дэлхий дахинд явж буй судалгааны салбарын гол нь юм. Тархи судлалын салбарыг олон улсын түвшинд явуулахын тулд их хэмжээний хөрөнгө, мөнгө, мэргэшсэн эрдэмтэд хэрэгтэй. Бид энэ том салбарын ирмэгт л зогсч байна. Хүн төрөлхтөнд аюул учруулж буй щезофрин, алцхаймер, ой санамжаа алдах сэтгэцийн өвчин зэргйиг тархи судлалаар эмчлэх боломж байна.

 

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
11

ТҮГ таг гэсэн хэдэн хүний яриаг сонсох хэцүү л байсан шүү

2018-09-25 17:32    203.91.115.247
Пэрэнлэй

Манайд хөгжинө гэхэд хол сонсогдож байна.Манайд судалгааны бааз техник тоног төхөөрөмж байхгүй тэгээд ч нас барсан хүнийхээ эрхтэн донор болгоод өгчих сэтгэхүй байхгүй цагт миний тархийг судла гээд гэрээслэл үлдээчих хүн хэд байх бол. Монголд ажиллаж байгаа хэдэн MRI аппарат хүний тархийг нарийвчлаад гаргачих өндөр чадалтай аппарат биш Технологи нь байгаад техник нь байхгүй болохоор чөдөртэй морь унаад хот орно гээд явж байгаа хүнтэй ялгаа байхгүй. Иймд манай улсад хөгжих үндэс байхгүй.Хөрөнгө мөнгөтэй Хятадад хөгжөөгүй байхад өрөнд орж өтөнд бариулсан Монгол улсад мөрөөдөхөөс цаашгүй хэрэг

2018-09-25 09:34    202.70.37.2

Сэтгэгдэл нэмэх