Л.Түдэв:Бөмбөрцгийнхөө эзэн байх нь даяаршил юм

2018-09-24 11:35      Түдэв
Л. Түдэв Соён гэгээрүүлэгч  

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч, Шинжлэх ухааны доктор, Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Түдэвийн 2004 онд "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Цогнэмэхэд өгсөн ярилцлагыг www.gereg.mn вэб сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр толилуулж байна. 

-Сүүлийн хэдэн жилээс даяаршил гэж их ярих болллоо. Та “Дэлхий бол нэг л гүрэн, хүн төрөлхтөн түүний иргэд” гэж хэлсэн. Энэ талаар ярина уу?

-Даяаршил бол зөвхөн өнөөдөр бий болчихоогүй, хүн төрөлхтөний бүхий л үеийн турш үргэлжилж ирсэн үйл явц. Бүр хүй нэгдлийн үеэс ч өмнө байсан зүйл. Даяаршил гэдгийн утга нь хүн хүнтэйгээ ойртон дотносч, нэгэн сонирхолтой болохыг хэлдэг. Одоо нэгэнт өндөрлөгтөө хүрч явна.

-Хэзээ жинхэнэ оргилдоо хүрэх вэ?

-Хүн төрөлхтөн өөрийнхөө өлгийнөөс гарч эхэллээ. Бид бусад ертөнцөд нэвтэрнэ. Нэгэн цул байж, бөмбөрцгийнхөө жинхэнэ эзэн байх шаардлагатай болсон. Бусад ертөнцийг сансрынхны нүдээр харах ахул манай дэлхийг нэг л юм гэж ойлгож байгаа.

Дотроо  олон янз, байлдан тэмцдэгийг мэдэхгүй. Ийм нөхцөлд даяаршлын утга оргилдоо хүрч таарна. Хүн төрөлхтөн нэг санаатай байхгүй бол манай дэлхийгээс  гаднахь бусад ертөнцийн эзэмшигчидтэй харилцах үед их бэрхтэй болно. Даяаршил байх ёстой. Гэхдээ өнөөдөр даяарших үйл явц илүү хурдасч байгаа. Хүн төрөлхтөн ойртон нягтарч шинжлэх ухаан техникийн ололт түгж, үндэстэн ястны ялгаа арилж, хоорондоо дайсагнах сэтгэлгээ нь буурч байгаа. Зэвсэглэлээр хөөцөлдөх нь өөрийгөө хөнөөх эхлэл гэдгийг ойлгож эхэлсэн нь тун сайшаалтай.

-Тэгвэл хамгийн сайн зэвсэг юу байх вэ?

-Хамгийн сайн зэвсэг бол хоорондоо харилцан ойлголцож, зөвшилцөх явдал. Олон янзын ялгавар буй ч хүн төрөлхтөн энэ чиглэл рүү явж эхэлсэн. Энэ урсгалаас Монгол Улс ангид байж чадахгүй.

Зожигроод ямар ч ашиг өгөхгүй. Магадгүй өөрт аюултайгаар тусч мэднэ.

Бусдын ололттой хөл нийлүүлэн, тэндээс хувь хүртэн, түүнийхээ эзэн байх шаардлагатай байна л даа.

-Бид даяаршлын үйл явцтай алхаа нийлүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ?

-Олон бэрхшээл байна. Сэтгэхүйн, эдийн засгийн, техник технологийн, түүгээр ч барахгүй газар зүйн бэрхшээл байгаа. Энэ бүхнийг аажмаар даван туулах л хэрэгтэй. Үндэстэн хоорондын бэрхшээл буйг ч мартах ёсгүй. Харин дэлхийд буй гурван арьстныг өөрчлөх аргагүй л дээ. Төрөлхийн уг гарвалд нь байгаа учраас. Бидний хувьд бахархах зүйл гэвэл гурван арьстны нэг болох шар арьстныг монголжуу арьстан гэж нэрлэсэн явдал. Үүнд нэг тэрбум илүү хүн амтай Хятадаас эхлээд олон үндэстэн багтаж байна. АНУ-ын хүн амын 15 хувь нь энэ арьстан байдаг. Бидний өвөг дээдэс 40 мянган жилийн өмнө Америк тивийн уугуул иргэн болон очсон нь улаан арьст индианууд. Энэ нь бас л даяаршил байсан хэрэг.

-XIII зууны үеийн Монголын байлдан дагуулалтыг даяаршлын эцэг үйл явц гэлцдэг?

-Бидний өвөг дээдэс үүнээс өмнө Берингийн хоолойгоор дамжин Америк тивд хүрч, бүр Чилийн эрэг хүртэл даяаршлын үрийг цацсан гэдгийг дээр хэлсэн. Байлдан дагуулах замаар бус нутаг эзэмших маягаар явсан хэрэг.

Дэлхий ертөнцийг даяаршуулахад Модун Шаньюгийн Хүннү болон Европ дахь Аттила хааны Хүннү гүрэн том түлхэц өгсөн.

Чингисээс эхтэй Монголын байлдан дагуулал газар нутгийн хувьд дэлхийн талыг эзэлж, тэр үед байсан хүн төрөлхтөний бүх соёл иргэншлийг эзэлж, энх амгалангийн нэгэн дээвэр дор оруулж өгсөн. Дэлхийд монголчууд төр, засаг удирдах олон хичээлийг зааж өгсөн юм. Ертөнцийн төрхийг өөрчилж, засч өгсөн хэрэг.

-Сүүлийн үед Америкаас эхтэй цэнгээний урлаг, мэдээллийн технологи даяаршлыг хамгийн тод илэрхийлж, дэлхийд хурдацтай тархаж чадлаа. Бид нүүдлийн соёл иргэншилтэй орон. Нэгэн найрагчийн хэлснээр даяаршлын улмаас арслантай эрээн авдраа ачаалан хөдөлдөг их нүүдэл маань үүрд балрах арилах нь ээ гэсэн харуусал төрдөг?

-Даяаршил тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавартайг үгүйсгэх аргагүй. Өргөн эзэлж буй хүрээ нь мэдээлэл байна. Хүн төрөлхтөн мэдээллээр амьдардаг болчихсон.

Энэ том ололтоос бид ухрах ёсгүй, харин угтан тосч, авч байгаа нь олзуурхууштай. Бид дэлхийн хөгжлийг хойноос нь хөөгөөд гүйцэхгүй. Морио унаад газар товчилдог шиг аргаа хэрэглэх ёстой. Их хурдан давхиж буй хүн зарим юмаа гээчихдэг шиг энэ үйл явцын дунд бидэнд гээх юм зайлшгүй гарч ирнэ. Ахуйн соёл гээгдэж таарна. Нүүдэл маань үгүй болно. Нүүж амьдрах ч аргагүй цаг үе ирж байна. Манай нүүдэл бол том биш. Дөрвөн улирлын нүүдэл чинь бага нүүдэл шүү дээ.

Нөгөө талаас мал аж ахуйг эрчимжүүлэх, фермерийн болгох асуудал ид яригдаж байгаа. Уургаар морь барьдаг байсан бол номхруулах нунтаг цацдаг болж мэдэх. Бүгд хялбарчлагдаж эхлэх байх. Ахуй ингэж уствал соёл нь мөн дагаж гээгдэнэ л дээ.

-Гээгдэхгүй, байвал зохих зүйл гэвэл?

-Бид үндэсний онцлогтой зарим зүйлээ гээж болохгүй. Тухайлбал, монгол хүн уртын дуугаа гээчихвэл бусдад танигдахгүй болчихно. Өр нэхдэггүй үе дамжсан өв хөрөнгө шүү дээ.

Энэ мэт хөөмий, ардын аман зохиол, эрийн гурван наадам зэрэг бусад үндэстэнд сонирхогдохоор, өөрсдийгөө таниулах соёл иргэншлийн үзүүлэлтээ даяаршлаас болж гээх ёсгүй. Энэ маань биднийг энэ ертөнцөд ижилсэх аюулаас аварна.

Бүх хүн ижил болчихвол хүн төрөлхтөний амьдрал сонирхолгүй болчихно шүү дээ. Бүгд нэг хэлээр ярьж, дуулж, бүгд компьютерийн сэтгэлгээтэй болчихвол утгагүй төдийгүй уйтгартай.

Олон хэлбэрийг дамжиж нэг хэлбэр бий болох үзэгдэл зүй ёсны болж байна. Ингэж даяарших нь зөв. Ингэхлээр гээж болохгүй зүйл их. Дэлхийн бүх бичиг үсгийн тодорхойлолтод ганцаархнаа босоо, хурдас салангид бус бичдэг монгол бичгээ гээчихвэл их л эмгэнэл болно. Ардын аман зохиол, түүн доторхи баатарлаг туульс байна. Дэлхийд ийм туульстай орон цөөн. Үнэхээр баатарлаг явсан ард түмэн л үүнийг бүтээснийг сана. Монгол, Орос, Франц, Герман гээд хэдхэн орон бий. Манай залуу үеийнхэн мартах эрхгүй том бахархал зөндөө бий шүү.

-Манайх ардын аман зохиолоороо бусад үндэстнээс гойд ялгарна гэдгийг судлаачид батлан өгүүлдэг?

-Ертөнцийн гурав, зүйр цэцэн үг, оньсого зэрэг маань дэлхийн ямар ч орны гүн ухаанд хэлсэн, бүр хэлээгүй зүйлийг ч агуулж байдаг. Үүнийг гээж болохгүй, гээгдэх ч үгүй байх. Гэхдээ хийсвэр маягаар гээгдэж болох юм. Үл даяарших зүйлээ үл мартахыг бид, хойч үеийнхэн маань эрхэмлэмээр.

-Ерөнхийлөгч Н.Багабанди даяаршлын хажуугаар бид дангааршлыг барьж хөгжих ёстой гэж хэлсэн байдаг?

-Дангааршил гэдэг нь гээж болохгүй, монгол гэдгээ таниулах үзүүлэлтийг хэлж буй хэрэг. Бид нэг, хоёр биш олон үзүүлэлтээр дэлхийн хэний ч өмнө дор орохгүй явах хэмжээнд байхыг өнөөгийн зах зээлийн харилцаа шаардаж байна.  Тухайлбал, монгол айраг байна. Үүгээрээ бид дангааршиж болно. Монгол айргийг ууж үзэхсэн гэх хүсэл дэлхийн хэрэглэгчлэд төрж байх хэмжээнд тавигдвал сайн л даа. Хэдэн зуун жилийн түүхтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Бид өмнөх түүхэндээ “гүүний сүүгээр цэнгэдэг орон” гэж алдаршсан. Энэ мэт зүйлээрээ бид дэлхийд тэргүүн хэмжээнд байх шаардлагатай. Энэ нь үндэсний бахархал төдийгүй, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах үндэс мөн.

-Ийм санаа бусад улс оронд байдаг уу?

-Байлгүй яахав, Японд гэхэд “нэг тосгон-нэг бүтээгдэхүүн” гэдэг зарчмыг мөрддөг.

-Монгол хүний уураг тархи бусад үндэстнийхээс том гэдэг. Том тархитай нь индиан, еврей гээд зогсдог юм байна. Тархи том байна гэдэг бусдаас илүү сэтгэх боломж байна гэсэн үг үү?

-Монголжуу арьстан бол бусдаасаа эртний гарвалтай, тусгай өгөгдөхүүнтэй явж ирж. Хүний тархи зогсонги бус, хөгжсөөр байдаг эрхтэн. Бидний хувьд байгальтайгаа ойр, байгалийн бүтээгдэхүүн шүтэж амьдардаг зэрэг том үзүүлэлтээр хөгжил нь сайжирсан байж болно. Байгаль гэдэг чинь газар, тэнгэрийг хэлж буй хэрэг.

Тэнгэрээс бид маш их эрчим хүч авдаг. Харин газрыг бид хонь, малаараа л дамжуулж эзэмшиж ирсэн. Бусад шиг ухаж сэндийлсэнгүй. Хонь гэхэд л 500 төрлийн өвс, ургамал иддэг. Харин бид хонины махыг ихэвчлэн хэрэглэдэг нь тархины хөгжилд нөлөөлсөн байх үндэстэй.

Монголчууд том тархитай гээд түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй бол жижиг тархитнуудаас ялгарахгүй.

-Ер нь хүн уураг тархиныхаа хэдэн хувийг ашигладаг вэ?

-Уураг тархи маш олон нейроноос бүрддэг. Бүгдийг нь ажиллуулах ёстой юм. Тэгэхэд хүн дөнгөж найман хувийг нь ашиглаж байна. Залхуу монголчууд таван хувийг л ашиглаж байгаа байх. Уураг тархиа завгүй байлгах ёстой. Тэгэхгүй бол хөгжил нь зогсчихдог юм.

-Шинэ зуунд бид одоогийнхоосоо өөр, ямар үндэстэн болон төлөвшвөл зохих вэ?

-Сэтгэлгээгээ тордох, боловсронгуй болгохыг урьтал болгомоор. Бидэнд ажиллаж чадахгүй байгаа таван зэвсэг бий. Нүд, чих, хамар, ам, уураг тархи юм.

-Ажиллагааг нь сайжруулах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Хүн нүдээрээ мэдээллийн 90 хувийг авдаг. “Юм үзэж, нүд тайлах” гэдэг гүн ухааныг бид гаргаж ирсэн. Далай үзээгүй хүн нуурыг далай л гэж боддог. Үзсэн нь нуур гээд тодорхойлчихно. Өнөөдөр манай залуучууд гадагшаа явж буй нь маш сайн хэрэг. Юм үзэх тусам уураг тархи нь хөгжиж, амьдралын туршлага сууна шүү дээ.

 Шинэ зууны эзэн болохын тулд мөнгө бус үндэсний баялаг хуримтлуулахаар явж байна гэж олзуурхдаг юм. Мөн монголчуудын хамар муу ажиллаж байгаа. Хотожсоны улмаас. Олон үнэр мэдэрдэг байх нь хүний хөгжилд чухал үүрэгтэй. Бид ам хэлээрээ элдэв хэрүүл маргаан л ярьж байна.

Гэтэл үгийн баялаг нь муудаад байна. Манай хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхий хэрэглэж буй үг их ядмаг болчихож.

Энэ нь сэтгэлгээний явцууралд оруулдаг. Ярьж буй сэдэв нь ч явцуурсаар. Бидний унаган монгол хэл дэлхийн олон хэлний өвөг гэдгийг сэтгэлдээ цээжлэх ёстой. Цаашилбал чих нь дүлийрч байна. Олон хөг эгшиг, чимээг мэдрэхээ больсон. Чихээ онгойлгох хэрэгтэй.

-Энэ зуунд хүмүүсийн чих дүлийрнэ гэж зарим судлаачид ярьдаг. Машин тэрэгний дуу чимээ зэргийн нөлөөллөөс болж. Энэ үнэний хувьтай юу?

-Тэгж үздэг л дээ. Тэгэхдээ яг ийм дуу чимээнээс болж дүлийрч байгаа юм биш гэсэн өөр судалгаа гарсан. Нөгөө хард рок шиг чимээнээс болж дүлийрдэг гэсэн дүгнэлт гарсан. Бас Хятадын бөглүү тосгоныхон их дүлийрч байгааг судлахад чив чимээгүй нөхцөлд чих ажиллахгүй дүлийрдэг нь тогтоогдсон. Энэ бүхнээ хөгжүүлж байж монгол хүн том тархиныхаа чадлыг гайхуулах боломж бүрдэх юм.

-Ижилслийн энэ цаг үед манай үндэстэнд мөхөх аюул тал бүрээс нүүрлээд байх шиг. Бусдад уусчих вий гэж болгоомжилж байна л даа?

-Үндэстэн мөхдөг. Ойрхноос манж үндэстэн мөхөөд, эрлийзчирсэн жишээ бий. Бидэнд тохиолдож болно. Яагаад гэвэл, монголчууд эртнээс эрх чөлөөтэй амьдарч ирсэн. Дуртай хүнтэйгээ гэр бүл болчихно. Энэ нь нэг аюул.

Нөгөөтэйгүүр, социализмын үед хүн амын өсөлт 2.5 хувиар тооцогдож байв. Одоо дөнгөж 1.2 хувь байна. Энэ гунигтай тоогоор бол бид өсөхгүй. Ийм байдал удаан үргэлжилбэл үндэстэн мөхдөг юм. Одоо нэг айл дөнгөж 1-2 хүүхэдтэй байгаа нь монголчууд мөхөхийн цондон.

Гадаадынхан биднийг мөхөөхөөс өмнө бид өөрсдийгөө арчин хаяж байна.

Зарим жил 30 мянган хүүхэд хэвлийдээ нар харалгүй өнгөрч буй одоогийн үр хөндөлтийг зогсоохгүй бол эмгэнэлт байдал зогсоохын аргагүй болох нь. Үр тогтоохын эсрэг эм гээд байна. Маш хортой шүү дээ. Үргүй болгодог юм. Бидний энэ тэнэг байдал гадаадын иргэн монгол охидыг эхнэр болгон авснаас аюултай байх шүү. Зайлшгүй нөхцөлд үр хөндөхийг л зөвшөөрсөн байх ёстой юм. Орос, хятадууд  монголчуудын тоог таван саяас хэтрүүлж болохгүй гэдэг бодлогыг бид өөрсдөө гүйцэтгэх ёсгүй. Мөн генийн гарвал өөрчлөгдөж, мөхөж болох талтай.

-Үүнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Том үндэстнүүд ген хадгалдаг хүйтэн банк аль эртнээс байгуулж ирсэн. Үндэстнийхээ шилдэг эрчүүдийн үрийн шингэнийг хадгалах болсон. АНУ гэхэд Нобелийн шагналт бүх эрчүүдийнхийгээ хадгалчихсан байдаг юм. Бид үүннийг хэрэгжүүлэх ёстой. Үрийн донор байгуулж буй хэрэг. Хөлдөөсөн үрээ зуун жилийн дараа ч ашиглаж, онцгой гентэй хүн төрүүлж болно. Орчин үед хүнийг төлжүүлэх маягаар олшруулдаг боломжийг нээсэн.

-Клоноцийн энэ арга хүн төрөлхтөний гэр бүл, хайр сэтгэл гээд олон нандийн зүйлийг устгах аюултай юм шиг?

-Тэр үнэн. Олон нандин харилцаа, соёл устах аюултай. Хүн хүн биш болчихно.

-Хүн төрөлхтөн өнөөдөр хэт их мэдээлэл, техникийн эрчимжилтээсээ болж сүйрнэ гэдэг. Зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Хүн төрөлхтөнийг ёс суртахуун нь л аварна” гэсэнтэй санал нийлдэг үү?

-Хүний адгууснаас ялгардаг ганц чанар нь ёс суртахуун. Үүндээ л захирагдаж амьдарч ирсэн. Яваандаа хууль гэдэг нэртэй болчихсон хэрэг. Гэхдээ жирийн ёс суртахуун, хуулийн ёс суртахуун гэж байна л даа. Нэн эртнээс өнөөг хүртэл хүн төрөлхтөнийг дагалдаж яваа тэгшлүүр нь.

Гэхдээ ёс суртахуун үндэстэн бүрт яльгүй онцлогтой. Ерөнхий ёс суртахуун нь ижилхэн. Хүчирхэг энэ тохируулагч нь алдагдвал хүн төрөлхтөн эвдэрнэ биз дээ. Тэгэхээр энэ бодол зөв өө.

-Бид эрчимлэг үндэстэн байхын тулд одооноос эхэлье л дээ. Юуны үзүүрийг эртхэн атгаж авах вэ?

-Би ховдос номлол гэж бичсэнийг хүмүүс ойлгохгүй байгаа юм. Хэрэгтэй гэдгийг нь энэ намар зарим нь ойлгож байх шиг байна. Үүний нэг л үзүүр нь зөвшилцөх байхгүй юу. УИХ, Засгийн газар үүнийг хэрэглэлээ шүү дээ. Миний бичсэнийг уншвал ойлгох болно.

-Оросууд олон шинжлэх ухааны салбарыг давамгай хөгжүүлснээрээ дэлхийд их гүрнийхээ нэг шинжийг хадгалан нүүр баатар байдаг. Бидэнд алийг нь түшиж, хөгжүүлж чадвал ашигтай тусах вэ?

-Бид тэдэн шиг хөгжүүлсэн хэмжээнд очиж чадаагүй байна. Гэхдээ мал аж ахуйн орон учраас биологийн чиглэлийг баривал дээр байх. Нийгмийн ухаан байнга солигдож, хаагдаж байдаг шинжлэх ухаан болчихсон учир бид түлхүү хөгжүүлээд нэмэргүй.

Дэлхийд өнөөдөр зөвхөн мэдээллийн биш, био эрин ирж байна. Үүнд бид ойрхон байгаа. Малчин хүн гэдэг бол маш том биологич гэсэн үг. Хөдөөний өвгөн эхнэртээ “тогоо нэрээдэх” гэж хэлдэг. Тулган дээр нэг тогоотой аарц, дээр нь бүрхээр, устай жалавч байдаг биз дээ. Тэгээд архиа гаргаж авна. Энэ нь 6-7 зэрэгтэй.

Монгол малчин эзэгтэйн нэрсэн  эхний сувс нь Японы сакэтай тэнцдэг. Сувсаа нэрээд архи, дараа нь арз, харз, шарз, борз гардаг.

-Борз юутай тэнцэх вэ?

-Вискитэй. Ийм юм хийж чаддаг хүн бол биохимич гэсэн үг л дээ. Үүнийг хийхийн тулд Европынхон маш том завод байгуулж, олон хүн, олон жилээр ажиллаж байж гүйцэтгэсэн. Монгол хүн тулганыхаа хажууд сууж байгаад л чадсан зүйл.

-Бид өөрсдийн зүгээс хүн төрөлхтөний хөгжил дэвшилд юу хандивлаж чадах вэ?

-Монголчууд хүн төрөлхтөний түүхэнд үнэлж баршгүй олон зүйл хандивласан. Одоо ч хандивласаар байна. Үүнийгээ ухаарч цэгнэх нь дутаад, юу өгснөө мэдэхгүй байна. Харин бидний хувьд авсан юм бага байдаг. Тухайлбал,бид оросуудад хонь өгсөн. Үүний үрээр тэд Асканийн ховор үүлдэртэй боллоо. Халимагууд түүнийг нь маллаж байдаг. Бид өгсөн зүйлийнхээ патентыг тогтоож чадахгүй байна.

-Хүн төрөлхтөн сансар огторгуйн зүг улам давшлан, судлах болж байна. Гэтэл өөрийгөө судалсан, дотогшоо хандсан судалгаа бас байх ёстой. Энэ хоёрын аль нь давуу баймаар юм бэ дээ?

-Хүн маш их юм мэдэж байгаа. Сансрыг ч мэддэг болж. Гэтэл өөрийгөө мэдэхгүй байна шүү дээ. Би чамаас асууя л даа. Нялх хүүхэд хэд, насанд хүрсэн нь хэдэн ястай байдаг вэ.

-Үнэхээр мэдэхгүй нь?

-Нялх хүүхэд  300, том болохоороо 206 ястай болчихдог юм. Эхээс гарахдаа байсан 100 яс нь хаачив. Ингээд л бид өөрийгөө мэдэхгүй байгаа биз. Өөрийн танин мэдэхгүйгээсээ болж баларсаар ирсэн. Гэхдээ бүрэн танин мэдвэл бүр аюултай.

-Яагаад?

-Өөрийгөө хөнөөж мэднэ. Америкчууд өнөөдөр генийн цагаан толгойг уншиж дуусах гэж байна. Үүний дараа генд нөлөөлдөг болчихно.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Ухаантайг тэнэг, тэнэг хүнийг ухаантай болгож чадна. Бид өөрсдийгөө мэдэхгүй байгаа учраас наад зах нь олон мэргэч, төлөгч шүтэж байгаа биз дээ.

-Буддын гүн ухаан өөрийгөө танин мэдэх тал дээр дэвшил гаргасан биз дээ?

-Тийм л дээ. Бид бясалгадаггүй учраас алдаа их гаргадаг. Монголчуудын “өдөр хийснээ шөнө шинж” гэсэн сургааль бий. Энэ нь алдаанаас аврах төдийгүй шинэ санаа төрүүлдэг. Бясалгаж олсноо нийтэд түгээх нь шашны шинэчлэл байх ёстой гэж боддог юм.

-Хүн төрөлхтний гол түгшүүр юу байх вэ?

Өлгий болсон энэ ертөнцөө хөнөөж буй явдал. Өөрөөсөө болж сүйрэх вий гэсэн болгоомжил.

-Бидний хувьд баримтлах бодлого юу байх вэ?

-Даяаршлыг ухаалгаар ашигламаар байна. Монголчууд 1911,1921,1990 онд дэлхийн байдлыг маш сайн ажиглаж тусгаар тогтнож, өөрчлөлт хийж чадсан. Даяаршлын явцад хохирол гарч болно. Түүний цаана ямар ашиг бий вэ гэдгийг урьдчилан өнгийе.

 

ЭХ  СУРВАЛЖ:ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН 2004 ОН. ДУГААР 248




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх