Нийслэлийн МАН-ынхан шударга ёсны нэхэмжлэлтэйгээр хуралдаж байна

2018-09-21 11:39      ГэрэгМН

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал өнгөрсөн хавар хуралдах байсан боловч дотоод зөрчлөөсөө болж хуралдаж чадаагүй өнөө хүрсэн. Тэгвэл удтал дуншсан XXXIY Бага хурал өнөөдөр хэл амтайхан, хамгийн гол нь шударга ёсны нэхэмжлэлтэйгээр эхэллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуй 60 тэрбумын хэрэгт оролцсон хэргээр ёс зүйн хариуцлага хүлээж нийслэлийн ИТХ-ын даргын болон нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгснөөс хойш нийслэлийн Засаг дарга Су.Батболд  даргын үүрэг гүйцэтгэж байгаа.Түүнийг нийслэлийн МАН-ын даргын суудалд жинхлэхийн тулд эрх мэдлээ ашиглаж, хурал хуралдуулахгүй удаж байна гэх хэл ам гарсаар өдгөө хүрсэн бөгөөд энэ хэл ам өнөөдрийн хурлын уур амьсгалыг бүрдүүлэв.

Хурлын эхэнд хурал даргалагч ба зохион байгуулагчид бүгд нэг талд хэт туйлшрагчид байсан нь асуудлыг хурцатгав бололтой. Хурлын зохион байгуулагч нь нийслэлийн МАН-ын хороо.Тэднийг хэт нэг талд үйлчилж, шударга ёсыг алдагдуулж байна хэмээн үзсэн Бага хурлын төлөөлөгчид  нь “Шударга байя, шударга байя” хэмээн хашхиралдсаар хурлаа эхлүүлэв.

(Хурлын нээлтийг үйл ажиллагааг видео мэдээллээс үзнэ үү)

  Хурал удирдах тэргүүлэгчээр Барилга,хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, Багахангай дүүргийн  МАН-ын хорооны дэд дарга Цогцэцэг нарыг сонголоо. Г.Мөнхбаяр хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав. 

Хурлаар:

Мандатын комиссын илтгэл,Нийслэлийн МАН-ын хорооны тайланг хэлэлцэж байна.  Тайлан илтгэлийг Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд танилцуулсан бол Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны тайлан илтгэлийг Хяналтын хорооны дарга Оюун танилцуулав.

Хурлаар Нийслэлийн Намын хороо, Нийслэлийн Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөхөс гадна нийслэлийн МАН-ын хорооны даргын асуудлыг хэлэлцэнэ.

Нийслэлийн МАН-ын хорооны даргад одоогийн даргын үүрэг гүйцэтгэгч Су.Батболд, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна.

Хэлэлцэх асуудлыг батлуулах үеэр Бага хурлын төлөөлөгч Ганбаатар  “Нийслэлийн МАН-ын даргыг сонгох нь Бага хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал учир хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү” гэсэн санал гаргасан.

Гэвч хурал даргалагчийн зүгээс асуудлыг намын дүрэм журмын хэм хэмжээний хүрээнд явуулна гэснээр хурал үргэлжилж Мандатын комиссын илтгэлээр үргэлжлэв.  

Нийслэлийн  хэмжээнд МАН-ын 36 мянган гишүүн байгаа бөгөөд тэдгээрийг төлөөлж 369 төлөөлөгч сонгогдон Бага хуралд оролцож байна. Төлөөлөгчдийн хамгийн залуу нь 23 настай бол хамгийн ахмад нь 65 настай аж. Мөн төлөөлөгчдийн дийлэнх  нь дээд боловсролтой байна.

Мандатын комиссын илтгэлтэй холбоотойгоор нэлээд шуугилдаж байж арайхийн баталлаа. Дарга нар хайрцаглах сэтгэхүйгээ хаяхгүй бол ийм маягаар хурал явахгүй хэмээх төлөөлөгчид ч олон байна. 

Энэхүү Бага хурал бүтэн жил шахмын өмнө болох ёстой байсан ч хойшилсоор ийнхүү эхлээд байна. Хурлыг ширүүн уур амьсгалтай болно гэж байсан нь ч үнэн бололтой. Төлөөлөгчид  нь хурлаа шударга явуулахыг шаардан олноороо хоолой нийлүүлэн хашгиралдаж байлаа.

 

Б.Бат-Очир




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх