Н.Цэрэнбат:Өнгөрсөн жилээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарласан

2018-09-17 14:32      ГэрэгМН

Дорноговь аймгийн Сайншанд сум, Хамрын хийдэд нээлтээ хийсэн “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас дараах тодруулгыг авлаа. 

-Ногоон паспорт аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай яам өнгөрсөн жилээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарласан. Дэлхий даяар шинэ эринд зохицож амьдрах, шинэ эриний иргэдийг бэлдэх зорилготой тогтвортой хөгжлийн зорилтуудад монгол улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан аян.

Энэ бол дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан акц. Өнгөрсөн гуравдугаар сард “Найрамдал” зусланд Улаанбаатар хотын сургуулиудын “Эко клуб”-ийн сурагчдаар батлуулаад “Ногоон паспорт” аянаа улаанбаатар хотын хэмжээнд эхлүүлсэн. Мөн нийслэлийн сургуулийн сурагчдын дунд аюултай хог хаягдал, тэр дундаа хэрэглэж дууссан батарейг хэрхэн ангилж хаях, ус, эрчим хүчээ яаж хэмнэх талаар уралдаан зарласан.

Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, байгалийн шавхагддаг нөөцийг урт удаан хугацаанд тогтвортой ашиглах санал, санаачилгыг Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилготой.

Бидний хувьд энэ жилийн улсын наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай хэрэгжүүлсэн.

Тиймдээ ч наадмын үеэр иргэдийн тарьсан хог хаягдал өмнөх жилүүдийнхээс нэлээд буурсан. Мөн амарч, аялж, зугаалж байгаа иргэд маань тусгай цэг дээр хогоо хаяж дадаж байна. Харин өнөөдрийн энэ арга хэмжээг хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол орон даяар дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эхлүүлж буй юм.
-Яагаад аяныхаа нээлтийг Дорноговь аймаг дахь Хамрын хийдийг сонгож хийв?
-80 гаруй жилийн өмнө энэ газар ой шугуй байсан гэж нутгийн өвгөд ярьдаг юм билээ. Тиймээс энергийн төв хэмээгддэг хамрын хийдийн ойр орчмыг ойжуулахаар эхлүүлсэн хэрэг. Үүнд Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотоос сурагчдын төлөөлөл ирж “Ногоон паспорт”аа хэрхэн үр дүнтэй хөтлөх, байгаль орчноо хамгаалах, мод тарих, хог хаягдлаа ангилан ялгах талаар бүтэн өдрийн өртөөчилсөн сургалтад суулаа.

Хамрын хийд бол монгол орны дотоодын аялал жуулчлалын гол цэг. Жилийн дөрвөн улиралд жуулчин ирдэг маршруттай. Тиймээс энд мод тарьж, цэцэрлэгжүүлэлт хийснээр говийн бүсэд усжуулалтын систем бүхий ой, амарч тухлах орчин зэргийг бий болгож байна. Ийм төслийг манай яам орон нутгийн удирдлагуудтай хамтран аймаг бүрт хэрэгжүүлэх зорилт тавиад байна. 

Эх сурвалж: БОАЖЯ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх