Монгол ШХАБ-д элсэх тухай асуудалд: Гай ч, гавьяа ч гарахгүй

2018-09-14 08:26      ГэрэгМН

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/09/32eab04ccaa94095a00211b687edb2b1.jpg

Монгол Улс ШХАБ-д элсэх цаг болсон эсэх талаар бодлогын мэтгэлцээн өрнөж байна. Талууд янз янзын өнцгөөр асуудлыг тайлбарлаж, зарим нь бүр хурцатгаж эхэллээ. Сүүлийн 30 шахам жил гадаад харилцаа, бодлого судалдаг эрдэмтэд, дипломат, цэргийнхний хүрээнд гурав дөрвөн хурал дараалан хийж, наад зах нь хагас жил гаруй албан, албан бус шугамаар хэлэлцэж байж НАТО, АНУ, ШХАБ-ын талаарх саналаа нэгтгэж шийддэг уламжлал тогтсон байв.

Гэтэл “байнга төвийг сахих” бодлогоос эхлээд сүүлийн үед энэ уламжлал тасалдах шинжтэй болоод байгаа нь харамсалтай.

ШХАБ-д элсэх асуудал ч ялгаагүй гэнэт тулгамдав. Энэ байгууллагад элсэх асуудлыг хорь шахуу жилийн турш лавтай гурван удаа нягталж байсан, одоо нягтлах цаг нь болсон. Гэхдээ ШХАБ-д элсэхийг нягтална гэдэг шууд “элсэнэ” гэсэн үг биш, элсэх цаг маань болсон эсэхийг хэлэлцэнэ гэсэн үг.

Монгол Улс ШХАБ-д ажиглагч гишүүнээр элсээд 15 жил боллоо гэдэг бол элсэх шалтгаан биш. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “гагцхүү Монгол Улсын ашиг сонирхлыг харгалзан” шийдвэр гаргах зарчимтай, хэрэв манай ашиг сонирхолд нийцэхгүй бол 100 жил болсон ч бид элсэхгүй байж болно.

Харин ашиг сонирхол маань юу билээ гэдгийг бодууштай. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах зарчмыг ШХАБ-д элссэн эсэхээс үл хамааран баримтална. “Гуравдагч хөрш”-ийн бодлого, “эвсэлд үл нэгдэх бодлого”, “нөхцөлтэйгөөр төвийг сахих бодлого”, эдийн засгийн хөгжлийн ашиг сонирхол гэх мэт олон зарчмын огтлолцол, тэнцвэр дээр бодлого тодорхойлогдох ёстой.

Монгол Улс ШХАБ-д элсэхдээ харгалзсан гурван болгоомжлол байна гэж судлаач нарын бүтээлээс ажиглагддаг.

  • ШХАБ үндсэндээ Орос, Хятад гэсэн хоёр туйлтай байгууллага бөгөөд жин нөлөөгөөрөө жижиг улсаад энэ хоёр гүрний бодлогыг дагалддаг. Энэ тохиолдолд Монгол Улс гишүүн болбол хоёр хөршөөс ирэх дарамт улам нэмэгдэнэ.
  • ШХАБ-д терроризмтай тэмцэх асуудал тулгамдаад байгаа, үүнийгээ шалтаглан АНУ-тай цаагуураа сөргөлдөх зорилго бүхий Орос, Хятадын эвсэл байгуулж буй. ШХАБ-д элсвэл “төвийг сахьсан” бодлогоо хадгалж, “гуравдагч хөрш”-ийн бодлогоо үргэлжлүүлэхэд саад болно.
  • ШХАБ цаашдаа бүс нутгийн эдийн засгийн интеграц болж магадгүй, гэхдээ өнөөг хүртэл ийм эхлэл ажиглагдахгүй байгаа юм. ШХАБ-д элслээ гээд эдийн засгийн ямар нэг хонжоо ирэхгүй.

Эдгээр болгоомжлолыг ШХАБ-д элсэхгүй байх шалтгаан гэж үзвэл өнөөдөр юу өөрчлөгдөв, юу хэвээрээ үлдэв гэдгийг нягтлах хэрэгтэй. Сүүлээс нь эхэлье.

  1. ШХАБ эдийн засгийн интеграц болоогүй, ойрын ирээдүйд л лав болохгүй гэдэг нь тодорхой байна. “ШХАБ-ын” гэгдэх төслүүд ямагт Хятад санаачилгаар бусадтайгаа хамтарсан ажил байсан, одоо ч тийм байна. Тэр бүү хэл, Хятад “Бүс, зам” санаачилгаа гаргаад байхад Орос сөргүүлж, “Евроазийн эдийн засгийн холбоо” гэдэг санаачилга гаргасан, аль аль нь Төв Азийг хамарч байгаа болохоос уулаасаа ШХАБ-ын хамтын санаачилга биш. “Бүс, зам” санаачилга идэвхтэй хэрэгжиж байна, харин ЕАЭЗХ одоогоор дорвитой урагшлахгүй байна, магадгүй сүүлдэээ харин энэ хоёр санаачилгыг нэгтгэж болох талаар В.В.Путин ярих болов. Энэ хоёр санаачилга нэгдвэл Төв Азид Орос, Хятад хоёр сонирхлоо тохиролцож, өрсөлдөхөө намжаалаа гэсэн үг байж болно.

Монгол Улс ШХАБ нэгдсэн, нэгдээгүй “Бүс, зам” хөтөлбөрт оролцох нь дамжиггүй. Энэ хүрээнд Монголчуудад зориулж төлөвлөчихсөн ажил Бээжинд бий, түүнийгээ хэрэгжүүлэх л болно.

  1. Терроризмтой тэмцэхээр шалтаглан АНУ-тай цаагуураа сөргөлдөнө гэдэг үнэн болохыг 2018 он гарсаар Сирийн байдал тодорхой харуулав. Гэхдээ ШХАБ цэргийн эвсэл болно гэдэг арай эрт байна. ШХАБ-ын аюулгүй байдлын хамтын ажиллагаа бол ОХУ-ын терроризмын эсрэг байгуулсан цогц сүлжээний нэг хэсэг бөгөөд тун ч идэвхтэй ажиллаж байна. Хятад ч энэ чиглэлийн хамтын ажиллагааг дэмжиж байгаа, хоёр гүрэн энэ тухайд “тосолсон машин шиг” жигд, нийцтэй, эрчтэй ажиллаж байна.

Манай улс ШХАБ-д нэгдэн орсноор “терроризмын эсрэг байр сууриа нотолсон” хэрэг болно. Өөр ямар нэг ач холбогдол харагдахгүй байна.

“Гуравдагч хөрш”-ийн бодлогод тээг учрах тухайд санаа зовох шаардлагагүй болов уу. БНХАУ-аас бусад ШХАБ-ын гишүүн орнууд бүгд, Орос хүртэл НАТО-ын Энхийн төлөө түншлэлийн гишүүн. Хэдийгээр Зэвсэгт хүчнийхээ үндсэн бүх мэдээг Москва, Бээжин хоёр руу өгөх үүргийг ШХАБ-ын орнууд хүлээдэг боловч НАТО-той, АНУ-тай хамтран ажилласан хэвээр буй. Манай улс ШХАБ-д гишүүн болбол мөн л тэдгээр мэдээллээ өгөх ёстой болно, гэхдээ НАТО-той тогтоосон “Даян дэлхийн түншлэлийн хөтөлбөр”-өөсөө ухрах, цуцлах ямар ч шаардлага гарахгүй биз.

  1. Хамгийн том асуудлыг хамгийн сүүлд нь. ШХАБ-д Энэтхэг элслээ. ШХАБ-д Энэтхэг элсэн орвол гурван туйлтай болно гэсэн хүлээлт байдаг, энэ хүлээлт одоогоор нотлогдоогүй байна. “Бүс, зам” санаачилгаас Дели болгоомжилж байгаа, Хятадтай хилийн маргаантай, тэр бүү хэл 2017 онд хил дээрээ зэвсэг зөрүүлсэн.

Энэтхэг гишүүн болсноор энэ байгууллагын ирээдүй их сонирхолтой болох бөгөөд наад зах нь хоёр хувилбар харагдаж байна – манай улс ШХАБ-д нэгдвэл аль нь ч төдий харшлахаар биш юм.

  • а/ Энэтхэг ШХАБ-д “гуравдах туйл” болж, байр сууриа бэхжүүлнэ. Үүнийг бид үндсэндээ “хүсч” байсан, тиймээс ШХАБ-д гишүүн болоход харшлах зүйл үгүй.
  • б/ Энэтхэгтэй хамт Пакистан элссэн, энэ хоёр улс хамтдаа бүс нутгийн байгууллагад элсээд тэр байгууллага нь үр дүнтэй байсан тохиолдол ховор. SAAR (South Asian Regional Association) гэдэг байгууллагыг хамдтаа 1970-аад оны эцсээр байгуулсан боловч хурал болгон дээрээ хоёулаа хэрэлдсээр байгаад Бангладеш, Шри Ланка, Балба зэрэг бусад улс жин нөлөө байхгүй байсаар байгаад дууссан. Энэ хувь заяа ШХАБ-д давтагдаж болзошгүй, тийм бол Монгол Улс ШХАБ-д элслээ гээд бас л гарзгүй юм.

Тиймээс Монгол Улс ШХАБ-д элсвэл үнэндээ гай ч үгүй, гавьяа ч үгүй л юм.

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат

Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх