Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн охин Г.Энхтайван:Аав минь Чингис хаан шиг олон түмнийг хайрласан өвөө байхыг хүссэн

2018-09-13 08:43      ГэрэгМН

Өвлийн өвгөнийхөө дүрээр та бидний дунд үүрд үлдсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүний охин Г.Энхтайвантай ярилцлаа.

-Юуны түрүүнд таны аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжтай цаг мөчийн тухай ярилцья?

-Манай аавд хүүхдүүддээ гаргах цаг зав хомс байсан. Гэвч урлагийн шинэ бүтээл гарахад биднийг авч явж үзүүлдэг байсан. Манай том эгч найман настайдаа гадаад руу балетаар хичээллэхээр явж байсан. Биднийг их бага байхад л гадаадад сурдаг байсан юм.

Эгчээс хойш гарсан хүүхдүүдээ дагуулаад л урлагийн шинэ тоглолтууд үзүүлдэг байсан. Тэр нь дуурь, кино, ардын урлагийн зэрэг ямар ч тоглолт байж болно. Аав минь дан ганц үзүүлээд зогсохгүй их сайхан тайлбарлаж өгдөг байв. Тиймээс бид багаасаа урлагийн мэдлэгтэй, гоо сайхны хүмүүжилтэй болж төлөвшсөн.

Ийм болж хүмүүжихэд аавын нөлөө их байсан. Бид багаасаа л театр урлагийн зүйлийг үзэх дуртай сонирхолтой байсан. Би бага ангид байхдаа хичээлээ тараад л аавын ажил дээр очдог байсан. Тухайн үед олон жүжиг тоглодог байж.

Хичээлээ тараад жүжиг үзэх гээд шууд харьдаггүй байлаа. Би нэгдүгээр сургуульд сурдаг байсан. “Хичээлээ тарахаар ганцаараа явж чадахгүй айж байна. Аавтайгаа хамт явна” гэж худлаа хэлээд л жүжиг үздэг байлаа. Тэр тоглолт бүхнийг уйлах үед нь уйлж, инээх үед нь инээж жүжиг дотор нь орж үздэг байж. Тэгээд аавынхаа тоглолтыг дуусгаад хамт харьдаг байсан.      

-Тухайлбал, аавынхаа тоглосон ямар жүжгүүдийг үзэж байв?

-Их олон жүжиг байна. Тэр үед чинь дэлхийн сонгодгуудыг байнга л тайзнаа тавьдаг байсан. Монголд 1955 онд анх “Отелло”-г тайзнаа тавихад аав минь гол дүрд нь тоглож байсан. Миний ээж бас жүжигчин хүн байсан. Тэр үед ээж минь Отеллогийн гэргий Дездемонд анхлан тоглож байв.

 Тухайн үед авахуулсан аав, ээж хоёрын минь их сайхан зураг бий. Тэр үед ардын жүжигчин агсан Долгорсүрэн гуай анхны Дездемонд тоглож байсан юм билээ. Миний ээж Дездемоны дублёр нь байсан юм. Би мэдээ орсон цагаасаа дэлхийн сонгодог эмгэнэлт жүжгүүдийг /”Лир ван”, “Отелло”, “Ричард III” гэх зэрэг/ их үзэж ирсэн.

Шекспирийн эмгэнэлт дөрвөн жүжгийн гол дүрийг ааваас өөр бүгдийг нь бүтээсэн хүн байхгүй гэж урлаг судлаачид ярьдаг.

Отеллод ааваас гадна ардын жүжигчин агсан Гантөмөр гуай тоглож байсан. Мөн Д.Сосорбарам гуай Отеллод хоёр удаа тоглосон гэж өөрөө ярьдаг. Лир ванг ааваас хойш шинэчилж тавьсангүй.

85 насных нь ойгоор УДЭТ аавын уран бүтээлийн үдэшлэгийг зохион байгуулж байсан. Тэр үед аав минь амьд сэрүүн 85 насандаа “Отелло”, “Лир ван” зэрэг жүжгийнхээ гол дүрийн хэсгээс үзэгчдэд толилуулж байлаа. Нөгөөтэйгүүр аав минь Монголын улс төр нийгмийн асуудлыг хөндсөн сонгодог зохиолуудын гол дүрд тоглож байсан. Үүний нэг жишээ Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очирт тоглож байв. Энэ дүрд аав л хамгийн олон тоглосон гэж хүмүүс ярьдаг юм билээ.

-100 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Бид томоохон үлдэцтэй ажил хийе гэж бодоод өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш ажиллаж байна. Хамгийн түрүүнд өнгөрсөн тавдугаар сард СУИС-ийн драмын жүжгийн сургуулийн нэг ангийг аавын нэрэмжит болгох санал тавьж хэрэгжүүлсэн. Энэ ангид төрийн соёрхолт Н.Наранбаатар маань хичээлээ заадаг юм билээ.

Мөн СУИС-ийн драмын жүжгийн мэргэжлээр сурч буй шилдэг 1-2 оюутанд сургалтын төлбөрийг олгож байхаар болсон. Манай аав Төв аймгийн Бүрэн сумын уугуул иргэн. Өнөө жил Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 95, аавын мэндэлсний 100 жилийн ойг хамтгатган тэмдэглэсэн. Энэ жил ойн хүрээнд төв аймгийнхан их баяр наадмаа аавын нэрэмжит болгон зохион байгуулсан.

 Энэхүү наадмын үеэр аймгийн удирдлагуудтай хамтран аавын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулсан. Мөн Хасар Жагаа өвлийн өвгөний дүрээрээ очиж хүүхэд багачуудад бэлэг өгсөн. Энэ нь их сонин содон үйл явдал болсон болов уу. Зарим хүн зуны цагт өвлийн өвгөн гарах ёсгүй зэрэг сөрөг хандлага ч үзүүлж байсан. Мөн УДЭТ-ын уран бүтээлийн хэлтэсийг аавын нэрэмжит болгон засвар хийлгэн хүлээлгэж өгсөн байгаа.

Түүнчлэн улсын хэмжээнд залуу уран бүтээлчдийн дунд аавын нэрэмжит уралдаан зохион байгуулах санаачилга гарган ажиллаж байна. Энэ нь үнэ цэнэтэй өндөр шагналын сантай тэмцээн байлгахыг хичээн ажиллах болно. Хоёр жилд нэг удаа юу, жилд нэг удаа юу гэдгийг ярилцаж байна.

Мөн СУИС-тай хэлэлцэн тохироод энэ сарын сүүлээр Г.Гомбосүрэнгийн уран бүтээл амьдралын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн хэлэлцүүлэг зохион байгуулах болно.

Аавын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд ном болон кино гаргаж байгаа. Г.Гомбосүрэн гэдэг хүний уран бүтээл, амьдралын замналыг харуулсан шинэ ном гаргах болно. Аав минь олон кинонд тоглож байсан. Мөн олон аймгийн хөгжимт драмын театрыг үндэслэн байгуулсан.

Жишээлбэл, Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театр, Сүхбаатар аймгийн Халзан сумтай салшгүй холбоотой. Аавыг Халзан сумын иргэд хүндэт иргэн болгож, их холбоотой байдаг байсан. Тэр бүү хэл Халзан сумын төлөөлөгчид манайд ирдэг байсан. Аав ч Халзан сум руу их явдаг байсан. Яагаад халзан сумтай ийм холбоотой байдаг юм гэхээр “Тэгэлгүй яахав. Аав нь халзан юм чинь. Монгол Улсад ганцхан Халзан сум байна. Тэр сумаас аавд нь хүсэлт тавьж, хамтран ажилладаг юм” гэж ярьдаг байсан. Энэ мэт олон театрын хөгжимт драмын театртай болоход сэтгэл зүрхээ зориулж явсан юм билээ.

-Тэр их хүмүүний тухай өгүүлэх ном, киног хийхээр ямар хүн ажиллаж байна вэ?

-УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж буй Ганхуяг доктор киног хийе гэж санаачлан ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сард киноны ажил дуусах байх. Номыг нь Ц.Энхтүвшин гэж хүн бичиж байгаа. Инженер мэргэжилтэй ч хүүхдийн зохиолчоор ажилладаг хүн бий.

Түүний аав Цэнд-Аюуш гуайг монголчууд “Таксийн цоохор машин” дууг дуулдаг жүжигчин хүн байсан гэдгээр нь сайн мэднэ. Манай аав, ээжүүд хоорондоо нөхөрлөж найзалж явсан. Номыг бичиж бараг дуусч байгаа.  Кино болон номыг ирэх арваннэгдүгээр сард болох аавын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохиох уран бүтээлийн үдэшлэгийн үеэр олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн. Энэ дашрамд аавын мэндэлсний 100 жилийн ойг зохион байгуулахад бүх талаар зөвлөгөө өгч тусласан Урлагийн ажилтын холбооны Б.Тунгалаг эгч, УДЭТ-ын удирдлага хамт олон СУИС-ийн хамт олонд талархаж буйгаа иэлрхийлье.

-Г.Гомбосүрэн гуайг “Энэ хүүхнүүд үү” киногоор олон түмэн залуу үе ч тэр андахгүй сайн мэднэ. Анх ямар кинонд тоглож байсан юм бол?

-Сүүлийн үеийн залуучууд энэ талаар бас сайн мэдэхгүй болов уу.

Гадуур явахаар залуус хамгийн их мэддэг нь “Энэ хүүхнүүд үү” кино, Өвлийн өвгөн хоёроор мэдэж байна.

“Энэ хүүхнүүд үү” бол баяр бүрээр гардаг шүү дээ. Хамгийн анх “Цогт тайж” киноны эвэртэй баатрын дүрд тоглож байсан юм билээ. Үүнээс хойш их олон кинонд тоглосон “Нүгэл буян”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай сэцэн хатан”, “Хүний мөр”, “Цэц магнай” зэрэг кинонд тоглож, дүрээ үлдээсэн байдаг юм.

Нэлээн сүүлд аав минь “Мичидийн зургаан гялаан” гэх кинонд гол дүр бүтээсэн. Их сайхан кино байдаг. Ахмадын асрамжийн газар дахь аж байдлыг харуулсан их сайн кино болсон. Мөн аав минь их олон жил үлгэр ярьсан. Телевизээр ч, радиогоор ч өдөр бүр 21.00 цагт үлгэр ярьдаг байсан шүү дээ. Үүнийг нь сэргээгээд радиогоор даваа, лхагва, баасан гарагт аавын ярьсан үлгэрүүдийг явуулж байгаа юм билээ.

-Таны аав уран бүтээлчээс гадна жолооч байсан гэдэг. Гал унтраах байгууллагын жолоочоор хэр удаан ажилласан бол?

-Аав анх  Галын аюулаас аврах газарт жолоочоор ажилд орж, Нийслэлд орж ирсэн юм билээ. Галын газраас аавд минь амьдралынх нь сүүлийн жилүүдэд маш их сэтгэлийн дэм өгч байсан гэдгийг энд онцолмоор байна.

Галын газартаа залуучуудын бэсрэг театр байгуулж, жүжиг тавьж хөдөө орон нутагт тоглож явсан. Одоогийн 101 гал унтраах төвд аавд минь тусад нь өрөө гаргаж, ажиллуулж байсан. Үүнд нь аав минь их баярладаг байсан. Аавын бие их сайн байсан. Ганц зүрх муутай байсан.

Олон жил хүнд дүрүүд бүтээсэн л дээ. Олон удаа жижиг харвалтууд өгч байсан. Ажилгүй болж гэртээ суусан тэр цаг үед гал унтраах байгууллагынхан санхүүгийн болоод сэтгэлийн их дэм өгч байсанд үр хүүхдүүд бид талархаж явдаг. Тухайн үед Отгонбаатар гэж хурандаа аавыг их дэмжсэн.

-  Ер нь бие хүний хувьд Г.Гомбосүрэн агсан ямар зан төлөвтэй байсан бэ?

-Аав хүүхдэд их хайртай байсан. Биднийг жаахан байхад гадуур дагуулаад явж байтал хүүхдээ загнаж, зодож байгаа хүмүүс дээр очоод барьж аваад “Юугаа ч мэдэхгүй хүүхдийг яаж байгаа юм” гэдэг байсан. Тэр зан аашийг нь марталгүй санаж явдаг.

Ер нь манай аав, ээж хоёулаа тийм байсан. Нэг нь хүүхдээ загнахаар нөгөө нь өмөөрөөд сүйд болдог байлаа.

Бид нарыг ганц удаа ч болов зодож, загнаж байгаагүй. Одоо бид ч хүүхдээ энэ маягаар л өсгөж хүмүүжүүлдэг.

Аав минь өвлийн өвгөний дүрийг 50 гаруй жил бүтээсэн. Ааваас гурван үеэрээ бэлэг авсан гэсэн хүмүүс ч цөөнгүй байдаг.  

-Яагаад Өвлийн өвгөнд тоглохоор болсон юм бол?

-Бид өөрөөс нь асууж байсан. “Тухайн алтан үеийнхний дунд харьцангуй залуу байсан болохоор намайг сонгосон болов уу” гэж их даруухан хариулсан. 1947 онд анх өвлийн өвгөн болсон.

1942 онд жүжигчин болж байсан шүү дээ. Анх өвлийн өвгөний дүрийг бүтээхдээ их сэтгэл зүрх гарган ажилласан гэдэг. Одоогийнх шиг интернет гэж байсан биш. Өвлийн өвгөн гэж ямар байх, тэр дундаа монгол өвлийн өвгөнийг хэрхэн бүтээх вэ гэж их ажилласан юм билээ.

Монгол өвлийн өвгөний хувцсыг нь хүртэл зохиосон гэж гадуур ярьдаг. Өөрөө бол малгайг нь зохиосон гэж ярьж байсан. Чингис хааны хөрөг зурагнаас сэдэвлэн малгайныхаа загварыг гаргаж оёулж байсан гэдэг юм билээ. Чингис хаан шиг олон түмнийг хайрлаж энхрийлсэн өвөө болохыг хүссэн юм шиг байна лээ.

-Гэртээ өвлийн өвгөний дүрээр очиж байсан уу?

-Ганц нэг удаа очиж байсан. Гэхдээ өвлийн өвгөний хувцастайгаа ирж байсан нь ховор. Шинэ төрсөн хүүхэд дээрээ өвлийн өвгөний хувцастайгаа ирж байсан үе бий.

Яг шинэ жилийн баяраар он солигдох мөчид аав байдаггүй байлаа.

Тухайн үед Монголын тэргүүний залуучуудын шинэ жил гэж арванхоёрдугаар сарын 31-нд 00.00 цагт болдог байсан. Нэгдүгээр  сарын 1-нд хүүхдүүдийн шинэ жил болдог байсан. Тэгээд 31-нд аав их орой гэртээ ирдэг байсан. Бид тухайн үед унтаж сэрээд л “аав ирсэн үү” гэдэг байлаа.

Ээж минь ширээгээ засаад л аавыг хүлээнэ. Аав ирмэгц биднийг дуудаж, сэрээгээд шинэ оны баяраа тэмдэглэдэг байлаа. Хамгийн гол нь ааваасаа бэлэг авах гэж их хүлээдэг байжээ.

 Аав минь нэг хайрцагт хүүхдийнхээ тоогоор бэлэг аваад ирдэг байж билээ. Том болсноосоо хойш би урлагаараа тэргүүлж, хоёр удаа “Харшийн сүлд модны наадам”-д оролцож байсан. Миний дараагийн дүү бас их сурлага сайтай хүүхэд байж. Улсын математикийн олимпиадад тэргүүлж байлаа. Тэр дүү минь бас “Харшийн сүлд модны наадам”-д гурав дөрвөн удаа орж байсан.

-Авьяас удам дамждаг гэдэг. Танай гэр бүлийнхний хувьд урлагийн мэргэжилтэй хүн хэр олон байдаг вэ?

-Манай том эгчийн гурван хүүхэд бий. Бүгд их авьяастай. Эгчийн хамгийн том хүү нь Свердловскийн консерваторийг төгсөөд сургуульдаа ерөнхий удирдаачаар ажиллаж байгаа. Тэр хүүгийнх нь хүү Чайковскийн консерваторийг хөгжимчнөөр төгсөөд ажиллаж байна. Манай бага хоёр дүү урлагийн мэргэжил эзэмшсэн. Нэг дүү маань төгөлдөр хуурч Хөгжим бүжгийн консерваторит багшилдаг. Хамгийн бага дүү маань бүжигчин.

Өмнө нь Үндэсний дуу бүжгийн чуулгад бүжигчнээр ажиллаж байсан. Бусад нь инженерийн мэргэжил эзэмшсэн. Би хоол хүнсний инженер. Оёдлын инженер,

-Аав, ээж тань хоёулаа жүжигчин хүн байсан болохоор хүүхдүүдээ урлагийн хүн болгохыг хүсдэг байсан болов уу? 

-Аав, ээж минь хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг л дагадаг байсан. Ямар нэг зүйл хийх ёстой гэж тулган шаардаж байгаагүй.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Хоёр дахь хүүхэд.

-Ээж тань ямар хүн байсан бэ?

-Ээж минь их сайхан тайван хүн байсан. Миний дараах хоёр хүүхэд их ойрхон төрсөн. Тэгээд олон жаахан хүүхэдтэй болохоор ээж минь жүжигчний ажилаа орхихоос өөр аргагүй болсон. Тэр үед хүүхэд төрүүлээд хоёр сар болоод л ажилдаа орох хатуу ёстой байсан.

 Тухайн үед хэрэв хугацаандаа ажилдаа орохгүй бол ажлаас халагдахаас өөр аргагүй байлаа шүү дээ. Тэгээд ээж хүүхдүүдээ арай том болохоор өөр ажил хийх болсон. Үсчин болж, гэртэйгээ их ойрхон газар ажилладаг байлаа. Хамгийн бага хоёр дүү гарсаны цэцэрлэгийн багшаар ажилласан.

-Ээжийг тань ямар уран бүтээлээр хүмүүс сайн мэдэх бол?

-Жүжигчин байсан хугацаа удаан байгаагүй. Манай ээжийн ээж бидний эмээ урлагийн их авьяастай хүн байсан юм билээ.

 Эмээ минь Жанжин Сүхбаатарын клуб гэж байхад хөгжимчин хийж байсан. Эмээ хоёр хүү ганц охинтой. Бүгд л урлагийн авьяастай. Манай ээжийн ах 13 настайгаасаа хийл хөгжим тоглож сурсан юм билээ. Манай ээж багаасаа гимнастикаар хичээллэж байсан гэдэг. Их гоё биетэй сайхан бүсгүй байсан. Манай эмээ хүрээний гурван сайхан бүсгүйн нэг байсан.

-Г.Гомбосүрэн агсаны хийж хэвшсэн ямар нэг зүйл гэвэл та юу хэлэх вэ. Өдөр тутамд хийдэг ямар зүйл байсан бэ?

-Аав минь их сайхан нуруутай сайхан хүн байсан.

Жүжигчин хүн сайхан байх ёстой гээд биеэ их хичээж авч явдаг. Залуугаасаа гимнастик хийж ирсэн. Насан өөд болтлоо л гимнастикаа хийдэг байлаа.

Эмнэлэгт бие нь муу хэвтэж байхдаа ч биднийг гантил аваад ирээч гэдэг байсан. Биедээ их арчаатай хүн байсан. Оросоос ирдэг шилмүүстэй ваннд их орно.

Гимнастик хийхдээ шилмүүстэй усанд норгосон маск байнга зүүдэг байсан. Өдөр бүр хоёр цаг гимнастик хийдэг байв. Гимнастикаа хийгээд өглөөний цайгаа уудаг. Гурилтай шөлд их дуртай. Өглөө оройд гурилтай шөл л их иддэг байсан. Аавын бас нэг онцлог нь бөх шимтэн үздэг их дуртай байсан. Ямар ч бөхийн тэмцээнийг алгасдаггүй. Бөх их үздэг болохоор Биеийн тамирын хорооноос үнэгүй үзэх эрх өгчихсөн. Тэгээд л бөхийн өргөөнд барилдаантай өдөр тусгай өрөөнд орж суугаад хамгийн түрүүнд үздэг байлаа.

-Аав тань ямар хүмүүстэй нөхөрлөдөг байв. Та бүхнийг бага байхад урлагийнхан гэрээр чинь их орж гардаг байв уу?

- Зөндөө бий. Манайх анх таван буудалд театрын жүжигчдийн нэг давхар байранд амьдарч байсан. Одоо ч тэр хашаа нь театрын мэдэлд байдаг юм билээ. Дараа нь төв шуудангийн ард талын хоёр давхар байранд орсон.

 Гавьяат жүжигчин болсны дараа Орос элчингийн хажууд дөчин мянгатад байр авсан. Тэнд нэлээн удсан. Дараа нь 120 ашиглалтад ороход тийшээ нүүсэн. Сүүлд нэгдүгээр хороолол ашиглалтад ороход нүүж орж байсан. Олон хүүхэдтэй болохоор байраа томруулаад л нүүгээд явсан хэрэг.

Улсаас ахуй байдлыг нь сайжруулж байгаа нь тэр.

Миний мэдэхийн Орос элчингийн хажууд байхад ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай дөнгөж хөдөөнөөс орж ирээд  манайд амьдарч байсан.

Аавтай нэг нутаг юм билээ. Ш.Сүрэнжав гуай манай нэг өрөөнд эвхдэг орон дээр унтдаг байлаа.

Нүдээ аниад долоовор хуруугаа гозойлгоод шүлгээ уншдаг байлаа. Бид ч хүүхдүүд юм болохоор гайхаад ааваас “Энэ ямар хачин хүн бэ, эрүүл үү” гэж асуудаг байсан.

 Жарантав гуай бас анх жүжигчин болж байхдаа манайд байдаг байсан. Тухайн үед манай багын дээд талын дүүг Жарантав гуай харж өгдөг байсан. Тэгээд манайхаас тусдаа гарч байсан юм. Манайд амьдардаггүй ч ирж хоолоо иддэг их олон хүн байсан. Ээж минь их хоол сайтай хүн байсан л даа.  

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх