“Эрдэнэс Тавантолгой” ХК дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулж байгаагаа зарлалаа

2018-09-12 13:12      gereg

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр мэдээлэл хийж Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг бий болгох чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ:

-Манай компани ҮАБЗ, УИХ, Засгийн газрын тогтоолоор “ЭТТ” ХК болон Таван толгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр хувьцаа гаргах ажлыг эхлүүлэхээр хоёр удаагийн 180 хоногийн үүрэг авснаас бид өнөөдөр эхний 180 хоногийн 72 дахь өдөр дээрээ явж байна. Энэ хүрээнд 4 том ажил хийхээс олон улсын санхүүгийн болон хуулийн, техникийн зөвлөх авч ажиллуулах, компанийн дотоод аудитыг олон улсын хүрээнд хийлгэх зэрэг 8 үе шаттай ажлынхаа 5 дахь дээр нь явж байна. Энэ талаар компанийн зүгээс олон улсын тендер зарлаад байна гэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байна

“ЭТТ” ХК Компанийн засаглалыг сайжруулж,  үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг бий болгож санхүүгийн шилэн зарчмыг баталгаажуулж худалдан авалтыг ил тод болгох хүрээнд 3 төрлийн ажлыг хийж байгаагаас өнөөдөр 12.00 цагаас компанийн дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулах, үүнд нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Олон нийтийн зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байж дотроо:

  • Мэдээлэл, ил тод, нээлттэй байдлын,
  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх,
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хяналтын гэсэн 3 дэд хороотой байх юм.

Энэ хүрээнд өнөөдрөөс Монгол Улсын иргэн, хэн ч байсан шаардлага хангасан хүн ОНЗ болон дэд хороодын гишүүнд нэр дэвшүүлж болно. Өнөөдрийн 12.00 цагаас ЭТТ ХК-ийн цахим хуудсаар орж баталсан журам, анкет, хүсэлтийн дагуу нэрээ дэвшүүлэх эрх нээгдэж байна” гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг зарлалаа. 14 хоногийн дараа иргэдээс санал авч сонгон шалгаруулалт явж, мөн 14 хоногийн дараа хамгийн олон санал авсан хүмүүс дундаас 9 хүнийг ОНЗ-ийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг сонгож гишүүд тодорч олон нийтэд зарлана. Сонгогдсон гишүүд орон тооны бус байж чиг, үүргийг тодорхой болгосны дараа хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах юм. ОНЗ-д Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ялангуяа санхүүгийн зах зээлийг мэддэг, авлигын эсрэг ажиллах мэргэшсэн, шударга хүмүүс нэр дэвшиж оролцоно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ компанийн удирдлага хэлж байна. “Бид мөн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг ил тод байдлаар тогтмол явуулна. Энэ бүхэн нь Компанийн засаглалыг сайжруулж,  үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлыг дэлхийн стандартад хүргэх үүднээс хийж буй, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниудын заавал хийх ёстой үүрэг бүхий ажлууд юм. Бид “ЭТТ” олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийж хувьцаагаа гаргасны дараа бус, түүнээс өмнө урьдчилан бэлтгэл ажил болгон хийж байна зүйл юм” гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцлож байв. ОНЗ байгуулж байгаа нь Монголд анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит ААН дэргэдээ Олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж буй үйл явдал гэдгийг тэрээр тодотгож байв.

Нүүрс худалдан авах, борлуулах гэрээг нээлттэй болгожээ

“ЭТТ” ХК үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох зорилгоор хийж буй дараагийн нэг чухал ажил нь нүүрс худалдан авагчийг мөн нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, нүүрс борлуулалтын гэрээг ил болгож буйгаа зарласан явдал юм гэдгийг компанийн удирдлага өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд тодотгож байв. Компани байгуулагдснаас хойш нүүрс худалдан авах 173 гэрээ байгуулснаас 2018 онд компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн боломжийн үнийн санал өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий ААН, компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийн мэдээллийг анх удаагаа ил тод болгож байна гэв. Нүүрс худалдах урилга, ямар ААН, компанитай, ямар үнээр хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээг “ЭТТ” ХК-ийн зүгээс байгуулсан талаарх мэдээллийг энэ оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тус компанийн албан ёсны цахим хуудас болох “erdenestt.mn”-д ил тод байршуулсан учир сонирхсон хүн бүхэн танилцах боломжтой гэдгийг тоотгож байв.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх