“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага “засвартай байна”

2018-09-12 09:01      ГэрэгМН

"Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын талаарх цахим сайтынх нь мэдээлэл

Төрийн яам, агентлаг,төрийн өмчит үйлдвэрийн газрууд, тэр байтугай төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төсвийн зарцуулалтын мэдээлэл ил тод байх хуультай. Энэ ил тодыг хангах хамгийн боломжит бөгөөд хуулийн дагуух талбар бол тухайн байгууллагын вэб сайт билээ.

Гэтэл улсад хамгийн их татвар төлдөг, 51 хувь төрийн өмчит, 49 хувь хувийн гэх “Эрдэнэт” үйлдвэрт нууцлах юм их байдаг ажээ. Хамгийн наад захын жишээ “Эрдэнэт” үйлдвэрийн https://www.erdenetmc.mn/ вэб сайтын “Бидний тухай” гэх цэснээс “Удирдлагууд”-ын тухай мэдээллийг харах гэтэл “Хуудас  засвартай байна” гэх хариу барив.

Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн хэн байна? гэх мэдээллийг хайтал мөн л “Засвартай байх” аж.

Тус үйлдвэрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажилладаг. ЗГХЭГ-ын дэд даргын удирддаг ТУЗ-ийн гишүүдийн нэр ус олонд ил байхаас эмээх нь Засгийн газрын нийт бие бүрэлдэхүүний ил тодын шалгуурт хамаатай юу, үгүй юу?

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн уриа нь: 

      Ард түмний итгэл
     Анд түншийн найдвар
     Ажилчин бидний бахархал гэнэ.

Тэгвэл ард түмнийхээ итгэлийг авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийг хэн хэн удирдаж байна, хэн хэн төлөөлж байна гэх мэдээлэл ил тод байх ёстой баймаар.

Өнгөрсөн зун 40 жилийнхээ ойг тэмдэглэсэн “Эрдэнэт” ойгоороо хэдэн төгрөг зарлагадав гэх мэдээлэл нэн сонирхолтой.Харамсалтай нь https://www.erdenetmc.mn/ сайтын “Худалдан  авалт” гэх цэснээс та бидний хэн нь ч юуг ч мэдэж чадахгүй. Учир нь уг цэсэнд хэзээ оруулсан нь үл мэдэгдэх ерөнхий бөөрөнхий мэдээллээс өөр зүйлгүй.

Монголын ард түмний өмч, дарга нарын саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт”-ийн шилэн дансны мэдээлэл сонирхолтой биш гэж үү?

Шилэн дансны тухай хуулиар тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсвийн  гүйцэтгэл, хэмнэлт, хэтрэлт,хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессын зүйлийн жагсаалт, дээр нь хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт гэхчилэн маш олон мэдээллийг Шилэн дансны тухай хуулиар вэб сайтдаа байршуулах ёстой.

Түүнчлэн тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт гэх мэт.

Иргэдэд шилэн дансны хяналтыг хийх хамгийн ойлгомжтой нэг төрөл бол таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийг сар бүр өөрийн вэб сайтдаа болон шилэн дансны нэгдсэн мэдээллийн санд оруулах ёстой. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн  шилэн дансны мэдээллийг хэн ч хянах боломжгүй.

https://www.erdenetmc.mn/ сайтын Шилэн данс гэх цэс рүү ЭНД  дараад орох гэж оролдоод үз.  Өөдөөс чинь “Уучлаарай,таны хайсан хуудас” олдсонгүй”.

51 ба 49 хувийн маргаантай, “Стандарт” банкинд тавьсан өр төлбөрийн асуудал шуугиан дэгдээсээр сүүлдээ “Саалийн үнээ”-г маань хэн дуртай нь сааж байдагтай бид бараг л эвлэрсэн.

Өнөөгийн удирдлага ч “Хамгийн том татвар төлөгч” гэх ганцхан өгүүлбэрээр ам хааж,  вант улсын эзэн ноён мэт аашилсаар байна. Өнгөрсөн зунжингаа найрлаж, наадамдсан “Эрдэнэт” үйлдвэрийн зарцуулсан төсвийг хаанаас яаж мэдэж болох вэ, дарга нар аа.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ, Засгийн газрын шийдвэр хэрэгжих үү? Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг ихээхэн хойрго хандаж байгаа гэдэг.Учир нь тэрбээр 49 хувийнхантай найзан дундаа орсон юм байх.

Том маргаан, том хэрүүлийн араар өнөөгийн удирдлага хэрхэн ажиллаж байна, хэр ил тод байна гэдгийг бид нэхэж шаардах эрхтэй.

Том маргаануудад  Засгийн газар хэрхэн хариу өгөхийг ч  хүмүүс хүлээж байна. Учир нь 49 хувь ба “Стандарт” банктай холбоотой асуудлуудад хэн яаж хариуцлага хүлээхээс яриад байгаа шударга ёс тогтож эхэлнэ  гэж бид ойлгож байгаа.

Магадгүй "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга,гүйцэтгэх захирлын  өөрчлөлтийн дараа асуудлууд бага багаар шийдэгдэж ч магадгүй. Удирдлагыг өөрчлөх  бор шувуу нисээд ч эхэлжээ. Цахим сайтын хуудас шигээ "засвартай" удирдлагатай учир асуудлууд бугшаад байж болох юм. 

"Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал  Х.Бадамсүрэн

 

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга  С.Бямбасүрэн

 

Г.Саруул (WWW.GEREG.MN)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сүрнээ

Саалийн үнээ л гээд байдаг ганц үйлдвэрээ дарга нар нь ч саагаад, улс ч саагаад байдаг болохоор их л сүүтэй үнээ юм даа. Хайран хөрөнгийг үр дүнтэй зарцуулсан бол их юм бүтээж болно доо

2018-09-12 21:26    202.179.25.44

Сэтгэгдэл нэмэх