Д.Дэмбэрэлнямба:Адууны ясаар кальцийн бэлдмэл хийж байгаа орон Монголоос өөр байхгүй

2018-09-10 10:04      ГэрэгМН

-Д.Дэмбэрэлнямба: 100 саяын шагнал авсан зорилгоо давуулан биелүүлсэн-

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын "Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлээр шалгарч 100 саяын шагнал хүртсэн таван эрдэмтний нээлттэй хэлэлцүүлгийг Шинжлэх ухаан технологийн сангаас зохион байгууллаа.  

Бид энэ үеэр 2015 онд “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл бүтээл”-ээр тус шагналыг хүртсэн химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямбатай ярилцлаа.

 -100 саяын шагнал хүртсэн эрдэмтэд нэг дор уулзлаа. Таны хувьд шагналаа авахдаа зорьж хийж бүтээх гэсэн зүйлдээ хүрч чадсан уу?

-Зарим хүмүүс эрдэмтдэд 100 сая өглөө, хэрэггүй зүйлд зарцууллаа л гэнэ. Олон хүн дотор сайн муу олон янзаар ярина. Гэхдээ энэ судалгааны үндсэнд бид хүнийг эмээр бус хүнсээр нь эмчилж байна гэж хэлж болно. Энэхүү шагналыг хүртэхдээ дараагийн хоёр бүтээгдэхүүн гаргахад зарцуулах болно гэдгээ би хэлж байсан. Энэ хоёр бүтээгдэхүүн одоо худалдаанд гарсан.

Нэгт үе мөчний эм картил, адууны чөмөгний тосноос түрхлэг гаргаж авсан. Мөн адууны зүрхийг судалж зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зүрхний тэжээл гаргаж авсан. Хүүхдэд зориулсан кальци, таргалалттай хүмүүст зөв аргаар жингээ хаяхад зориулсан “Хөөрхөн” гэдэг шейк гаргасан байгаа.

Тэгэхээр 100 саяын шагнал авсан зорилгоо давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Цаашид хүний биед хэрэгтэй олон зүйлийг гаргахын тулд ажиллаж байна.  

Та хоол хүнсээ эм болгохгүй бол эмийг хоол хүнс шиг хэрэглэх болно гэдгийг алдарт Гепократ хэлсэн шүү дээ.

Тиймээс бид хүмүүст хоол хүнсээ эм болгож хэрэглэх боломжийг олгож байгаадаа баярлаж явдаг юм.

-Судалгаандаа яагаад заавал адууг сонгосон юм бэ?
-Монголчууд эртнээс адууны махыг “сайн” гэж хүнсэндээ хэрэглэдэг байсан. Гэхдээ ясыг нь даахгүй учраас зүгээр л хаячихдаг байсан юм билээ. Бидний цаашдын гол зорилго нь адуугаа өсгөе гэж бодож байна. Үүний тулд ашиглахгүй хаяж байгаа ясыг кальци болгоё гэж бодсон юм. Адуу бол хамгийн эрүүл, чийрэг амьтан. Салаа туурайтай амьтны өвчнөөр өвчлөхгүй. Жишээлбэл, адуу галзуу шүлхий өвчин тусдаггүй. Мөн дэлхийн бүх амьтдаас хамгийн яс бөхтэй нь адуу.

Нэгдүгээрт, адуу, дараа нь арслан одоогоор дэлхий дээрх хамгийн яс бөхтэй амьтны тоонд орж байна. Монгол адуу 400 орчим төрлийн ургамлаар хооллодог. Хүний биеийн жингээс адуу 3-4 дахин хүнд. Мөн идэж буй хоол хүнсээ кальци болгох адууны чадвар хүнээс 30 дахин илүү гэсэн үг. Дээрх шалтгааны улмаас монгол адууг сонгон яснаас нь кальци гаргаж авахаар болсон. 

-Та адуунаас өөр хүнд хэрэгтэй ямар төрлийн бэлдмэл гаргаж авах боломжтой талаар судалж байна уу? 

-Адууны ясны бүтцийг судлаад үзэхэд хүнийхтэй ойролцоо байдаг. Түүнчлэн гүүний саам гэхэд л таван хошуу мал дороос эхийн сүүтэй хамгийн ойрхон найрлагатай нь юм.

Үхрийн сүүгээр хүүхэд угжихад гэдэс нь дүүрээд байхад гүүний саамаар угжихад хэвийн байдалдаа ордог.

Мөн адууны тос гэхэд дотроо Омега III, VI зэргийг агуулсан байдаг. Энэ мэтчилэн адуунаас хаях зүйл огт байхгүй, гайхалтай амьтан юм. Ингээд бид адуу брэнд нэрийн дор гурван зүйлийг гарган авч батлуулсан байна.

Нэгдүгээрт, адууны кальци, хоёрдугаарт, адууны зөөлөн эдээс гаргаж авсан үе мөчний тэжээл, гуравдугаарт, адууны зүрхэн дээр суурилж хийсэн зүрх судасны тэжээл юм.

-Уг бэлдмэлийг ямар технологиор гаргаж авсан бэ? 

-Адууны ясаар кальцийн бэлдмэл хийж байгаа орон Монголоос өөр байхгүй. Эмнэлгийн практикт бол адууны ясны биологийн идэвхийг алдагдуулахгүй, аль болох зөөлөн нөхцөлд, химийн бодисгүйгээр, механик аргаар гарган авч байгаа.

Ер нь кальцийн бэлдмэлийн гурван төрөл байна.Эхнийх нь шохойн чулууны бэлдмэл буюу кальци, хоёрдугаарт, химичид нийлэг аргаар гаргаж авсан нимбэгний хүчлийн кальци. Дээрх төрлийн кальци нь хүний хувьд хүнс болдоггүй, шингэц муутай байдаг.

Мөн биологи, ургамлын гаралтай кальци гэж бий. Ургамлын гаралтайд нь кальцийн хэмжээ их байдаггүй. нөөцийн хувьд ч их биш. Харин биологийн гаралтай кальци нь олдоц ихтэй, хоргүй, амархан боловсордог амьтны гаралтай юм. Бидний гаргаж авсан адууны кальци нь биологийнх. Тиймээс хүн хэрэглэхэд хамгийн тохиромжтой гэж ойлгож болно. Манай бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүс их ам сайтай байдаг шүү. Одоо бид бэлдмэлээ дэлхийн зах зээлд гаргахаар зорьж байна. 

-Хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой бэлдмэл вэ? 

-Чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг ясны сийрэгжилт манай улсад ч ихээр гарах болж. Нэн ялангуяа залуучууд энэ өвчинд ихээр өртөж байна. Энэ нь өвддөггүй, хүнд мэдэгддэггүй өвчин. Нэг л өдөр халтирч унаад эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй.

Хүн хүүхэд байхаасаа л ясныхаа нягтыг хүнс, хоолоороо авч байх ёстой.

Харамсалтай нь, бид авч чадахгүй байгаа юм. Ер нь хүний ясны нягт 27-30 насандаа хамгийн дээд цэгтээ хүрдэг. Адууны ясны кальцийн бэлдмэлийг хэрэглэхэд 150 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэ бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бид олон жилийн судалгаа туршилт явуулж, бэлдмэлээ гарган авсан. Хүнд байгаа кальцийн 99 хувь нь ясандаа, шүдэндээ байдаг. Нэг хувь нь биеийн шингэнд байдаг. Тиймээс хүн идэж, ууж буй хоол хүнсээрээ дамжуулж, нэг хувийн кальци байнга авч байх ёстой гэсэн үг. 

-Адууны кальцийг бүх насныхан хэрэглэх боломжтой юу. Хэрхэн хэрэглэх вэ? 

-Хүн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Кальци илүүднэ гэж бараг байхгүй. Монголчуудын өдөрт авч байгаа кальцийн хэмжээ 300-500 мг байдаг.

Гэтэл хүн өдөрт 1300 мг ялангуяа өсвөр насны болон есөөс дээш насныхан өдөрт 1300 мг кальцийг ямарваа нэгэн байдлаар авч байх ёстой. Ер нь хүн өдөрт 3000 мг кальци авсан ч илүүдэхгүй.   

Биеийн хаа нэгт нь яс ургахаар кальци илүүдээд гарч байгаа гэдэг буруу ойлголттой байдаг. Энэ нь кальцийг таны биед шингээх зориулалтын витамин, эрдэс бодис байхгүй байна гэсэн үг.  

Дөрвөн наснаас эхлээд хүүхдийнхээ алгаар нь шинжлүүлж авах ёстой кальциа авч чадаж буй эсэхийг манайхаар тодорхойлуулж болно. Ингэснээр хүүхдийн тань эрүүл өсч бойжиход нь тустай. Манай кальцийг ууснаар хүүхдүүд дан ганц ясны сийрэгжилтээс сэргийлээд зогсохгүй өсөлтөө дэмжүүлэх боломжтой. Мөн эрчүүдээс илүү эмэгтэйчүүд ясны сийрэгжилтэд илүү өртдөг.

Учир нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг. Нэг хүүхэд төрүүлэхэд тухайн эх хүн 30 гр кальци тасалж өгдөг. Иймээс эмэгтэйчүүд ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж кальцийг тогтмол ууж, хэрэглэх хэрэгтэй.

Жирэмсэн байхдаа ч кальцийг хэрэглэж болно. Кальци чинь эм биш хоол хүнс гэсэн үг. Дээр нь 50 гараад эмэгтэйчүүд цэвэршдэг. Энэ үед ч гэсэн кальцийг тогтмол хэрэглэж эмчийн хяналтад байх ёстой.

-Адууны бэлдмэлийг Монголдоо үйлдвэрлэж байгаа болохоор хэдэн төгрөгөөр худалдаалах нь уншигчдад сонин байгаа байх? 

-Тэгэлгүй яахав. Эх орондоо үйлдвэрлэж байгаа болохоор ашиг олохыг бодохгүй байгаа. Бусад эмнэлэгтэй харьцуулахад манайх хамгийн хямдаар үйлчилдэг.

Жишээлбэл, үзлэг 15 мянган төгрөг, нэг курс буюу 3 сав адууны кальцийг 83 мянган төгрөгөөр борлуулж байна. Бидний хувьд ашиг олох чухал биш. Тэгээд ч иргэдийн худалдан авах чадвар сайн биш байна шүү дээ. Цаашдаа бид дэлхий дахинд бүтээгдэхүүнээ гаргаж чадсанаар бэлдмэл болон үйлчилгээнийхээ үнийн тарифийг хөнгөлөх боломжтой. 

-Залуу эрдэмтэн судлаачид уулзалтад их ирлээ. Тэдэндээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай улс шинжлэх ухаан технологийг дэмжин ажиллаж байна. Шинжлэх ухаан, технологийн салбараа хөгжүүлсэнээр тухайн улс орон хөгждөг. Тиймээс залуучууд улс орноо хөгжүүлэхэд салбар салбартаа амжилт гаргаж, тууштай ажиллахыг хүсье. Ер нь эрдэм номонд суурилсан бизнес ямагт хөгжиж дэвших болно гэдгийг хэлмээр байна. 

Мөн шинэ санаа олох хамгийн чухал. Энэ санаагаа уйгагүй судалж хөгжүүлэх нь зүйтэй. Аливаа судалгаа шинжилгээнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлд амьдрах чадвар бусдаас илүү байдгыг залуучууд анхаарах хэрэгтэй.

 

Г.Ням (www.gereg.mn )




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

ta buhendee amjilt husey. kaltsi kartil n mash sain sanagdsan

2018-09-14 09:04    139.5.217.178
zochin

13дугаар хорооллын Голден пен дэлгүүрийн долоон давхарт байдаг гэсэн шүү

2018-09-12 12:31    66.181.167.54
Сүрэн

Танд улам их амжилт хүсэе.Танай бүтээгдэхүүн маш сайн би өвдгөнд яс ургаад 2 курс Картил уугаад мөн Экинолыг түрхэж хэрэглэж байна зовиур эрс багассан одоо 3 дахиа авна баярлалаа

2018-09-11 15:25    150.129.143.183
Ганцэцэг

Өдөрт тийм олон ширхэгээр уудаг хэр нь үр дүн муу хэр нь үнэтэй санагдсан .

2018-09-11 11:59    203.91.115.55
Мүрэн

Ясны гурил дээр гаднаас оруулсан кальци нэмсэн юм биш үү. Эмийг хоолны өмнө эсвэл хойно уу гэдэг Танай адууны кальцийг хоолтой хамт ид гэх Олон сар уухаар хуршсан адууны махны үнэрээр хэхрээд байх юм . Өвчинтэй өвчингүй адууны ясаа яаж ялгаж авдагт санаа зовж байна.

2018-09-11 09:14    64.119.21.175
Луяө

Баяр хүргье.Таны нөр их хөдөлмөрийн үр дүн гарч,төр засаг ч үнэлсэн баяртай байна.Цаашдын чинь ажилд амжилт хүсье.

2018-09-10 12:49    202.126.89.69
Zocjin

Haanaas ochij avah be?

2018-09-10 11:46    64.119.26.253
Зочин

Мундаг эрдэмтэндээ амжилт хүсье.

2018-09-10 10:26    66.181.180.118

Сэтгэгдэл нэмэх