Эхнэрээ үүрч аялдаг хайрын түүх

2018-09-04 17:34      ГэрэгМН


 

Хятадын “China daily” цахим сайтад нэгэн хайрын түүх гарчээ. Энэ бол Ван Сяомин гэх эр Ю Ёнхуа хэмээх хүнд өвчтэй 52 настай эхнэрээ нуруундаа үүрэн 1864 метрийн өндөрт хүрсэн аяллын тухай байлаа.

Өнгөрсөн долдугаар сарын 22-нд Ван Сяомин эхнэрээ үүрэн Хятадын Аньхуй мужийн зүүн хэсэгт орших Хуаншань буюу шар уулын оргилд гарсан байна. Тэдний аялал 12 цаг үргэлжилжээ. Түүний эхнэр Ю Ёнхуа 2014 онд “Amyotrophic lateral sclerosis хэмээх 100мянган хүн тутамд 2-3 тохиолдол илэрдэг өвчнөөр өвчилсөн байна.

Тэд Шанхайн эмнэлэгт үзүүлэхэд эхнэрийг нь 3-5 жилийн настай хэмээн хэлж байжээ. Ван Сяомин “Бид 2016 оноос амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн. Энэ үеэс л бид аялах хэрэгтэй гэж шийдсэн. Эхнэр минь өвдөхөөс өмнө бид аялж байгаагүй нь харамсалтай. Ингээд бид үлдсэн цаг хугацааг аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсэх болсон” хэмээжээ. Тэд анх 2016 онд Түвд орноор аялсан байна. Тухайн үед түүний эхнэр 50 кг жинтэй байсан аж. Харин энэ удаагийн Хуаншань ууланд авирах аяллын үеэр түүний эхнэр 30 кг жинтэй болсон байжээ. Тэд Хуаншань ууланд авирах аяллынхаа үеэр 16 километр замыг туулсан байна. Хосууд 1984 онд гэрлэсэн аж.

Ван Сяомин “Бидний насныхан хайр дурлал гэж ярьдаггүй. Залуучуудын хувьд биднийг хараад романтик гэж хэлдэг. Гэвч энэ бол миний үүрэг. Тэр бол миний эхнэр. Эхнэр минь ярьж чадахгүй ч би түүний нүдийг хараад юу хүсч байгааг нь таамагладаг” хэмээсэн байна.

Хосууд дараагийн аяллын төлөвлөгөөгөө “Цагаан хэрэм”-д гарах гэж хэлсэн байна. Гэвч эхнэрийнх нь биеийн байдлаас шалтгаалан аяллаа түр хугацаанд хойшлуулсан тухайгаа  “China daily” цахим сайтын сэтгүүлчид мэдээлжээ.

Г.Сүрэн

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх