Нүүрсний салбарынхны толгойны өвчин:Тээвэр, ложистик, боомтын нэвтрэх хүчин чадал

2018-09-04 13:24      ГэрэгМН

Нүүрсний салбарын Coal Mongolia 2018” чуулга уулзалт, үзэсгэлэн  өнөөдөр “Шангрилла” зочид буудалд эхэллээ. Өнөө жилийн хувьд Монголын нүүрсний эксспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулан экспортолж эхэлсэн нь салбарын онцлог үйл явдал.

Чуулга уулзалтын  ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК,хамтран зохион байгуулагчаар “Монгол нүүрс Ассоциац”, Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны  “Fenwei Energy Information Services Co.,Ltd (Fenwei)” буюу www.sxcoal.com ажиллаж байна.

Чуулганд 600 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд чуулганыг зохион байгуулсан найман жилд нүүрсний салбар асар олон сорилттой тулгарсан гэдгийг ерөнхий зохион байгуулагч “Гложекс Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал Л.Наранбаатар онцоллоо.

”Coal Mongolia”-иаг зохион байгуулсан найман жилд нүүрсний салбар уналт, сэргэлтийн аль алиныг үзсэн ба эцэст нь “Нүүрсний бизнес бол уул уурхайн бус тээвэр, ложистикийн бизнес” юм гэдгийг ойлгосон жилүүд байв” хэмээн Л.Наранбаатар хэлэв.

Мөн цаг хугацааны боломжийг алдсан он жилүүд өнгөрснийг тэмдэглэж, өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх гэж байгааг 2000-аад оны эхлэлийн цэг дээрээ эргээд очсон мэт санагдаж байна гэлээ.

Нүүрсний бизнес тээвэр, ложистикийн бизнес юм бол энэ чиглэлийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаа болон хэрэгжих талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн илтгэл тавив.

Өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар батлагдсан  Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлогын нэмэлт, өөрчлөлтөөр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих асуудлыг тусгаж өгсөн. Дорноговь аймгийн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1,520 мм-ийн буюу өргөн царигаар барьж байгуулахаар болсноор  БНХАУ руу  төмрийн хүдрийн экспорт төдийгүй  коксжих нүүрсний экспортын хэмжээг 1-3 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн билээ.

 Мөн Тавантолгойгоос Алс Дорнодын боомт руу нүүрсний тээвэрлэлт хийхийн тулд Зүүнбаян чиглэлд концессийн хэлбэрээр 460 км урттай 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барихаар бэлтгэл ажлыг хангаж байгааг Р.Мэргэн онцоллоо. БНХАУ-д  нүүрс экспортлох авто тээврийн хувьд өнөөдрийн байдлаар 270 аж ахуйн нэгжийн 14180 тээврийн хэрэгсэл явж байгаа бөгөөд үүний 11 мянга орчим нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд явж байгаа аж.

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн илтгэснээр нүүрсний бизнес эрхлэгчдийн гол толгойны өвчин бол тээвэр, ложистик, боомтын нэвтрэх хүчин чадал. Тиймээс эхний ээлжинд Тавантолгойн нүүрсний экспортын гарцуудыг нэмэх нь нэн тулгамдсан асуудал гэв. Гашуун сухайтын Ганц модны боомтоос гадна Өлзийт цагаан дэл, Ханги мандалын боомтуудаар нүүрс экспортын гарц нээхийг Засгийн газар нэн даруй шийдэх хэрэгтэй хэмээн Г.Батцэнгэл хэллээ.

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх