“Таны хүүхэд сургуульд орлоо” гарын авлагыг 72 000 хувь хэвлүүлж тараана

2018-08-27 15:43      ГэрэгМН

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, яамны бусад удирдлагын хамт  хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ хичээлийн жилийг “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” жил болгох зорилтыг БСШУСЯ дэвшүүлжээ. Хүүхдийг чанартай сургахад эцэг эхийн оролцоог өнөөг хүртэл орхигдуулж ирсэн. Эцэг эх зөвхөн хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд сурлагад нь төдийлөн анхаардаггүй байна. Хүүхдийнхээ нас хөгжлийн онцлог, зан төлөвийг таньж мэдэн, ойлгож дэмжин туслах замаар боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь анхаарах хэрэгтэйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа санууллаа. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөсөн олон ажлын нэг нь “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг яамнаас зохион байгуулжээ. Мөн нэгдүгээр ангид хүүхэд нь элсэж байгаа эцэг эхэд зөвлөмж болгож “Таны хүүхэд сургуульд орлоо” гарын авлагыг 72000 хувь хэвлүүлж есдүгээр сарын 1-нд түгээх юм байна.

Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явах эсэх нь бүрхэг байна

Баянгол дүүрэг дэх Нарны хорооллын хүүхдүүд сургууль цэцэрлэгт явах эсэх нь бүрхэг байна. 5700 иргэний хүүхдүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас БСШУСЯ тухайн сургуулийн захирлыг томилоод бүртгэлийн ажлыг эхлүүлжээ. Нэг ээлжиндээ 960 хүүхэд суралцах хүчин чадалтай тус сургууль 1200 хүүхэд бүртгэж авсан ч барилгын ажлыг гүйцэтгэсэн компани сургууль, цэцэрлэгийг хааж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тавьсан юм. Компанийн эхний үнэлгээ 21,2 тэрбум төгрөг байсныг 17,8 тэрбум болгож бууруулсан. Гэсэн ч Засгийн газар мөн л энэ үнэлгээг өндөр байна гэж үзжээ. Яам үнэлгээ хийдэггүй, хөрөнгө шийддэггүй учраас лхагва гаригийн хуралдаанаар сургуулийн хөрөнгийн асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллаж буйгаа салбарын сайд мэдэгдлээ.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль мөн л асуудалтай байгаа. Энэ жилийн төсөвт сургуулийн барилгыг буулгаж шинэчлэн барих ажил тусгагдсан. Иймд 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг ойролцоох төрийн өмчит болон хувийн сургуулиудад суралцуулахаар хуваарь хийжээ. Харин 25 дугаар цэцэрлэгийн тухайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын суурь бүтцэд өөрчлөлт орсон учраас үйл ажиллагааг нь зогсоож, хүүхдүүдийг ойролцоох төрийн өмчит цэцэрлэгүүдэд хуваарилсан байна.

 2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185-гаар нэмэгдсэн байна. Энэ хичээлийн жилд урьдчилсан мэдээгээр 260 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах юм байна.

Их дээд сургуулиудын сургалтын төлбөр 10-16 хувиар нэмэгдлээ

Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-16 хувиар нэмэгдүүлсэн. Үүнийг эсэргүүцэж хэд хоногийн өмнө МУИС-ийн үүдэнд оюутнууд жагсаал зохион байгуулсан. Харин БСШУСЯ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулдаггүй. Үүнийг тухайн сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл мэддэг гэсэн тайлбар өглөө. Оюунтнуудын эрх ашгийг хамгаалах үүднээс яамны зүгээс төлбөр нэмсэн шалтгаанаа тооцоо судалгаатай гаргах зөвлөмж өгчээ. Сургуулиудын зүгээс сүүлийн хэдэн жилдээ багш ажилчдынхаа цалинг нэмж чадаагүй, цалин нэмэх эх үүсвэр нь сургалтын төлбөр гэсэн тайлбар өгчээ.

Монгол,Германы Ашигт малтмал геологийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль гэсэн дөрвөн сургуулиас бусад нь төлбөрөө нэмэгдүүлээд байна.

Жагсаал зохион байгуулсан оюутнуудтай зүй бус харьцсан н.Мөнхбат багшид ёс зүйн хариуцлага тооцох үүрэг өгсөн гэдгээ салбарын сайд нь мэдэгдлээ.

  УИХ –ын гишүүн С.Жавхлан тойрогтоо сургууль бариулсан ч үүнийг хүлээж авах боломжгүй гэдгийг БСШУСЯ мэдэгдлээ. Учир нь Жавхлан гишүүн анх 960 хүүхдийн сургууль барина гэсэн санал оруулж, хөрөнгө шийдүүлсэн ч газар дээрээ 600 хүүхдийн хүчин чадалтай сургууль баригдсан байна. Тиймээс хууль зөрчиж тус сургуулийг хүлээж авах боломжгүй юм байна.

Сургуулиудын орчинг аюулгүй байлгахад анхаарчээ

Хөл бөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг сургуулийн орчинд өнгөрөгч зургадугаар сард гарсан. Энэ дагуу хэд хэдэн ажлын хэсэг гаргаж, сургуулийн орчныг аюулгүй байлгах арга хэмжээг авчээ. Ажлын хэсгүүд газар дээр нь ажиллаж үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу эвдэрхий, эд зүйлээ засах, аюулгүй орчин бүрдүүлэх талаар арга хэмжээг авч, тайлан хүртэл бичсэн сургууль байхад  юу ч хийгээгүй сургуулиуд ч байгаа гэнэ. 14 хоногийн өмнө дахин шаардлага тавьсан. Есдүгээр сарын 1 гэхэд сургуулиудад аюулгүй орчин бүрдүүлсэн байна гэлээ.

Г.Болор




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх