Монгол Улс нэг ам.доллар бий болгохын тулд 15 кг байгалийн нөөц ашигладаг

2018-08-24 17:10      ГэрэгМН

Монголчууд байгалийн баялагтаа дэндүү үрэлгэн хандаж байгааг “Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл" зөвлөлдөх уулзалтад оролцогч талууд онцоллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Европын Холбооны СВИЧ-Ази тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөртэй хамтран энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Жилийн дөрвөн улиралтай эдийн засгийн чадамж багатай манай улсад тогтвортой хэрэглээ үйлдвэрлэлийг нэвтрүүлэх талаар ярих нь аль ч талдаа шинэ ойлголт юм. Гэсэн ч байгаль орчинд ээлтэйгээр амьдралын чанараа ахиулж, түүнийгээ тогтвортой дадал болгосноор шавхагддаг нөөц болох байгалийн баялагаа хэмнээд зогсохгүй, агаарын бохирдол эрүүл мэнд зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм. Нэг жишээ авахад байшин барилгаа хог хаягдалгүй барих, ашиглахад эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл мэнд байгаль орчинд хохиролгүй байлгах тухай юм.

Хамгийн наад зах нь иргэд хоол хүнсээ зөв сонгож, хэрэглээгээ танаж, гялгар уутнаас татгалзах гээд өөрсдийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн олон дадлыг бий болгох нь чухал. Энэ тал дээр Европын Холбооны СВИЧ-Ази хөтөлбөртэй хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өмнө нь хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол одоо нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой үйлдвэрлэл болгох, байшин орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгоход чиглэсэн гурван төслийг эхлүүлээд байна. Ногоон үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд банк санхүүгийн байгууллага, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөхөд хэвлэл мэдээллийн байгууллага, хүүхэд залууст мэдлэг мэдээлэл өгөхөд боловсролын салбар гээд тал бүрийн оролцоо чухал болохыг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа. 

Т.Булган: Монголчууд бүсийн дунджаас тав дахин үрэлгэн

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга:

-НҮБ-ын Ази номхон далайн эдийн засгийн комиссын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар  Монгол Улс нэг ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд 15 кг байгалийн нөөц ашигладаг гэсэн дүгнэлт гарсан. Манай улс хоцрогдсон технологи, үрэлгэн хэрэглээтэй болохыг илтгэж байгаа юм. Бүсийн дунджаас тав дахин, зарим хөгжингүй орноос 20 дахин их үрэлгэн гэсэн үг. Байгалын нөөц бол шавхагддаг хомстдог баялаг. Өнөөдөр бид хэрэглээгээ хангаад зогсохгүй хойч үедээ ашиглах боломж бүрдүүлэх нь чухал. Тэр утгаараа хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал багатай үйлдвэрлэл явуулах, иргэд байгууллага бүр хэв маяг хэрэглээндээ анхаарч ногоон хөгжлийг цогцлоох боломжийг  эрэлхийлэх нь чухал.

Др.Хобаллах: Үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байлгахаас ногоон хөгжлийг эхлүүлсэн туршлага бий  

Европын Холбооны Свич-Ази хөтөлбөрийн Монгол дахь төслийн багийн ахлагч Др.Хобаллах: 

-Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл гэх Тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилтыг хэрэгжүүлэх нь амар даваа биш. Гэхдээ хэрэгжүүлж чадах аваас ач холбогдол нь маш өндөр. Европын орнууд энэ тал дээр хамгийн туршлагатай. Тэдний туршлага бол тогтвортой хэрэглээ, ногоон хөгжлийг үйлдвэрлэлийн салбараасаа эхлүүлсэн.

Хог хаягдал, байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг олон асуудал үйлдвэрлэлийн салбараас урган гардаг.

Тиймээс эхний ээлжид үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байлгахад анхаарсан. Дараа нь ард иргэдэд ойлголт мэдээлэл өгч, хандлагыг нь өөрчлөх арга хэмжээг авсан. Европын холбооны хүн ардын амьдралын төвшин өндөр, тэд амьдралын чанарт анхаардаг нь түлхэц болсон. Хөгжингүй орнуудын ард иргэд амьдралын чанарыг асуудлыг хойш тавьдаг учраас оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.  

Монгол Улсын хувьд барилгын салбараа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байлгахаас эхлэн шийдэж болно.

Монголчууд маш их хэрэглээтэй хүмүүс. Илүү хэрэглээгээ татаж, аль болох үр ашигтай хэрэглээ рүү шилжих ёстой. Тэгэхгүй бол улс орныхоо ирээдүйг сөнөөх, мөхөлд хүргэхэд ойрхон байна.

Б.Болор (gereg.mn)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх