“Буурал түүхийн жимээр” эрдэмтдийн баг Хэрлэн мөрөнг зорилоо

2018-08-22 12:26      ГэрэгМН

“Монголын нууц товчоо”-нд дурдсан түүхэн газрууд, монголчуудын амьдралын эх булаг болсон  гурван мөрний сав газрын гол, нуурын байдлыг судлах эрдэмтэн судлаачдын “Буурал түүхийн жимээр” баг өнөөдөр өглөө Хэнтий аймгийг зорив.

Сүүлийн үед Хар зүрхний хөх нуур орчим амралтын газар олширч, Хөдөө аралд  уул уурхайн зөвшөөрөл өгсөн зэрэг мэдээлэл дуулдах болсон. Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа нь сайн боловч  гол, нууруудын ариун дагшин байдлыг хадгалах, хамгаалахад учир дутагдалтай байгааг эрдэмтэд онцолж байна. Иймд гол нуурын цэвэр ариун байдлыг хадгалах, хамгаалах эртний зан үйлийг сэргээх, таниулахыг аяллынхаа зорилго болгожээ. “Буурал түүхийн жимээр” багт Монголын усны академийн ерөнхийлөгч, доктор С.Чулуунхуяг, түүхч, доктор Д.Батсүрэн,  С.Өлзийбаяр, Ц.Минжин тэргүүтэй  эрдэмтэн, судлаачид багтжээ.

О.Сүхбаатар: МОНГОЛЧУУД ГОЛ, УСАА АРИУН, ДҮҮРЭН БАЙГ ГЭЖ ТАХИДАГ БАЙСАН

Аяллын зорилгын талаар  Чингис хаан дээд сургуулийн зөвлөх профессор О.Сүхбаатар хэлэхдээ “Сүүлийн үед уул овоо тахих нь их болж, үндсэндээ хэтэрсэн. Тэгсэн атлаа тахиж байх ёстой хамгийн чухалд зан үйлийн нэг болох гол мөрөн нуурыг тахихгүй болсон. Уг нь олон зууны турш үргэлжиж ирсэн, бүр эртнээс эхэлсэн ёс заншил юм. Хэрлэн, Онон,Орхон голыг тахиж байсан улахмжлал бий. Монголын ихэнх гол нуурын эхэнд заавал нэг овоо байдаг. Олонх нь Сант нэртэй. Тэр бүхнийг тахидаг. Ялангуяа малаа өсгөх,  хөрөнгөө өсгөх зорилгоор нууруудыг их тахидаг байсан. Тэр дундаа хуучны ёсонд хангай зүгийнхэн гурван жил болоод бүх “Хөх” нэртэй нууруудаа, говь хээрт Сангийн далай нэртэй нуур наймыг тахидаг уламжлал байсан. Энэ нуур, голуудыг тахих нь уулын тахилгаас хялбар хөнгөн. Ерөнхийдөө шимийн архиар цацал өргөнө. Түүнийгээ ус голдоо хүргэхгүй. Уул овоонд идээ тавьдаг шиг идээний дээж өргөх,  будаа цацах юм байхгүй. Ус голыг ариун байгаасай гэж тахидаг. Ариун, дүүрэн байгаасай гэж тахидаг. Гол, нуур нь хүн малын ундаа, тиймээс цэвэр байх ёстой. Ариун цагаан сүүг нь авдаг мал цэвэр ус уух ёстой. Ингэж үздэг учраас монголчууд гол, мөарөн, нуурт хувцсаа шууд угаадаггүй.  Тусгай сав авч очиж голоос зайдуу юмаа угаагаад, бохир усаа холхон шиг хонхорт аваачиж хийдэг байсан. Гол нуурт хир буртаг орох юм бол хүнд ч хортой, малд ч хортой. Иймээс гол мөрнөө цэвэр байлгаж ирсэн. Гэтэл сүүлийн үед Хөдөө аралд алт, нүүрс олборлох зөвшөөрөл өгсөн гэх мэдээлэл сэрдхийлгэж байна. Энэ газар дархан цаазтай байх ёстой шүү дээ. Бид тэнд эрдэм шинжилгээний хурал хийнэ. Монголын нууц товчоо”-нд монголчууд  гурван мөрний эхийг  тахиж шүтэж байсан талаар дурдсан байдаг. Иймд эрдэмтэн, судлаачид хамтран гурван мөрний эхээр байгаа нуур, голуудыг тахих ёслолыг хийнэ. Гол зорилго нь гурван мөрний эхийг уул уурхайгүй, мод огтлохгүй байлгахыг сурталчлахад чиглэж байгаа юм” гэв.

Ч.ЗОТОЛ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх