Зам тээврийн яамны газрын дарга,сэжигтэн Б.Махбал гэж хэн бэ

2018-08-10 21:39      ГэрэгМН

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэж улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг төрийн байгууллагын хууль ёс, дэг журам хаана байна гэх асуултыг тавихад хүргэж байна.

Тэгвэл амиа алдсан ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын газрын дарга Л.Гомбосүрэн,хэрэгт сэжиглэгдэн хоригдсон Төрийн захиргаа,удирдлагын газрын дарга Б.Махбал нар хэн бэ? Гэх асуулт урган гарна.

Төрийн захиргаа удирдлагын газар  нь чиг үүргээрээ яамны удирдлагууд болон албан хаагчдын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг хариуцдаг.

Харин Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь   салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод аудит хийх, захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг газар.

Хяналт,шинжилгээ,үнэлгээ дотоод аудитын газрын  даргаар ажиллаж байсан талийгаач Л.Гомбосүрэн нь Сэлэнгийн уугуул бөгөөд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр тус  газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.  

Тус салбар эрх ашгийн зөрчил ихтэй  салбар. Талийгаач  “Шударгаар ажиллах хэцүү байна” гэж ойр дотныхондоо ярьдаг байсан гэх. Талийгаачийг төлөв даруу,сайн хуульч байсан гэж ойр дотныхон нь хэлж байна.

Харин мөр зэрэгцэн ажиллаж байсан газрын даргынхаа аминд хүрсэн хэмээн сэжиглэгдэн хоригдож буй Б.Махбал нь талийгаачийг бодоход олон жил  төрийн яамдад ажилласан нэгэн аж. Сэжигтэн Б.Махбал нь 2008-2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр,барилга,хот байгуулалтын сайдаар ажиллах үед тус яамны Хяналт,шинжилгээ,үнэлгээний газрын болон Зам тээврийн бодлогын газрын даргаар  ажиллаж, төмөр замын трасс батлах зэрэгт хамтран ажиллаж байжээ.Улмаар Уул уурхай,хүнд үйлдвэрийн яаманд Ц.Дашдорж сайдын үед Төрийн захиргаа,удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад Д.Сумьяабазар сайдын үед ажлаасаа чөлөөлөгджээ.

Зургийн тайлбар: Шинэ төмөр замын трасс батлах хэвлэлийн бага хурлын үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын зүүн гар талд Б.Махбал 

Гэхдээ тэрбээр ажилгүй яваад байсангүй, Зам тээврийн хөгжлийн яаманд Ж.Бат-Эрдэнийг сайд болсны дараа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр уг албандаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард томилогджээ. Б.Махбал нь АН-ын угшилтай,МоАХ фракцынх гэнэ. Түүнийг нэг яамны газрын даргаас нөгөө яамных руу шууд үсрэхэд “Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй” гэх яриа гарч байжээ.

 Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээс түүнийг яамны газрын дарга нар дундаа дээгүүрт баянд тооцогдохыг харж болохоор.

Тэрбээр  хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 3 орон сууц, үйлдвэр үйлчилгээний 3 объект нь тэрбум 570 саяын үнэлгээтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570” машинтай, эзэмшлийн хоёр газартай, гэр бүлийн жилийн орлого нь 229 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ.

Зургийн тайлбар: Д.Сумьяабазар Уул уурхайн сайдаар ирэхдээ түүнийг ажлаас чөлөөлжээ 

 

 

Г.Суурь




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх