Гангийн үйлдвэрлэлд БНХАУ-тай хамтрахаар хэлэлцэв

2018-08-09 14:30      ГэрэгМН

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн томоохон тоглогчдын нэг Sinosteel компанийн төлөөлөл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. БНХАУ-ын төрийн өмчит энэ компани төмрийн хүдэр болон никелийн хүдрийн чиглэлээр урд хөршөөс гадна Австрали, Камерун, Өмнөд Африк, Зимбабве, Индонез, Филиппин зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг байна. Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр нэгдлийн үйл ажиллагааг танилцуулсны зэрэгцээ тус компанитай кокс, гангийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг дуулгав.  

Тэгвэл Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Бэрэн групптэй хамтран байгуулсан “Эрдэнэс Стийл” компанитай хамтрах сонирхолтой байгаагаа Sinosteel компани илэрхийллээ. Тодруулбал, “Эрдэнэс Стийл” компанийн байгуулах Кокс, ган төмөрлөгийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг сайжруулах чиглэлд нэн тэргүүнд хамтран ажиллах саналтай байгаа аж. Тус компанийн захирал Хуа Гуанглин “Монгол Улс төмөр болон коксжих нүүрсний арвин нөөц дээрээ тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой байна” гэлээ.

Ган металлургийн үйлдвэрлэл нь аливаа улсын хөгжлийн тулгуур болдог. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн хамгийн том хэрэглэгч бөгөөд үйлдвэрлэгч БНХАУ хүрээлэн буй орчныг хамгаалах хатуу бодлогынхоо хүрээнд гангийн жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож буй. Харин хөрш зэргэлдээ болон бусад оронд гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа аж. Тиймээс “Эрдэнэс Монгол” компани сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа юм.

Дашрамд дурдахад, Байгаль орчныг хамгаалах БНХАУ-ын бодлого Америк, Европын баримталдаг бодлоготой дүйж буй гэдгийг Sinosteel компанийн захирал Хуа Гуанглин уулзалтын үеэр онцолсон.

ЭХ СУРВАЛЖ:ЭРДЭНЭС  МОНГОЛ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх