АНУ-ыг өөрчилсөн Ерөнхийлөгчид аллагын золиос болсон нь

2018-08-07 10:43      Ганхуяг

-АНУ-ыг өөрчилсөн Ерөнхийлөгчид аллагын золиос болсон нь-

Авраам Линкольн /1809-1865 он/

Америкийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хамгийн аюултай алба гэж зарим нэг нь үздэг.

Иргэний дайнд ялалт байгуулж, боолчлолыг халан Америкийн цаашдын хөгжлийг үндсэнд нь тодорхойлж өгсөн гэгддэг Авраам Линкольн 1865 оны 4 сарын 14-нд алуурчны гарт амь үрэгдсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон. Тэр бол АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч байсан юм.

Авраам Линкольн Вашингтон хотын нэгэн театрт үзвэр үзэх үеэр тэрхүү халдлага болжээ. Ерөнхийлөгчийн сууж байсан лоожинд дөхөж ирсэн жүжигчин Жон Вилкес Бут хэмээгч Линкольны толгой тус газар руу буудаж. Линкольн маш хүнд шархдаж, маргааш нь эмнэлэгт амьсгал хураажээ.

Алуурчин Бут хэргийн газраас зугатааж чадсан ч долоо хоногийн дараа түүнийг хотын захад байдаг хуучин агуулахад орогнож байгааг нь мэдсэн гэдэг. Тэр цэргүүдтэй буудалцаж байхдаа нас барсан гэдэг. Гэхдээ түүнийг амиа хорлосон хэмээдэг нэг хэсэг бас бий аж.

Гурав дахь хувилбараар Бут ерөнхийлөгч Линкольны эсрэг улс төрийн бүлэглэлийн зохиосон хуйвалдаанд оролцогч байсан учир нөлөө бүхий хүмүүс түүнийг мөрдөлтөөс зугтахад нь тусалж, овог нэрийг нь сольж, Оклахама мужид амьдруулжээ.

Тэр ерөнхийлөгчийг хороосноосоо хойш 38 жилийн дараа буюу 1903 онд амиа хорлосон гэх нь бий. Авраам Линкольныг ийн алах болсон шалтгаан нь тус улсын өмнөд нутгийнхан хар арьст хүмүүсийг боолчлох нийгмээ авч үлдэхэд чиглэгдсэн хэмээдэг.

Тиймээс ч энэхүү аллага АНУ-ын хувьд нэгдмэл болоход нь маш хүчтэй нөлөөг үзүүлсэн байдаг. Өөр ямар ч улс орон ийм байдлыг мэдэрч байгаагүй гэлцдэг юм.

Үнэн хэрэг дээрээ, Бутын аллагаас болж, олон арван жил дамнан үргэлжлэх боломжтой байсан иргэний дайн тун удалгүй зогссон гэж үздэг байна. Мөн өмнөд нутагт нь амьдарч байсан хар арьст хүмүүсийг хүчирхийлэн боолчлох явдал үргэлжлэхэд ч том түлхэц болох учиртай байсан ч тэр нь замхарч одсон юм.

Бут өмнөд нутгийнхандаа туслах зорилгоор энэхүү аллагыг үйлдсэн хэдий ч харин эсрэгээрээ тус биш ус болсон зүйл хийсэн болох нь түүхнээс тод харагддаг юм. Дараа нь АНУ-ын ерөнхийлөгч болсон Жеймс Гарфилдыг мөн л нуруунд нь буудан алсан. Тэр Ерөнхийлөгчөөр дөрөвхөн сар л ажиллажээ. Ерөнхийлөгч Уильям Мак Кинли ч Польшийн Анархист эрд буудуулаад өнгөрч.

Жон Фицжеральд Кеннеди /1917-1963 он/

1963 оны 11 дүгээр сарын 22. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди, тэргүүн хатагтай Жаклин нар Даллас хотын төв рүү задгай лимузинээр явж байлаа. Тэр 1964 онд дахин сонгогдохын тулд Техас мужид зочлох ёстой байжээ.

Мэргэн буудагч гал нээлээ. Ерөнхийлөгчийн толгой, хүзүүнд нь сум тусав. Энэ нь видео бичлэгийн хальснаа ч үлджээ. Хууль сахиулах байгуулагынхаар бол десантын цэрэг Ли Харви Освальд ерөнхийлөгчийн аминд ганцаараа халдсан аж.

Ерөнхийлөгчийг буудан алахаасаа өмнө нэлээд олон жил Беларусын нийслэл Минск хотод амьдарч байжээ. Ерөнхийлөгчийг буудсаныхаа дараа тэр өөрөө халдлагын золиос болжээ.

Даллас хотын цагдаагийн хэлтсийн гадаа 1963 оны 11 сарын 24-нд Освальдийг холбооны шорон руу илгээх гэж байтал Жек Руби гэгч буудан алжээ. Кеннедитэй холбоотой аллага 20-р зууны тайлагдашгүй нууц таавар болж үлдсэн юм.

Энэхүү аллагыг дагалдан олон янзын таамаглал гарч, тэдгээр нь бүгд АНУ-д өрнөж ирсэн элдэв янзын сэтгэлгээний гал дээр тос нэмж иржээ.

Жон Кеннедигийн амийг АНУ ын Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, ЗХУ-ын улсыг аюулаас хамгаалах газар, Кубын удирдагч Фидель Кастро, ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущев, америкийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, Кеннедийн дараа ерөнхийлөгч болсон Л.Жонсон нарыг хөнөөлгөсөн гэж сэжиглэсэн хувилбарууд байдаг.

Учир нь Кеннеди Ерөнхийлөгч байх хугацаандаа цэргийнхэн, мафи, бизнес, улс төрийн хүрээнийхэн болон улс орны хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэгдсэн түүний гаргасан шинэчлэлүүд таалагддаггүй байсан бүх хүмүүстэй маргалдаж байсан гэдэг.

Түүнийг алагдсаны дараа санаачилж, хэрэгжүүлж байсан олон төслүүд нь зогсож, заримыг нь бүр хөсөр хаяжээ. Жон Кеннеди нь алуурчдын гарт амь насаа алдсан АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийн нэг /10 гаруй ерөнхийлөгчийн аминд халдах гэсэн оролдлогын нэгэн золиос/ байсан юм.

Тэр АНУ-ын Массачусетс мужаас залуудаа сенатороор сонгогдож, ерөнхийлөгч болсон хүн. Түүн шиг Америкийн нийгмийн сэтгэл зүйд хамгийн ихээр нөлөөлсөн ерөнхийлөгч байгаагүй гэдэг. Түүний үхлийн ул мөр өнөөдөр ч арилаагүй л байна.

Тэгвэл АНУ–ын ... Ерөнхийлөгч нараас аллагын золиос болох шахсан хүмүүс цөөнгүй. Тэднийг харин аз ивээж амьд үлдэж чадсан байдаг нь. Эндрю Жексон, Теодор Рузвельт, Франклин Рузвельт, Гарри Трумен, Ричард Никсон, Жимми Картер, Рональд Рейган, Билл Клинтон, эцэг Жорж Буш, хүү Жорж Буш нарт дээрхийн адил халдлага таарч байсан гэх. Хамгийн сүүлд Бушийг Гүржид айлчилж байхад нь үл таних этгээд гранат шидсэн ч аз таарч гранат нь тэсрээгүй гэдэг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх