МАН-ын Бага хурал: Нөхөн сонгуульд ялах хамгийн боломжтой хүнээ нэр дэвшүүлнэ

2018-08-06 12:20      ГэрэгМН

МАН-ын ээлжит хоёрдугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд 53,5 хувийн ирцтэйгээр хуралдаж өндөрлөлөө.

Бага хурлаар: -УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх тухай -Нэр дэвшүүлэх журмыг МУ-ын сонгуулийн хуулинд нийцүүлж батлах тухай хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв Сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн төв байгууллагад ирүүлэх заалттай. Хуулийн энэ хугацаа энэ долоо хоногийн Лхагва гараг буюу наймдугаар сарын 8-наар дуусгавар болж байгаа учир буюу нам, эвслүүд Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх асуудал дээр шийдвэрээ гаргах учиртай.

МАН-ын дарга У.Хүрэлсүх бага хурлыг нээн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх тухай танилцуулан, “42 дугаар тойрогт нэр дэвшүүлэн оролцох эсэх асуудлыг бага хурлын гишүүдээсээ хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэж байна” хэмээн хурлыг нээв.

Ийнхүү санал хураахад Бага хурлын гишүүдийн зуун хувийн саналтайгаар нэр дэвшүүлэн оролцох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ.

Харин чухам хэн нэр дэвших тухайд МАН-ын генсек Д.Амарбаясгалан:

Бид 42 дугаар тойрог дээр нөхөн сонгууль зарласан үеэс эхлээд судалгаануудыг явуулж байна. МАН-ын хувьд 42 дугаар тойрогт ялалт байгуулах бүрэн бололцоотой бөгөөд нэр дэвших боломжтой хүмүүсийн нэрс судалгаагаар гарч ирсэн байна. Эдгээрт төрийн түвшинд, орон нутгийн түвшинд, намын түвшинд ажиллаж буй хүмүүсийн нэрс байгаа. Нэр дэвшүүлэх өдөр хүртэл бид удаа дараагийн судалгаануудыг дахин явуулж, ялалт байгуулах боломжтой, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөн 42 дугаар тойргийг төлөөлөх боломжтой хүнийг дэвшүүлнэ гэж үзэж байна гэв.

Мөн тэрбээр "28 дугаар Их хурлаас байгуулагдсан Намын бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд ганц МАН гэхээсээ илүүтэйгээр улс төрийн нам, улстөрчдөд итгэх ард иргэдийн итгэлийг хэрхэн сэргээх тал дээр шат шатан дээр зорилт болгон ажиллаж байна” хэмээн онцоллоо.

 

 

 

Г.Лхагва




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх