Ардууд, Аарий хоёр

2018-08-06 08:50      Түдэв

Түүхийн тавцанд “ара” (аарий) гэдэг ерөнхий нэрийн дор олон үндэстэн ястан (индо-европын биш) гарч ирсэн (хойт тууль мөстөх үед) нь уул утгаараа “харри” гэдэг үгийн хувирал юм бололтой гэж академич В.В.С.Труве бичжээ. “Ара” гэдэг үг уг нь “умар зүг” хэмээх утга агуулжээ. Тэгээд үндэс угсааны нэр болон “Аари” гэж зуршчээ. Харин монгол хэлнээ “ар”,”ард”, “ар тал”, “арьяа” гэх хэлбэрээрээ үлджээ. Харин самгарьд (санкрит) хэлний хэлбэр нь ийнхүү хадгалагдсан хэл бол монгол хэл гэж үзэхээр юм. Түүнээс биш, “ир”, “ор”, “орп” гэхчилэн хэлбэрээр нөгөөх умар зүгээс тархан байрласан янз бүрийн аймаг омгуудад нэлээн хувирахаар барахгүй “иран” улсын нэр нь “ар”, “аарий” гаралтай гэдэг. Бас Герман үндэстний нэлээд хэсэг нь “Аарий” гаралтай хэмээн үздэг байна.

Америкийн эрдэмтэн В.Уоррон 1893 онд “Хойд тууль дахь диваажин буюу Хүн төрөлхтний өлгий” гэдэг их алдартай номоо бичсэн байна. Тэгтэл бас Энэтхэгийн эрдэмтэн Б.Тилак “Вэдүүд дэх Арктикийн эх орны тухайд” гэдэг номыг 1903 онд бичсэн юм  байна. Хоёр тивийн хоёр өөр эрдэмтэн хойт туйл мөстөхөөс өмнө хүн төрөлхтний амгалан жаргалангийн орон тэнд байсныг нотлон  бичжээ.

Тэрчлэн эрдэмтэн судлаач Степан Веркович Родопын ууланд аж төрж буй болгаруудаас 1974 онд товчхон сүлд дуулал, мөн үглэл үгс бичиж авсан байна. Тэр хэллэгүүдийн ямар хэлээр буйг таамаглаж самгарьд буюу санкриттэй ойролцоо хэл юмаа гэж үзээд эртний “орий” буюу “арий” гэдэг үгийг тайлбарлажээ.

Монгол хэлэнд уг эхээсээ нэг их өөрчлөгдөөгүй үлдсэн “аарий” буюу “ар”, “арын хүмүүс”, “ард”, “арын нутаг” гэдэг тов тодорхой үлдсэн “ард” гэж олон тоон дээр эгэл хүмүүсийг нэрлэх үг болон үлдэхээр барахгүй 1921 онд “Бүгд Найрамдах Монгол Ард улс” гэж улсынхаа нэрийг тунхаглан ууган Үндсэн хуулиндаа бататгаж өгсөн билээ. Тийнхүү хорьдугаар зууныг элээж хорин нэгдүгээр зууныг угтах үед сүүлчийн шинэ Үндсэн хууль хэлэлцэх цагт зарим “хэт хувьсгалч” нар “ард” гэдэг үгийг ангийн чанартай байна хэмээн цэцэрхэж хуулинаас хасах санал тавьсаар уул үг ганцхан удаа дурдагдаж үлдээд түүнийг “иргэн” гэдэг манж үгээр сольсон хачирхалтай явдал болсон юм. Тэгсэн мөртлөө 2017 оны эхнээс шахам “Ардын үг” гэсэн тусгай нэвтрүүлгийг зурагтаар хагас жил гаруй үргэлжлүүлэн улигласан юм.

....Ардууд арын нутгаасаа авчирсан зангилаа хас  тэмдгийг дэлхийн хоёрдугаар дайн хүртэл эрхэмлэн “нар зөв хас, нар буруу хас” гэсэн ялгаатайгаар хэрэглэж байлаа. Тэгтэл Герман улсын цэргийн эрхтэн Гитлерт Азиар явж судалгаа хийж Химайлайн уул хүртэл хэссэн нэгэн зөвлөлгөө өгч хас тэмдгийг цэргийнхээ сүлд болгохыг сануулснаар мөнхүү тэмдэг дайны туган дээр тавигдаж хэдэн арав, зуун сая хүний аминд хүрэх нүглийн бэлгэдэл болсон нь харамсалтай.

Гэвч тэрхүү дөрвөн зүгийг заасан тэмдэг одоо хүртэл дэлхийн янз бүрийн шашны сүм хийдийн оройд тавигдаж, том хамба лам нарын хүзүүнд зүүлттэй болсоор удсаныг хэлэх юун!

   Аарий гаралтнуудын шүтээн байсан гэхэд итгэх ч бэрх, итгэхгүй ч эргэлзээтэй бөлгөө!

   “Аарий” гэдгийг “Ар-нар”, “ии” гэдгийг хүү, “нарны хүү” гэж бас тайлбар гарчээ. Тэгээд нарны сүлд дуулал гарсныг шүмерүүд “уту” (нар, гал) гэж хэрэглэдэг байж.

Тэр дуунд:

Ай уту, хорвоогоос малчин

Хар тэргүүтнүүдийн эцэг чамайг хэвтэхүйд

Хүмүүс бас хэвтэнэ (нойрсоно)

Ай баатар Уту чамайг босоход (мандахад)

Хүмүүс бас босоцгооно!

гэж гардаг байна.

 

Лодонгийн Түдэв




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх