МАН-ын Бага хурал энэ сарын 6-нд хуралдаж, нөхөн сонгууль, 60 тэрбум тойрсон асуудлуудыг хэлэлцэнэ

2018-08-02 11:07      ГэрэгМН

 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, МАН-ын Бага хурлыг энэ сарын 6-нд хийхээр  товложээ. Удирдах зөвлөлөөр 5 асуудал хэлэлцсэний нэг нь Хэнтийн нөхөн сонгууль бол бусад нь “дотоод” асуудал гэсэн ангилалд  багтсан байна. Өөрөөр хэлбэл, 60 тэрбум тойрсон асуудлуудыг хэлэлцэж, нээлттэй сонсгол явуулах УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагыг нэг хэсэг нь дэмжиж, цөөн хэсэг нь буруушаажээ. Улмаар уг асуудал МАН-ын Бага хуралд “дотоод асуудал” нэрээр үргэлжлэн хэлэлцэгдэх нь тодорхой болсон байна.

Бага хурлаа 6-нд хийх болсны учир нь Хэнтийн нөхөн сонгуулийн материалыг СЕХ-нд өгөх хугацаа энэ сарын 7-ноор дуусгавар болж байгаатай холбоотой. Хуулиар сонгуульд оролцох улстөрийн намууд наймдугаар сарын 7 гэхэд сонгуульд оролцох мэдэгдлээ СЕХ-нд өгсөн байх учиртай. Харин Нөхөн сонгуулийн товыг УИХ аравдугаар сард зарласан нь төрийн албан хаагч нэр дэвшихээр бол зургаан сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр зарим хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Өөрөөр хэлбэл, УИХ Үндсэн хуулиар заагдсан иргэн хүний сонгодох эрхийг зөрчсөн гэж хуульчид үзжээ. Харин уг гомдлыг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны тов хараахан гараагүй, есдүгээр сард хуралдана гэсэн чигтэй байгаа ажээ. Тиймээс Хэнтийн нөхөн сонгуульд оролцох намууд болон бие даагчид 7 гэхэд СЕХ-нд хандсан байх учиртай болж байна.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх