Нийслэлийн прокурор Д.Мурат, Д.Гантулга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2018-07-10 11:48      ГэрэгМН

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг хянаад Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг прокурор хянаж, өнгөрсөн баасан гаригт шилжүүлсэн бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг мөн хянаж дуусаад даваа гаригт буюу долдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлээд байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн 11.6 дугаар зүйл 'Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах', нэгдэх 'Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ' гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдээд байна. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн 12.1.1 дүгээр зүйл Хүчиндэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл нь "Хүчиндэх, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Баянзүрх дүүргийн шүүх эдгээр хэрэгтэй холбогдуулан 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгийг товлох ажээ.

С.Цэцэглэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх