Хөвсгөл нуурын цэнхэр  мандлыг хөсрий цагаан тоос дарна

2018-07-09 18:04      Бүдээхүү

Жанхайгаас Тойлогт орох замаар шулуухан давхиад явчихна гэж саналтгүй. Хуурай шороо пурхийх цагаан зам дээр шороогоор багахан далан босгож,  мод, чулуу овоолсон нь жолооч танаас сүлжин явах ур чадвар шаардана. 

Цагаан тоосны түйрэнгээс хамгаалах жуулчны баазынхны арга ядсан арга зам дээрээ чулуу, мод овоолох. 

 Аялал жуулчлалын оргил үе, зуны улиралд замын цагаан тоос туйлдаа хүрч, тэр хавийн нуурын мандал, модод зэгэлтсэн саарал өнгөөр бүүдийх аж. Тэндхийн иргэдийн ярьснаар,сүүлийн долоо, найман жил Хатгал-Жанхай-Тойлогтийн 30 км шороон замыг “Хөвсгөл АЗЗА”, “Хөвсгөл зам” компаниуд ээлжлэн “зам арчлалт” нэрээр  хавар бүр хусдаг нь цагаан тоосыг улам дэгдээж иржээ.  “Бодвол, арчилж байна гээд төсвөөс мөнгө авдаг байх. Уг нь энхэл донхолоороо байвал дагтаршсан зам тоос босгох нь бага, машинууд ч хурдаа сааж явна” хэмээцгээх аж.

2017 онд Хөвсгөл аймгийн төрийн аудитын газраас хийсэн дүгнэлтээр, “Хөвсгөл зам” ХХК-ийн “арчилсан”  дээрх зам дээр иргэд замын тоосжилт бууруулж буй нэрийн дор замын дунд мод, чулуу хайраг овоолж замын бүтээцийг алдагдуулсан гэж үзжээ. Чулуу, модоор хийсэн “хурд сааруулагч”  машины цонх хагалах энүүхэнд гэнэ. Гэвч “арчилсан” замаас дэгдэх тоосоо яалтай, тоос багасгах гэж овоолсон чулуу, модоо яалтай. Тоос дарах гэж үргэлж бас бороо орохгүй нь гачлантай.

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр “Миний мэдэхийн найман жил энэ замыг  хусч байгаа.Тэр мөнгөөрөө хар зам тавьсан бол аль хэдийнэ Жанхайн даваа даваад явчих байсан” гэв. Тэрбээр уг албанд олон жил ажиллахдаа уг замыг “хусч арчлахгүй” байх асуудлыг дээш нь тавьж ирсэн ч дарга нар үл ойшоосоор ирсэн гэнэ.

Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг, Монголын 70 хувийг их ай савдаа агуулдаг гайхамшигт нуур.Цэнгэг усны ийм том нөөцөө хөсрий тоосоор булаад байх нь эмгэнэлтэй гэхэд ч багадам. Замын тоосыг бүрмөсөн багасгах нэг л шилдэг арга нь дээрх 30 км замыг хатуу хучилттай болгох бөгөөд санхүүжилт нь бараг л шийдэгджээ.  Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөлд  38 сая ам.доллар зарцуулахаар УИХ баталсан бөгөөд үүний 20 сая ам.долларыг Хөвсгөл нуур орчимд зарцуулах шийдвэр гарсан. Харин зам баригдтал цагаан тоос л бага дэгдээсэй гэж зам дагуу аж төрөгсөд ярина. Зам зуур дайраад өнгөрсөн хэн бүхэн ч үүнийг л хүснэ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх