Г.Занданшатар: Сургууль, цэцэрлэгтэй ойр баар цэнгээний газруудыг хаана

2018-07-09 16:04      ГэрэгМН

Үндэсний их баяр наадам энэ лхагва гаригт тохиож байгаа тул Засгийн газар ээлжит хуралдаанаа өнөөдөр хуралдууллаа. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврыг гаргаж, гурван сар тутам даалгаврын хэрэгжилтийг танилцуулж байхыг холбогдох газрууд болох ОБЕГ, ЦЕГ, МХЕГ,  Нийслэлийн Засаг дарга мөн БСШУС-ын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хуульзүйн дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг бүхий л  салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв.

Г.Занданшатар "Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлын тухай албан даалгаварыг гаргаж, гурван сар тутам хэрэгжилтийг нь танилцуулж байхыг холбогдох газруудад үүрэг болгож байна. 

Даалгаврыг ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга, БСШУС-ын Сайд, ХНХ-ын Сайд, ХЗДХ-ийн Сайд, Шадар Сайд гээд бүхий л салбар чиглэлээр гаргасан. Даалгаврын гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа. 

Сүүлийн үед хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үзлэг шалгалт явуулахыг мөн даалгаж байна. Аймаг, сумдын ИТХ-ын дарга нарт мөн үүрэг чиглэл өгч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хохироож байгаа бүх газар үзлэг шалгалт  хийж шаардлагатай тохиолдолд засаж сайжруулах арга хэмжээ авахыг  даалгаж байна.

Нэгдсэн үзлэг шалгалтын хүрээнд зам тээврийн хөдөлгөөнөөс авхуулаад сургууль, цэцэрлэгийн орчин, тоглоомын талбай, гудамж гэх мэт бүх орчинд үзлэг шалгалт хийж хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг холбогдох яамд болон газруудад үүрэг чиглэл болгосон.

Мөн хувийн хэвшил, ААН, иргэддээ хандан хүүхдийн эрхийг  хамгаалах, амьдрах суралцах орчинг аюулгүй  байлгах чиглэлээр үнэлгээ хийхийг уриалж байна.

Дээрх даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгана. Хэрэв үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцож ажиллах болно. Мөн  хүүхэд хамгааллын асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

 Хүүхдийн орчинд тогтоосон хязгаарыг давж байрлах баар, цэнгээний газрууд, архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг  хааж замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг тодорхой нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна” гэлээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх