Жаран тэрбумаар сонсгол хийхгүй бол УИХ  хууль зөрчинө

2018-07-05 08:17      ГэрэгМН

60 тэрбумын гэх хэрэг явдалтай холбоотой УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн  саяхны буюу сүүлийн  шаардах бичиг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хаяглагджээ. Ш.Раднаасэд дарга нээлттэй сонсгол явуулахаар албан бичиг өргөн барьсан нэр бүхий 19 гишүүнийг “Хууль тогтоомжоо зөв харж бичээгүй” гэх маягтай үгийг чуулганы хуралдаан дээр хэлсэнд дээрх шаардах бичиг хариу болон үйлдэгджээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ш.Раднаасэдэд хаягласан албан бичигтээ “Нийтийн сонсгол явуулах хууль тогтоомжийг нарийвчлан судалж бичиг явуулсан” гэдгээ хэлжээ. Мөн гишүүдийн хүсэлтийг хүлээн авсан УИХ-ын дарга ч хууль тогтоомжид нийцсэн болохыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг онцолсон байна. Харин төрийн хуулийг бүрхэг, ойлгомжгүй болгон тайлбарлаж буйгаараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Та ёс зүйгээ зөрчиж байна гэх утгатай тайлбар зүүжээ.

Мөн Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь хүсэлт гаргасан бол хэн нэгний цохолт, зөвшөөрөлгүйгээр заавал сонсгол явуулах хуультайг сануулсан байна. Улмаар сонсгол явуулах товыг яаралтай зарлахыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс  шаарджээ.

Тэгвэл нийтийн сонсгол гэх ойлголтыг тайлбарлая. Тэр тусмаа 2015 онд батлагдсан Нийтийн сонсголын тухай хуульд заасан Хяналтын ерөнхий сонсголыг  ямар тохиолдолд хэрхэн явуулах ёстой вэ?

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛ:

  • 8.1.Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.
  • 8.2.Улсын Их Хурал нь дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна:
  • 8.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;
  • 8.2.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүн хүсэлт гаргасан;
  • 8.2.3.тухайн Байнгын хорооны нийт гишүүний олонх хүсэлт гаргасан;
  • 8.2.4.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;

Хуулийн энэ зүйл заалтад тов тодорхой заасан нь УИХ хяналтын ерөнхий сонсголыг “...удирдах  албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор” явуулна гэжээ. Удирдах албан тушаалтны үйл ажиллагааг хянах, үнэлэхээр  сонсгол явуулья гэж  УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь хүсэлт гаргасан бол уг СОНСГОЛЫГ ЗААВАЛ ЯВУУЛНА  гэж хуулийн наймдугаар зүйлд заасан байна.

Эндээс харвал 60 тэрбумаар  сонсгол явуулахыг анх санаачилсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шат дараатай, зүй ёсны шаардлагаа л Хууль зүйн байнгын хорооны даргад тавьжээ.

Нээлттэй сонсгол явуулдаг жишгээр бол сонсгол хийхэд УИХ-ын гишүүд, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, гэрчүүд оролцдог. Ингэж сонсгол хийснээр 60 тэрбумын гэх хэргийн талаарх ойлголтыг нэг мөр цэгцэлж авах ач  холбогдолтой. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, юуны өмнө нээлттэй сонсгол хийж 60 тэрбумын эргэлзээг тайлах ёстой. Дээр нь  өнгөрсөн хугацаанд үнэн, худал нь үл мэдэгдэх (олон түмэн ерөнхийд нь үнэн гэж боддог) маш олон асуудлын үнэнийг тэр бүр ололгүй, замхруулж ирсэн. Тиймээс 60 тэрбумын хэрэг явдлыг замхруулалгүй шийдэж, шударга ёсны замналд бага ч гэсэн гэрэл асаая гэж байгаа билээ.

Дэлхийн улс орнуудын парламентуудад ард иргэдэд үнэнийг мэдүүлэх, албан тушаалтнуудыг хянах, үнэн чанарыг нь гаргах нэг арга хэрэгсэл нь нээлттэй ажээ.Хууль тогтоох сонсгол, хяналтын сонсгол, тэр байтугай мөрдөн байцаах сонсгол  гэх хэлбэр хүртэл байдаг аж.

Мөрдөн байцаах сонсголыг quasi-judicial буюу хагас шүүхийн шинжтэй сонсгол гэж дэлхийн зарим улс орны парламентууд үздэг бөгөөд  тодорхой үйл явдал, хэрэг зөрчлийг шалгах зорилгоор хийдэг аж. Ийм  сонсголд гэрч нь   заавал үнэнийг өгүүлэх тангараг хүртэл өргөдөг байна.

Манайд 2015 онд Нийтийн сонсголын хуулийг батлах үед  “Мөрдөн шалгах сонсгол” гэсэн нэрээр хуулийн төсөлд тусгагдсан байж байгаад хэлэлцүүлгийн явцад зөөллөж “Хяналтын ерөнхий сонсгол” болж өөрчлөгджээ.

Тиймээс ядаж л ард иргэдийн үнэнийг мэдэх эрхийн төлөө 60 тэрбумаар нийтийн сонсголыг заавал хийх шаардлага үүсч байна.  

60 тэрбумаар нийтийн сонсгол хийхээр 19 гишүүн буюу дөрөвний нэг нь  хүсэлт гаргасан. Ийм тохиолдолд УИХ-ын бусад буюу гуравны нэгийн саналыг авах шаардлагагүйгээр шууд нийтийн сонсгол хийх хуулийн заалттай. Тиймээс УИХ хуулиа биелүүлэхгүй бол дараагийн  үр дагаврууд үүсч мэдэх юм.

Нийтийн сонсголын хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээх, хүндэрвэл Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх хуультай байна.

 

  Г.Саруул (www.gereg.mn )




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх