А.Энхбаатар:Унаач хүүхдийн даатгалын нөхөн олговрыг 20 сая төгрөг болгохоор ажиллаж байна

2018-07-03 10:47      ГэрэгМН

-Зөвхөн 100 мянган төгрөгийн даатгалтай хүүхдийг наадамд уралдуулна-

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Баяр наадам удахгүй болох гэж байна. Энэ жилээс  эхлэн унаач хүүхдийн даатгалыг 20 сая төгрөг болгохоор ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил бодит байдал дээр хэрхэн хэрэгжих боломжтой вэ? 

-Бидний авсан судалгаа болон цахим мэдээллийн системд бүртгэлтэй хурдан морь унаач 1500 орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 70 орчим хувь нь хүний морь тодорхой хөлсөөр унадаг.

Хөлсөөр хурдан морь унаж байгаад унасан, бэртсэн хүүхдийн эмчилгээ үйлчилгээний зардлыг хариуцах эзэн олддоггүй тохиолдол гарсан. Уг нь уралдаанд оролцож байгаа хүүхэд бүр даатгалтай байх ёстой гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байдаг.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаас эхлэн унаач хүүхдийн даатгалын нөхөн олговорыг 20 сая төгрөг болгохоор ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 17 даатгалын үйлчилгээний компани байна. Үүний 11 нь унаач хүүхдэд зориулсан даатгалын үйлчилгээг үзүүлдэг. Бид нарыг даатгалын шинэчлэлт гэж ярихаас өмнө бодит байдал дээр ямар байсныг ганц, хоёр жишээгээр энд тодруулья.

Сум орон нутгийн түвшинд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлийг хамгаалах үүднээс  5000 төгрөгийн хураамжтай уралдаанд оролцуулж байсан. Ийм нэг бус хэд хэдэн аймаг байсан. Энэ даатгал хамгийн өндөртөө 30 мянган төгрөг байгаа. Ийм даатгалын нөхөн олговор таван сая төгрөг болж байгаа. Энэ таван сая төгрөгийг  морь унаж уралдаж яваад гэмтэж бэртээд нас барсан тохиолдолд авдаг.

Гэтэл бусад тохиолдолд бэртлийн хэмжээнээсээ хамаараад үүнээс багыг нөхөн төлбөрт авдаг. Өөрөөр хэлбэл, морь унаж байгаа хүүхдийн амь насыг бид хамгийн ихдээ таван сая төгрөгөөр үнэлж байна гэсэн үг.  Тухайн хүүхэд 5000 төгрөгөөр даатгуулсан бол хамгийн ихдээ 500 мянган төгрөгийн нөхөн олговор авна.  

Морь унаач хүүхэд таван зуун мянган төгрөгөөр амь насаа үнэлээд уралдаанд орж байна. 

Эх орны 330 сумын хаана ч уралдаан болоход оролцож буй хүүхэд бүрт нэг ижил аюул тулгарч буй. Тэр бол морьноос унаж бэртэх, түүнээсээ болоод амь насаа алдах эрсдэл тохиох явдал юм. Өнгөрсөн жилийн хувьд 929 хүүхэд морьноос унасан, 159 хүүхэд ямар нэг хэмжээгээр гэмтэл авсан. Үүнээс гурван хүүхэд хэзээч эдгэхгүй насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан. Өөрөө хэлбэл, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй даатгалын систем төгс биш байгаа юм. Зөвхөн бэлгэ тэмдгийн шинж чанартай байна.

Үндэсний их баяр наадмын тухай хууль түүнийг дагаж гарсан 2005 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Хурдан морь уралдаанч хүүхдийн”  дүрэм гэж бий. Энэ зохицулалтаар уралдаанч хүүхэд заавал даатгалтай байх ёстойг заасан. Энд ямар нэг мөнгөний хэмжээ яригддаггүй. Яригддаггүй учраас үнэгүйдсэн, бодит байдал дээр эмчиглгээний зардалд ч хүрч чадахгүй нөхөн олговор олгож байгаа юм. Гэтэл бүсийн уралдаанд нэг удаа нэг морь уралдуулах эрх авахын тулд уяачид 100 мянган төгрөг төлж байгаа.

Тэгвэл яагаад бүтэн жилийн турш унаач хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө ийм хэмжээний мөнгө төлж болохгүй гэж.  Ийм хэмжээний мөнгө төлөхөд хэдий хэр хэмжээний нөхөн олговор олгох боломжтой байна вэ гэхэд бараг бүх даатгалын компани 20 сая төгрөг гэж хэлж байгаа. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ илэрхийлсэн байгаа.  Энэ жилийн улсын их баяр наадмыг долоодугаар сарын 6-нд хамгийн эхний аймаг тэмдэглэж эхэлнэ. Энэхүү даатгалаар дамжуулан хүүхдийн амь нас,  эрүүл мэндийг хамгаалж, эцэг эх, уяачид санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр шийднэ. Өөрөөр хэлбэл, даатгалын хураамжийг 100 мянган төгрөг болгоно.

Мөн даатгалын компаниудаас тээврийн үйлчилгээг авч шийдэх боломж нээгдэж байгаа. Гэхдээ энэ ажил судалгааны явцдаа байна.

-Эцэг, эх, уяачид хүндрэл учруулахгүй хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Бид энэ талаар бодолцсон. Зургаан сарын 1-нээс хойш бүсийн чанартай уралдаан тэмцээн зохиогдож, хуучин дуутгалын хэмжээгээрээ уралдаанч хүүхдүүд даатгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл та 30,15,20 мянган төгрөгөөр даатгуулсан байвал одоо 100 мянган  төгрөгийн даатгалын хураамжийг зөрүүгээр нь нэмж төлөх шаардлага тавьж байна. Тухайлбал, 25 мянган төгрөгөөр унаач хүүхдээ даатгасан уяач нэмж 75 мянган төгрөг төлж даатгуулах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ жилээс эхлэн 100 мянган төгрөгийн даатгалтай хүүхдийг наадамд уралдуулна. Нөгөө талаас уяачдын холбоо, малчдаас бидэнд үүнтэй холбоотой хүсэлт ирж байна.   100 мянган төгрөг төлж чадахгүй уяач олон байна, наадмаар морь уралдуулж чадахаа боливол яах вэ гэх зэрэг санал ирж байна. Гэтэл хүүхэд унаж бэртсэн тохиолдолд эмчилгээ оношлогоо эхлэхээс өмнө компьютер томограф буюу MRI-д харуулж хаана ямар бэртэл гэмтэл авсныг оношилдог. Энэ онош хийлгэхэд 260 мянган төгрөгийн төлбөр төлнө. 100 мянган төгрөг төлж чадахгүй уяач унаач хүүхэд нь бэртсэн тохиолдолд эхний шатанд шаардлагатай 260 мянган төгрөгийг ч төлж чадахгүй гэсэн үг. Энэ бол зөвхөн оношлогооны үнэ. Цаана нь эмчилгээ үйлчилгээ нөхөн сэргээхтэй холбоотой олон зардал нэмж гарах болно. Хүүхэд нь морь унаж уралдах гэж байгаа эцэг, эх уяачид эдийн засгийнх хүндрэл учруулахгүйгээр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж нээгдэж байна гэж хараасай гэж хүсч байна. Шуудхан хэлэхэд хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах даатгалд 100 мянган төгрөг төлж чадахгүй байгаа хүн морь уяхаа болих хэрэгтэй.

-Даатгалын нөхөн олговорт нэг компани хэдэн төгрөг зарцуулдгийг мэдэх боломжтой юу?

-Үндэсний их баяр наадмаар нэг даатгалын компани 7.2 сая төгрөгийн орлогын хураамж олсон байна лээ. Хагас жилийн байдлаар тайлангаа өгөхөд 5.2 сая төгрөгийг гурван тохиолдолд буцаан гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, нэг унаач хүүхэд морьноос унаж бэртэхэд хоёр сая гаруй төгрөгийн асуудал гарна. Цаашлаад хагалгаа хийлгэх зэрэг төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ.  

-Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад даатгалаас гадна хувцас хэрэг­лэл их чухал байдаг. Унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлд тавих стандарт ямар байдаг вэ?

-Уралдаанч хүүхдүүдийн хувцасны стандарт саяхан шинэчлэгдсэн. Энэ жилийн улсын наадамд стандартын бус хувцас хэрэглэлтэй хүүхдүүдийг уралдуулахгүй.

-Улсын баяр наадамд танай байгууллагаас хэч­нээн хүн хяналт тавин ажиллах вэ? 

-Үндэсний их баяр наадмаар Хүй долоон худагт манай байгууллагын ажилтнууд жил болгон очиж ажилладаг. Энэ жилийн хувьд 30-40 орчим хүн ажиллана. 

-Уралдаанч хүүхдийн эцэг, эхийн зөвшөөрсөн бичиг баримт шаардагдаж байгаа гэсэн. Энэ ямар ач холбогдолтой вэ?

-Хуулиндаа уралдаанд оролцох хүүхдийн эцэг, эхийн зөвшөөрлийг бичгээр авсан байх шаардлагатай гэж заасан байдаг. Үүнийг яг таг мөрдөж хэрэгжүүлэх болно. Өөрөө хэлбэл тухайн хүүхэд ямар насны морь хаана уралдахыг эцэг эх хүүхэдтэйгээ зөвшилцөж шийдвэр гаргана гэсэн үг. Ийм зөвшөөрөлтэй хүүхдийг л уралдаанд оролцуулна. Зөвшөөрөлгүй бол оролцуулах боломжгүй. Эцэг эхийн аль нэг нь төлөөлж хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа гэсэн үг.

-Унаач хүүхдийг хуруугаар бүртгэх ажлыг улс даяар хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бүртгэлийн аргын давуу талыг хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн жилийн хувьд Үндэсний их баяр наадам, Өвөрхангай аймаг гэсэн хоёр газарт хурууны хээгээр бүртгэх ажлыг туршиж үзсэн. Программын сайжруулах ёстой хэдэн зүйл байсан сайжруулсан. Энэ жилээс эхлэн 21 аймаг, үндэсний их баяр наадамд оролцогч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэхээр болсон. Дараа жилээс сумдын түвшинд хүрч ажиллах болно. Хурдан морь унаач хүүхдүүдийг хурууны хээгээр нь бүртгэснээр өөр хүүхдийн бичиг баримт ашиглан уралдаанд оролцох явдал байхгүй болно.

-Унаач хүүхдийн урамшууллыг хэрхэн олгодог юм бол. Урамшууллаа аваагүй гэсэн хүүхэд танайд ханадж байсан уу?

-Хуулийн зохицуулалтын дагуу олгоно. Бай шагналын 20 хүртэлх хувийг байр эзэлсэн тохиолдолд уяач морь унасан хүүхдэдээ олгох ёстой. Энэ талаар санал гомдол ирж байгаагүй.

-Морь унаж уралдах хамгийн доод нас долоор байдаг. Үүнийг өөрчлөх санал гомдол тайнад ирдэг үү?

-Үгүй. Харин долоон наснаас доош хүүхэд морь унуулсан гэх гомдол ирж байсан.

-Ийм тохиолдолд танайх хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Зөрчил гэж үзэн хариуцлага хүлээлгэдэг. Зөрчлийн тухай хуулиар бага насны хүүхдийг уралдуулсан этгээдэд 100 мянган төгрөгийн торгууль хүлээлгэдэг. Саяхан Дорнод аймгийн Баянтүмэн суманд тавдугаар сарын 18-нд болсон үсний найрт зориулсан дааганы уралдаанд эцэг нь хоёр нас хоёр сартай хүүхдээ дааганаас хүлэн уралдуулсан байдаг.

Уг эцэгт зөрчлийн хуулиар “амь нас эрүүл мэндэд аюултай тоглоом наадамд бага насны хүүхдийг татан оролцуулсан” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгээд явж байна.

Г.Сүрэн (gereg.mn)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх