Гаалийн байгууллага /ГЕГ/ энэ оны эхний 5 сард 966 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

2018-07-03 09:30      ГэрэгМН

Улсын төсвийн гаалийн орлогын 2018 оны эхний  таван сарын төлөвлөгөөний биелэлтийн танилцуулгыг хүргэж байна. Гаалийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилт, 2016-2020 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, “Удирдах ажилтны зөвлөгөөн -2018”-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын шинэчлэлт, өөрчлөлт болон хариуцлага, хяналтыг эрчимжүүлэх байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг биелүүлэхээр зорин ажиллаж байна.

Гаалийн байгууллага нь 2018 оны эхний тавдугаар сард улсын төсөвт 827.08 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс  966.79 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 16.9 хувиар буюу 139.71 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж ажиллалаа./хүснэгт1/

Орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр нь харьцуулсан мэдээллийг хүснэгт 2-т үзүүллээ.

Хүснэгт 2-оос харахад орлого нэр төрлөөрөө дараах өсөлт, бууралттай гарч байна. Үүнд:

• Гаалийн албан татвар 74.76 тэрбум төгрөг,

• Нэмэгдсэн өртгийн албан татвар 144.49 тэрбум төгрөг,

• Архи дарсны онцгой албан татвар 0.51 тэрбум төгрөг,

• Шар айрагны  онцгой албан татвар 0.44 тэрбум төгрөг,

• Суудлын автомашины онцгой албан татвар 51.81 тэрбум төгрөг,

• Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар 48.88 тэрбум төгрөг,

• Өөрийн орлого 1.4 тэрбум төгрөг,

• Хураамж 0.6 тэрбум төгрөгөөр тус тус өсч,

• Тамхины онцгой албан татвар 14.23 тэрбум төгрөг,

• Автобензин, дизелийн түлшний албан татвар 0.31 тэрбум төгрөгөөр тус тус буурсан.

Улсын төсөвт төвлөрүүлэх гаалийн орлого нь импортын өсөлт бууралт, үүнээс татвартай импорт, татвараас чөлөөлөгдөх импортын хэмжээ, валютын ханшны өсөлт, бууралт болон гаалийн тарифын тогтолцооны зохистой бодлого, татварын хууль эрх зүйн орчны нөлөөллөөс ихээхэн хамааралтай юм. Тиймээс орлогод нөлөөлсөн голлох хүчин зүйлсийг дор үзүүллээ. Үүнд:

1.Макро эдийн засгийн үзүүлэлт /Эдийн засгийн өсөлт/

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ханш нэмэгдэж, манай улсын экспортын орлого өссөн. Уул уурхайн экспортын орлогын өсөлт нь  эдийн засаг идэвхжил, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг дэмжиж энэ хэрээр хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн. 

 Татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд Монгол улсын эдийн засгийн өсөлт өмнөх оноос өсөлттэй байна.

2.Гадаад худалдаа

2.1.Импортын өсөлт: 2018 оны эхний 5 сард импортоор 2178.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 43.5 хувиар өсжээ. Импортын энэ өсөлтөд мал, амьтан ургамлын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн, дизелийн түлш, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины өсөлт голлон нөлөөлсөн байна.  

Импортын өсөлтийн үр дүнд гаалийн албан татвар 240.61 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 502.53 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нийт 219.25 тэрбум төгрөг буюу 41.8 хувиар орлого өссөн байна.

Нөгөө талаас төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунджаар 23.4 төгрөг буюу 1.0 хувиар өнгөрсөн оны мөн үеэс чангарсан байна. Энэ оны эхний 5 сарын ам.долларын дундаж ханш - 2400 төгрөг байна.

2018 оны эхний 5 сард нийт импортод татвартай импорт 87.6 хувь, чөлөөлөгдсөн импорт 12.4  хувийг тус тус эзэлж байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар буурсан.

2.2. Экспортын өсөлт: Энд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт болон чулуун нүүрсний экспортолсон биет  тоо хэмжээний өсөлт голлон нөлөөлсөн.  Экспортын хураамжийн орлого нь эрдэс бүтээгдэхүүний гадаадад гаргасан тоо хэмжээнээс шууд хамаардаг тул 2018 оны эхний 5 сард хураамжийн орлогоор төсөвт 24.43  тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 28.45 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөө 116.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

3. Татварын бодлого: ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” болон төсвийн бодлогын хүрээнд орлого нэмэгдүүлэх дараах чиглэлийн арга хэмжээ авсан байна. Үүнд:

3.1.  2017.04.14-ний “Онцгой албан татварын тухай” хуульд  2018 онд бүх төрлийн согтууруулах ундаа, болон бүх төрлийн тамхины тоо хэмжээнд нэгжид ногдуулах онцгой албан татварын үнийн дүнг тус тус 5 хувиар нэмж тогтоосон. Үүнээс:

• архи дарсны онцгой албан татвар – 2.44 тэрбум төгрөг,

• тамхи болон тамхин бүтээгдэхүүний онцгой албан татвар – 28.79 тэрбум төгрөг,

• шар айрагны онцгой албан татвар – 1.08 тэрбум төгрөгийг тус тус ногдуулж төлөвлөгөөг давуулан биелүүлж ажиллаж байна.

3.2.  Мөн 2017.04.14-ны  “Суудлын автомашины онцгой албан татварт өөрчлөлт оруулах тухай”,  2017-06-08-ны “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 7 дугаар зүйлд “7.2. Хос тэжээлт автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэж тус тус заасны дагуу: 

• Хос тэжээлт суудлын автомашин – 31.9 тэрбум төгрөг,

• Бусад онцгой албан татвартай автомашин – 37.9 тэрбум төгрөг тус тус төсөвт төвлөрүүлж төлөвлөгөө давуулан биелүүлсэн.

3.3. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гарсны дагуу автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар – 69.28 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

3.4. Засгий газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор октаны хэмжээ 95-аас доош  автобензины онцгой албан татварын тонн тутамд ногдуулах татварын хувь хэмжээг тэглэснээр 16.7 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг хөнгөлсөн нь тус төрлийн барааны төлөвлөгөө буурахад нөлөө үзүүлжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх