Талцаад буй бөхчүүдийг “Ард Аюуш” шиг “шахаан”-д оруулах арга л үлдэж байна даа

2018-07-03 09:23      ГэрэгМН

Үндсэндээ 20 жил үргэлжилж буй Монголын үндэсний бөхийн талцал хуваагдал үе үе дүрэлздэг л байсан. Гэхдээ өнгөрсөн хавраас хойш уг асуудал бүр түймэр асах мэт болчихоод одоо ч үргэлжлэн ассаар байна.

 Уг нь үндэсний бөхийн энэ том хэрүүлийн түймрийг унтраахаар Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хэрвээ эв эеэ олохгүй бол цолыг нь хураахыг хүртэл сануулсан. Гэвч бөхийн хэрүүл цурманд орох бус улам улам бадарсаар байна.

Хоёр холбооны хэнийх нь буруу юм, хоёулаа буруутай юу, тэр нутаг нэгт Засагт ханы хөх харчууд болох бөх биш тэргүүнүүд болох Р.Нямдорж, Д.Данзан, эсэхүл Л.Чинбат, Ү.Хүрэлбаатар нарын буруу юу.

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, түүний хадам дархан аварга Х.Баянмөнхийн буруу юу. Үүнийг ялгаж салгахад тун хэцүү болоод байна.

Эдний хооронд үнэхээр Бөхийн өргөөг хэн нь авах тэмцэл явдаг уу, допингийн асуудлаар залуу бөхчүүдийг дарамталдаг уу гэх зэргээс эхлээд цолны найраа гэгчийг үнэхээр зохион байгуулалттайгаар хийдэг үү гээд асуудал асар их байх шиг.

Хэрэлдэж, хагаралдаж буй хоёр талынхан оролцсон нэвтрүүлгийг харж байхад Бөхийн холбооныхон Бөхийн өргөөг Үл хөдлөхөд бүртгүүлж олон зуун сая төгрөг төлөхөөс хууль зөрчиж бултаж ирсэн гэх асуудал ч хөндөгдөөд байсан.

Мөн бөхийн энэхүү хэрүүлийг Монгол үндэстний доторх ястнуудын хоорондын тэмцэл болгон хувиргаж монголчуудыг хагаралдуулах санаархал ч цухалзаад байгаа нь харагддаг.

Ийм их асуудал дэгдээд буй энэ цагт Үндэсний бөхчүүдээ эв эед нь оруулахын тулд баруун Монголын алдарт тэмцэгч “Ард” хэмээн нэрлэгдсэн Аюуш, хошууныхаа засаг ноёе, ихэс лам нартай тэмцээд аль ч тал нь ялахгүй болохоор Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын засаг захиргаанаас “шахаа”-нд оруулдаг шиг зүйл хиймээр санагдана.

Гэхдээ Ард Аюушийнх шиг тэднийг янз бүрийн бохир зүйлсийн доогуур мөлхүүлэх нь ч хаашаа юм. Харин холбогдох бүх хууль хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол улсын хууль, тогтоомжийг хэн нь хэрхэн зөрчсөн болохыг эхлээд тогтоох ёстой.

Түүний дараа зарлиг гаргаж олгосон гавьяа шагнал, цол зэргийг хурааж авах эсэхийг Ерөнхийлөгч шийдэх хэрэгтэй. Ингэж байж л үндэсний бөх эв эеэ олж, зөв голдиролдоо орох нь тодорхой болж байна.

Г.Самбаа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх