Монгол улсын Засгийн газар 2018 оны 6-р сард 753.3 тэрбум төгрөгийн өр төллөө

2018-07-02 08:43      ГэрэгМН

Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөгийн өр төлбөр төлөх шаардлагатай.

Тэгвэл өнгөрсөн 6-р дугаар сард хамгийн өндөр ачаалалтай байж, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулаад байна.

Энэ удаа төлсөн өр нь дээр дурдсан нийт өр төлбөрийн 20 хувь нь ажээ. Засгийн газар энэхүү өрийг төлөхдөө төсөв, санхүүгийн үр ашигтай, оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадлаа хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлсэн.

Монгол улсын Засгийн газраас хугацаанд нь барагдуулсан өрийн тухай мэдээллийн дэлгэрэнгүй:

1. 6-р сард барагдуулсан гадаад өрийн хэмжээ:

-Хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 27.6 тэрбум төгрөг,
- 2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум төгрөг,

-2015 онд гаргасан 1 тэрбум юанийн Дим Сам бондын эцсийн төлбөрт 370.5 тэрбум төгрөг,

Бүгд: 459.9 тэрбум төгрөг.

2. 6-р сард барагдуулсан дотоод өрийн хэмжээ:

-Төсвийн алдагдал, Сайн малчин, сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд 293.4 тэрбум төгрөг

Бүгд: 293.4 тэрбум төгрөг

Нийт: 753.3 тэрбум төгрөг

Нийтдээ энэ сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж байгаа нь цагаар тооцвол Засгийн газар бүтэн сарын турш цаг тутамд нэг тэрбум төгрөгийн өр төлсөн гэсэн үг аж.

Ингэснээр 2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурч байгаа ажээ. Мөн 500 сая ам долларын Чингис бонд болон Дим Сам бондын төлбөрүүдийг бүрэн барагдуулаад байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх