Эко алт экспортлох ажлыг Монголбанк эхлүүллээ

2018-06-29 09:34      ГэрэгМН

Монголбанк экологийн цэвэр алт олборлох үйл ажиллагааг дэмжиж, Монгол Улсын валютын санг нэмэгдүүлэх зорилгоор энэ оноос Эко алтыг экспортлох ажлыг эхлүүлжээ.

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд шударга олборлолтын стандартыг бүрэн хангасан бичил уурхайчдын гар аргаар олборлон, баяжуулсан Эко алт олборлох үйл ажиллагааг Монголбанк дэмжиж буй юм.

Эко алт гэдэг нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулан бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг хэлж буй аж.

Мөн энэ үйл ажиллагаагаа гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулж үнэлгээ авч байх ёстой юм байна. Энэхүү үнэлгээг авсан тохиолдолд олборлосон 1кг алт тутамд 4000-6000 ам.долларын урамшууллыг олгодог аж.

Манай улсын хувьд улсдаа төдийгүй Азид анх удаа 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайчид, нөхөрлөл хоршоодыг дэмжин ажилладаг "Хувиараа Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих Холбоо" ТББ "Шударга Олборлолтын экологийн цэвэр алт үйлдвэрлэгч" ангилалд гэрчилгээ авчээ. 2016-2017 онд тус ТББ нь нийт 2 кг эко алт туршилтын журмаар экспортлон, кг тус бүрд 6000 ам долларын урамшуулал авсан байна. 
Шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлснээр бичил уурхайчид хариуцлагатай уурхайн олборлолт эрхлэх мэдлэгтэй болж, тогтмол ажлын байраар хангагдан, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой хэмээн үзэж буй аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх