Дэлхийн аварга Германы ичгүүр, хасагдсан ч баяртайгаар харих Солонгос

2018-06-28 08:22      ГэрэгМН

Өчигдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн сүүлчийн тойргийн тоглолт өчигдөр Казань хотын "Казань Арена"-д болж, Германы шигшээ багийг БНСУ-ын шигшээ баг хожсоноор дууслаа.

Тоглолтын үндсэн цаг өндөрлөж шүүгчийн мэдлийн 6 минут эхэлснээс хойш Өмнөд Солонгосын тоглогчид дараалан 2 гоол хийн хожлоо Тоглолтын 92 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг хамгаалагч Ким Юн Гвон Германы хаалганд хийсэн юм.

Шүүгч нар эхлээд уг гоолыг отон тоглолт гэж үзсэн ч дараа нь VAR видео системийг ашиглан шалгаад бөмбөг Германы хамгаалагчийн хөлнөөс дамжсан болохыг тогтоон гоолыг тооцлоо.

Германчууд довтолгоонд бүх хүчээ төвлөрүүлж, хаалгач Мануэл Нойер нь хүртэл урагшаа довтолгоонд дэмнэхээр орсон. Энэ цоорхойг ашиглан 96 дахь минутад Жү Се Жон алсын дамжуулалт өгснийг Өмнөд Солонгосын од Сон Хюн Мин Германы эзгүй хаалганд хийж чадсан.

Хэдийгээр Германчууд олон гоё довтолгоонуудыг Өмнөд Солонгосын хаалганд хийсэн боловч ганц нь ч гоол болж чадаагүй. Өмнөд Солонгосын хаалгач өчигдөр үнэхээр мундаг байлаа. Ийнхүү дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ баг хэсэгтээ хомоол хаман ичгүүртэйгээр нутаг буцлаа. 

Мөн Германы шигшээ баг 1938 оноос хойш анх удаа ДАШТ-ий нэгдүгээр шатны тоглолтоос хасагдаж байна. Нөгөө талаар ДАШТ-ий нэгдүгээр шатыг хэсгийн тоглолтын хэлбэрт шилжүүлснээс хойш тэдний анх удаа хасагдсан тохиолдол ажээ.

Харин Өмнөд Солонгосын шигшээ баг анхны хэсгийн шатнаасаа шалгарч чадаагүй хэдий ч Дэлхийн аварга Германыг хожин хамгийн чансаатай 3 оноог аван нутаг буцлаа..

С.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх