Дэлхийн Шим мандлын нөөц газарт Монголоос 6 газар бүртгэгдээд байна

2018-06-26 12:20      ГэрэгМН

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилго бүхий чуулга уулзалтыг өнөөдөр ГХЯ-наа зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд хөтөлбөрийн олон улсын мэргэжилтнүүд, үндэсний холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 80 орчим төлөөлөгчид оролцов.

Уулзалтын хүрээнд Дэлхийн геопаркуудын шилдэг туршлага, Монгол Улсын геологийн ач холбогдол бүхий газруудын талаар болон элсэн ороход шаардлагатай бүхий заалтуудыг бодлогын хэмжээнд тусгах талаар хэлэлцлээ.

Уулзалтыг нээн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан "Геологийн өвийг хадгалах, хамгаалах талаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан байдаг. Дэлхийн геопаркууд хөтөлбөр-ийг Монгол Улсад хэрэгжүүлснээр Монголыг зохир гадаадын жуулчид болон дотоодын жуулчдын тоо нэмэгдэнэ. Монгол орны биет, биет бус өвөөр дамжуулан аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх чухал уулзалт болж байна гэж харж байна.

ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд хөтөлбөр нь олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болон өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 38 орны нийт 130 газар бүртгэгдээд байна.

Монгол Улсын хувьд ЮНЕСКО-оос хэрэгжүүлдэг “Хүн ба шим мандал”, “Олон улсын усзүйн” хөтөлбөрүүдийг амжилттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд Шим мандлын нөөц газарт дараах 6 газрыг бүртгүүлээд байгаа билээ. 

1. Говийн Их Дархан цаазат газар (1991 он)

2. Увс нуурын ай сав газар (1997 он)

3. Богд Хан Уул (1997 он)

4. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (2002 он)

5. Дорнод Монголын тал газар (2005 он)

6. Монгол Дагуурын тал (2007 он)

Шим мандлын нөөц газрууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлдэг бол геопарк нь эдгээрийг илүү баяжуулж геологийн өвийг хамгаалахын сацуу тухайн газар нутагт амьдарч буй ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг онцлогтой юм".

Арга хэмжээний үеэр АМГТ-ны газрын орлогч дарга Энхжаргал “Улс орны маань хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийдэг геологич, судлаачид хүрэлцэн иржээ. Зөвхөн эрдэс баялгаа ашиглах бус геологийн тогтцыг хамгаалаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах нь бидний хойч үедээ үлдээж байгаа өв юм” гэж онцоллоо.

Уулзалтанд ЮНЕСКО-гийн Геологийн шинжлэх ухаан ба Геопаркийн хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Патрик Мак Кивер хүрэлцэн ирсэн бөгөөд “ ЮНЕСКО-д Геопаркийн тухай ойлголт нь маш шинэ ойлголт хэвээр байна. Эрдэс баялаг нь санхүүгийн эх үүсвэр болох ч бид үүнийгээ ашиглахын сацуу хадгалж, хамгаалах ёстой. Байгалийн нөөцөө бүрэн устгалгүйгээр хойш үедээ дамжуулах нь бидний хувьд маш том хариуцлага бүхий үйл хэрэг юм” гэлээ.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Рэгдул "Монгол Улсын хувьд геологи, ландшафтын онцгой тогтцууд өргөн тархалттай орон. Тэдгээр онцлог тогтцуудын судалгааг ч Монголын болон гадаадын судлаачид хамтран хангалттай хэмжээнд хийж гүйцэтгэсэн байна. Байгалийн нөөцийг хэрэглэх нь илүү эрчимжиж буй өнөө үед байгалийн нөөцийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандах нь зүйтэй билээ" гэв.

Г.Лхагва




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх