Жоомоо алах гээд байшингаа шатаах нь уу: МИАТ либералчлалд бэлэн биш байна

2018-06-25 08:10      ГэрэгМН

www.gereg.mn вэб сайт “Жоомоо алах гээд байшингаа шатаачих вий” нэртэй цувралыг эхлүүллээ. Эхний цувралын нэр:  Жоомоо алах гээд байшингаа шатаах нь уу: МИАТ либералчлалд бэлэн биш байна.

Өнөөдөр “либералчлал” хэмээх үг төрийн сайд, дарга нарын амнаас  ганцхан утгаар унаж буй  нь “Иргэний нисэхийн салбарыг либералчлах” тухай юм. Уг үгийн утга нь аливаа хоригийг цуцлах, элдэв  саадыг арилгах гэсэн утгатай. Иргэний нисэхийн салбарыг либералчилна гэдэг нь Монголоос гадагшаа, гаднаас Монголд нисэх гадаад, дотоодын нислэгийн компаниудад ямар нэг хязгаарлалт, хориг саад тавихаа болино гэсэн үг.

2013 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт  “Монгол Улс нь үндэсний  агаарын тээвэрлэгч компанитай байна” хэмээн зааж үндэсний  агаарын тээвэрлэгч нь “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хуулийн этгээд байна” хэмээн зааж, “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгосон байдаг.

Мөн МИАТ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон  удирдах түвшний ажилтны дийлэнх олонх нь Монгол Улсын иргэн байх заалтыг тусгажээ. Түүнчлэн дээрх бодлогын баримт бичгийн 3.8-д “... үндэсний агаарын тээвэрлэгчийн олон улсын үндсэн нислэгийн чиглэлд буюу Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байхаар зааж өгсөн.

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг ЭНД дарж уншина уу.

Тэгвэл У.Хүрэлсүхийн танхимын Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнийн ажлаа аваад амжуулахаар ханцуй шамласан томоохон нэг ажил нь иргэний нисэхийн салбарыг либералчлаад, дараа нь МИАТ-ын 49 хувийг хувьчлах. Либералчлал ба хувьчлал аль аль нь олон жил яригдсан боловч ажил хэрэг болоогүй өдий хүрсэн. У.Хүрэлсүхийн танхимын сайдууд нэг, нэг том ажил барьж аваад шуурхай  шийдээд явах зарчим барьж буй.Зам, тээврийн сайд Ж.Бат –Эрдэнийн тэр том ажил нь либералчлал ба хувьчлал бололтой.Тэрбээр агаарын тээврийг либералчлахын төлөө ханцуй шамлан “зодолдоно” гэж удаа дараа мэдэгдсэн. Гэхдээ  сайд  юуны төлөө яах гэж, бас хэнтэй “зодолдох” гээд байна вэ?

УИХ-аар хэлэлцэж эхэлсэн  төрийн өмчит томоохон компаниудын хувьчлалын жагсаалтад МИАТ орсон бөгөөд уг ТӨХК-ийн  49 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар тусгасан. Гэхдээ салбарын сайдын төлөвлөснөөр  бол  эхлээд иргэний нисэхийн салбарыг энэ онд либералчлаад, дараа нь МИАТ-ыг 2020 он гэхэд хувьчилсан байх юм.

Энэ 2018 ондоо багтаан  Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулж, юуны өмнө Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёрдогч тээвэрлэгчийг оруулахгүй байх заалтыг цуцална гэсэн үг. Үүнийг МИАТ-ыг дампууруулах бодлого хэмээн тус салбарынхны дийлэнх үзэж байгааг салбарын хүмүүс нь баталж байна. Учир нь МИАТ-ын  Сөүл, Бээжингийн чиглэл нь ашиг олдог хоёр чиглэл нь бөгөөд Европын нислэгийн алдагдлаа эндээс нөхдөг. Гэтэл эл хоёр чиглэлд хоёрдогч агаарын тээвэр буюу Солонгос, Хятадын авиа компаниудыг оруулахаар МИАТ одоогийн үнээ буулгахаас аргагүй болж, ашиг нь алдагдал болж хувирна гэсэн үг.

Агаарын тээврийг либералчлахын гол зорилго тийзний үнийг буулгаж, аялал жуулчлалын улиралд Монгол руу зорин ирэх урсгалыг чөлөөтэй болгох. Чухам энд л мөнөөх “Жоомоо алах гээд байшингаа шатаачих вий” хэмээх болгоомжлол төрж байгаа юм. “Аэро Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батмөнх энэ тухай ЭНД байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрбээр  “Аялал жуулчлалынхан л агаарын тээврийг либералчлаад өгөөч гэж дайрдаг. Үнэндээ бол аялал жуулчлалынхан өөрсдөө ажлаа сайн хийх хэрэгтэй. Өөрсдийн бурууг онгоцны үнэнд чихээд байж таарахгүй” гэжээ.

Үнэндээ агаарын тээврийн үнэ, аяллын тоо аялал жуулчлалд яг ингэж нөлөөлж байна гэсэн судалгаа алга. Европоос жуулчин авдаг цөөн компани л тийм юм ярьдаг гэх хүмүүс ч байна.

Либералчлалын дараа МИАТ Европ тийш “Туркиш Эйрлэнис”, Ази чиглэлд  “Асиана”, “Korean air”,”Air China” зэрэг аваргуудтай өрсөлдөж эхэлнэ. “Ийм том компаниудтай яаж өрсөлдөх вэ, хэцүү шүү дээ” гэж С.Батмөнх  ярьжээ.

“Туркиш Эйрлайнс”, “Эйр Астана” шиг 20 том компани Монголыг олон улстай холбох нислэг үйлдэх зөвшөөрлийг Монголын Засгийн газраас хүссэн байдаг тухай МИАТ-ийн экс захирал Т.Тамир ярьж байв. Тэрбээр мөн “МИАТ-ийн Европын зах зээл хамгийн их алдагдалтай буюу сүүлийн 10 жилийн хугацаанд 140 орчим сая долларыг Берлиний чиглэлээс алдсан. Гэвч  Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компани  гуравдагч хөрш рүү шууд нислэгтэй байх төрийн бодлогоор энэ чиглэлийн нислэгийг алдагдалтай ч үйлдсээр байна” гэж ЭНД ярьжээ.

2012 онд Европ чиглэлийн  нислэгийн зорчигчийн тоо оргилдоо буюу 125 мянгад хүрчээ.  2013 оноос “Туркиш Эйрлайнс”   орж ирснээр МИАТ-ийн ч, Аэрофлотын ч зах зээлд эзлэх хувийг унагачихсан гэнэ. Мөн оноос хойш Монгол, Европ чиглэлийн зорчигчийн тоо 125 мянгаас даваагүй аж.

Түүнчлэн  239 онгоцтой “Туркиш Эйрлайнс” жижиг загварын онгоцоор улс орнуудын агаарын тээврийн орон зайд либералчлалын далбаан дор ороод зах зээлийг нь эзэлж, үндэснийх нь компанийг дампууруулдаг тухай нисэхийн салбарын хүн бүр ярих аж. “Жишээ нь, Туркийн “Туркиш Эйрлайнс” маш хямдаар тухайн улс орны зах зээлийг эзлээд, дараа нь хүссэнээрээ үнээ нэмэх бодлогыг далдуураа барьдаг гэнэ. Америкийн “Лутханза”-гийн Европыг эзэлсэн түүх мөн иймэрхүү.

Өнөөдрийн хүчээ аван яригдаж буй либералчлалд БНСУ, Туркийн авиа компаниудын лообий хүчтэй орж ирж, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд уг лообийд автаад байгаа тухай ч  шивэр авир гэлцэж байна. Энэ лообийд УИХ-ын гишүүд хүртэл автаад байгаа гэх. “Яахав,  либералчилсны дараа хүмүүс хямд үнээр нисэх л байх.Гэхдээ 5,10 жилийн дараа үндэсний агаарын тээвэрлэгч компани ч үгүй, өндөр үнэтэй гадны онгоцоор л үйлчлүүлдэг болно” хэмээн нэрээ тавихыг хүсээгүй МИАТ-ын экс албан тушаалтан хэлэв.

Энэ бүхнээс  төр эхлээд “Монгол Улс ирээдүйд иргэний агаарын тээвэрт агаарын тээвэрлэгчтэй байх шаардлагатай юу” гэдэгт хариулт өгөх хэрэгтэй санагдана. Хэрвээ “Шаардлагагүй” гэвэл МИАТ-ыг бэлэн биш байхад либералчлалд хүчээр оруулдгаараа оруул.Үгүй бол хувьчлалын дараа либералчлалын тухай ярих хэрэгтэй ажээ.

“Либералчлалд  сөрөг тал байна уу, байна.  Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй агаарын тээвэрлэгчдэд нөлөөлнө. Гэхдээ бид уралдаанд түрүүлэх гэж байгаа бол өрсөлдөөнд орж байж түрүүлнэ үү гэхээс тойроод түрүүлнэ гэж байхгүй” хэмээн Эдийн засгийн форумын үеэр Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга хэлсэн юм. Гэвч 200 орчим тэрбум төгрөгийн өртэй үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ чинь өнөөдөртөө өрсөлдөөнд бэлэн биш байна. Хэрвээ МИАТ дампуурвал үүсэх нөхцөл байдлын талаар дараагийн цувралд өгүүлнэ.

Т.ҮЛЭМЖ (www.gereg.mn)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх